Хаврын бүтээн байгуулалт АН-ын шалгуур гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Хаврын бүтээн байгуулалт АН-ын шалгуур гэв

Ардчилсан намын ээлжит 4:11 уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтад тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, НИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцлоо. Ардчилсан намын хувьд үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор намын үндсэн дүрмийн шинэчлэх зорилгоор намын анхан шатны нэгжүүд дунд хэлэлцүүлэг өрнүүлж эхлээд байгаа. Дүрмийн шинэчлэлийн хүрээнд ардчилсан намын бүх шатанд улс төрийн тэгш өрсөлдөөн, иргэдийн итгэл, саналыг авсан бол түүндээ дүйх улс төрийн оролцоотой байх зэрэг давуу боломжууд бий болох гэнэ. Мөн намын хэвтээ бүтцэд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага дүрмийн шинэчлэлээс урган гарч байгаа тухай онцолж байна.
Харин НИТХ-ын дарга Д.Баттулга энэ хаврын бүтээн байгуулалт бол АН-ын үйл ажиллагааны томоохон шалгуур болохыг онцоллоо.

Тухайлбал, нийслэлд энэ жил томоохон замуудад засвар хийнэ. Нийт 48 замын ажил тусгагдсан. Гэхдээ зам засах нэрээр удаан хугацаанд зам хаахгүй гэнэ.  Тухайлбал, Зүүн дөрвөн замаас Баянзүрхийн гол зам, Сэлх орчмын төв замыг засна. Бусад нь жижиг хэмжээний богино хугацаанд засах замууд аж. Мөн нийслэлд нэвтрэх боломжгүй болгосон 98 гудамж байгаа аж. Үүнийг нээх, зөв төлөвлөлтийн горимд нь оруулах ажлыг яаравчлан хийхээ мэдэгдлээ. Энэ бүгдийг асар богино хугацаанд цэгцэлбэл хотын замын түгжрэлийг 25 хувиар бууруулах боломжтой аж.

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчид тэднээс дараах асуултад хариулт авсан юм.

-Удахгүй УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлана. Танай намын хувьд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх болов уу гэсэн хүлээлт бий. Гэхдээ өөр нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүн бий юу. Үндэсний зөвлөлдөх хороо хэзээ хуралдах вэ?

Ц.Оюундарь: -УИХ хуулийн дагуу сонгууль товлон зарлах өдрийг сонгууль болохоос 65 хоногийн өмнө зарлах ёстой. Одоогоор зарлаагүй байгаа болохоор тодорхой хугацааны дараа нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа явуулдаг. Урьдчилсан байдлаар ирэх сарын 2-11-ний өдрүүдэд нэр дэвшилт болно. Тэгэхээр энэ хороонд Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах учиртай. Нэр дэвшигчийг ямар шалгуураар хардаг вэ гэдгийг та бүхэн төсөөлж байгаа байх. Мэдээж “Би дэвшмээр байна” гэсэн болгоныг авч үзэхгүй. Хуульд заасан болон Ардчилсан намд бас өөрийн гэсэн шалгуур шаардлагууд бий. Хамгийн нэгдүгээрт, өнгөрсөн хугацаанд ажлаа хэр хийсэн бэ гэдгийг нь харна. Өнгөрсөн хугацаанд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшиж гарахдаа амлаж байсан, дэвшүүлж байсан хөтөлбөрөө хангалттай сайн биелүүлсэн гэсэн дүн байгаа. Хэдийгээр төрийн тэргүүнд өмнөх Засгийн газрын үед ажиллах бололцоо хомс байсан ч иргэндээ хандсан, шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн, шүүхийн шинэчлэлийн төлөө зорьсон маш олон ажил санаачилсан. Мөн “Иргэний танхим” гэсэн бүтцийг бий болгож идэвхтэй ажиллууллаа. Бүх ажлаа иргэдээсээ асууж байж хийж байгаа. Энэ бүхэн бол хувьсгалын шинжтэй өөрчлөлтүүд. Тэгэхээр төрийн тэргүүн үүргээ хангалттай биелүүлж чадсан гэж үзэж байгаа.

-МАХН-ын хувьд танай намтай хамтарсан Засгийн газрын үед гэрээ байгуулсан. Гэрээнд хүлээсэн үүрэг ёсоор бол аливаа сонгуульд дэмжинэ гэсэн байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ асуудал хэрхэх бол?

Д.Баттулга:-Засгийн газрыг байгуулсан субьектүүдийн хоорондын гэрээнд “Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субъект болж оролцоно” гэсэн заалт бий. Тэр заалтаа эвслийнхэн анхаарч байгаа гэж бодож байна.

-Увс аймгаас нэр дэвшсэн МАН-ын хоёр гишүүний мөнгө тараасан асуудлыг шүүхээр шийдлээ. Үүнд Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Шүүхийн шийдвэрт байр суурь илэрхийлж, тайлбарлахгүй. Шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөх ёстой. Энэ аксиомыг хэдүүлээ бас бодоцгооё.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж