Төсвийн хүрээг шинэчлэн тогтоох шаардлагатай гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Төсвийн хүрээг шинэчлэн тогтоох шаардлагатай гэж үзжээ

Ерөнхийлөгч Төсвийн тухай хууль санаачиллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл санаачлаад байгаа юм. Хуулийн төсөлд дараах зүйлсийг тусгажээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дэх зарим төрлийн металлын үнийн өсөлтийн улмаас төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн билээ. Үүний улмаас төсвийн зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр богино хугацаанд хүрэлцээтэй байсан боловч нийгмийн шинжтэй зарлага хэт хурдацтай нэмэгдсэн. Энэ нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, инфляцын хүлээлт, импортын өсөлтийг бий болгох, дотоодын үйлдвэрлэл буурахад нөлөөлж, улмаар эдийн засгийн хэт халалт бий болох зэрэг сөрөг үр дагавар үүсгэснийг хуулийн төсөлд дурджээ. Ерөнхийлөгчийн үзэж буйгаар дээрх нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн хүрээг шинэчлэн тогтоох шаардлага гарсан байна. Тухайлбал, экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн таамаглал, шинээр ашиглаж эхлэх ашигт малтмалын орд газрууд, үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн хандлагад тулгуурлан төсвийн орлогын боломжийг тодорхойлох, улмаар нийт эдийн засагт үзүүлэх төсвийн зарлагын нөлөөлөл, мөнгө болон сангийн бодлогын уялдааг хангах замаар төсвийн алдагдлын зорилтот төвшин, зарлагын хэмжээг шинэ зарчмаар тооцоолох шаардлага гарчээ. Мөн дэлхийн санхүүгийн зах зээл дээрх хямрал, төсвийн орлогын бууралт нь төсвийн тогтолцооны үр ашигтай байдлыг дээшлүүлэх чиглэлээр өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагыг зүй ёсоор бий болгож байна хэмээн үзжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хоёр гол хуулийг нэгтгэсэн байдлаар шинэчлэн найруулга хийх нь нэгдүгээрт, төсвийн тогтолцооны шинэчлэл хийх суурь асуудлуудад иж бүрэн, нэгдмэл, системтэй байдлаар хандаж, хэрэгжүүлэхэд дөхөмтэй болгох, хоёрдугаарт, төсвийн органик нэгдмэл байдлыг хангах замаар хариуцлагатай, үр ашигтай төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт болон хяналтын системийг бий болгох ач холбогдолтой юм гэж төсөлд дурдсан байна.
Төсвийн тухай хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын төсвийн эрх зүйн орчин бусад улс орны төсвийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн нэгэн адил ойлгомжтой, системтэй болж төсөв боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих үе шатанд холбогдох этгээдийнн үүрэг хариуцлага сайжирч төсвийн сахилга бат дээшилнэ. Мөн хуулийн төсөлд тусгасан дунд хугацааны хөтөлбөрийн төлөвлөлтийг хэрэгжүүлсэнээр Засгийн газрын бодлого үйл ажиллагааг үр дүнтэй санхүүжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж