Германы Берлин хотын төвд орших төмөр замын буудлаас холгүй газар доороос дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй агаарын бөмбөг олджээ. Германы албаныхны мэдээлснээр Берлин хотын төвийн төмөр замын буудлын галт тэрэгний замаас ердөө хоёр метрийн зайтай газар доороос 100 кг жинтэй агаарын бөмбөгийг олсон байна. Энэхүү бөмбөг нь ЗХУ-д үйлдвэрлэсэн агаарын бөмбөг байсан аж. Германы албаныхны зүгээс тусгай мэргэжилтнүүд бөмбөгийг цэнэггүй болгох ажиллагааг эхлэхийн өмнө оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 45 мянган хүнийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн “CNN”-ийн мэдээлснээр Германы мэргэжилтнүүд дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгийг цэнэггүй болгоход 25 минут зарцуулсан байна. Германы нэгэн мэргэжилтний мэдэгдсэнээр энэхүү бөмбөг дэлбэрсэн тохиолдолд 3-4 метрийн өргөн, 3 метрийн гүн нүх үүсгэх байсан аж.
Германд дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдох нь цөөнгүй бөгөөд үүнээс өмнө өнгөрсөн наймдугаар сард Германы Мюнхен хотын төв хэсгээс 250 кг бөмбөг олдож байсан юм. Германы албаныхны зүгээс энэхүү бөмбөгийг газар дээр нь дэлбэлж аюулгүй болгохоос өөр аргагүй байсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас ойр орчмын байшин барилгууд эвдэрч сүйдсэн байна.
Б.АНХТУЯА