Их Эзэн хааны театр үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Их Эзэн хааны театр үүдээ нээлээ

Монголын сонгодог урлагт шинэ өнгө төрх нэмсэн “Их Эзэн хааны театр” мэндэллээ. Үндэсний урлаг, сонгодог урлаг, циркийн урлагийг нэгтгэсэн цоо шинэ уг театр өчигдөр ДБЭТ-ын тайзнаа “ROYAL” бүжгэн жүжгээрээ нээлтээ хийсэн юм. Хагас зууны түүхт Монголын сонгодог урлагийн театрын алтан тайзнаа анхны тоглолтоо хүргэсэн тэд Их Эзэн хааны нэрээрээ нэрлэсэн ч учиртай гэнэ. Сүүлийн жилүүдэд Эзэн хааныхаа нэрээрээ сархадаас эхлээд элдвийг нэрлэх болсонд залуу уран бүтээлчид эгдүүцэн ийнхүү сонгодог урлагт Их эзнийхээ нэрийг дуурсгах мөнхлөхөөр анхны алхамаа маш амжилттай хийлээ.

Сонгодог модерн бүжгийн үдшийг онцгой, өвөрмөц байлгахаар зэхсэн уг тоглолт хоёр хэсгээс бүрдсэн юм. Эхний хэсэгт дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөлсөн алдарт “Дон Кихот”, “Жизель”, “Косар” зэрэг зургаан балетын гоцлолуудыг балетын гоцлоочид үзэгчдийн хүртээл болгосон юм. ХБК-оос балетын бүжигчин болох гараагаа эхэлж байсан тэд өнөөдөр сонгодог урлагийн эрхэм багш, үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээ тайлагнан ямархан театр нээгээд буйгаа сонирхуулсан бөгөөд үзэгчид тоглолтын турш тэдэнд халуун алга ташилт илгээн “браво” хэмээх уухайлах дуу тасраагүй юм.

“Обер” сонгодог па дэ дэгээр “Их Эзэн хааны театр”-ын нээлтийн бүжгийн салхийг хагалан бүжигчин А.Эрдэнэболд, Т.Энх-Уянга нар тайз эзэгнэн бүжсэн.  Гоцлооч Б.Төгөлдөр “Баядера” балетын гоцлолыг үзэгчдийн алга ташилт дунд гайхалтай дүүлэн нисч маш чадварлагаар үзүүлсэн бол бүжигчин Э.Бэхтулга Г.Энхсувд нар “Корсар” балетын па дэ дэг бүжин дорноор аялуулсан. Бүжигчдийн ур чадварын хувьд үнэхээр алга ташим гайхалтай нарийн гүйцэтгэл сайтай байсныг дурдах хэрэгтэй бол уу.

Харин дараагийн сонгодогийн гоцлолыг БНСУ-ын “И Вон Куг” балетын компанийн гоцлол бүжигчин “Их Эзэн хааны театр”-ын захирал, балетмейстер Д.Дашлхагвын шавь Ц.Цолмонбаатар болон тус балетын компанийн гоцлооч Пак Юн Жин нар “Жизель” балетын гоцлолд бүжсэн. БНСУ-ын балетын гоцлооч Пак Юн Жин ядуу тариачин Жизель бүсгүйн сүнс болон бүждэг энэ л хэсгийг тайзнаа гайхалтай амьдруулан дүүлэн ниссэн. Тэрээр яг л сүнс ийм л байдаг болов уу гэмээр хүйтэн цонхигор, гуниг, харуусал тээн бүжихэд харц нь ч бараг хөлдчихсөн юм уу гэлтэй үл хувирна. Энэ хэсгийн дараа үзэгчид өөр хоорондоо “түүнийг Жизельд бүжээд эхэлсэн чинь нуруугаар хүйт даагаад ямар их өрөвдөв өө, гайхалтай дүрдээ ордог бүсгүй вэ”, “Азиуд болохоор бие хаагаараа манай балетын гоцлоочидтой адилхан юм аа, тэд нар маань ч мундаг шүү, Цолмон гавьяат энэ дүрийг чадварлаг амьдруулдаг” хэмээн ярилцах нь сонсогдсон юм.  Тэд энэ л тайзнаа гайхалтай хослон бүжсэн.

Түүний араас “Диана-Актион” балетын гоцлол, “Дон Кихот”-ын па дэ дэгээр бүжигчид үзэгчдэд эрч хүч, сүрийг мэдрүүлсэн юм. Тоглолт түр завсарлан хоёрдугаар хэсгээ эхлүүлсэн юм.

Энэ бол “Амьдрал-Зүүд” модерн бүжиг байлаа. Толгой эргэн бухимдал тээсэн хүнд аялгуу тайзнаа эгшиглэн хар фонн дээр бүжигчин залуу улаан дөрвөлжин барин өөрийн байгаа бүхэндээ бухимдан буйгаа бүжгээр илэрхийллээ. Үнэхээр хүний амьдрал амьдарч буй нийгмийнх нь хар бараан бүхэн давамгайлаад эхлэвэл ингэж их бухимдан шаналдаг бол уу гэмээр тэр үйл хөдлөл үйлдэл бүрээрээ үзэн ядалт, хорсол, шаналал, уураа тээн бүжнэ. Түүнийг ийн бүжин шаналж байхад хажуугаар нь зөрөн өнгөрсөн залуус анхны харцаар л дурлалцан хайр дурлалдаа шатан дүүлэн ниснэ. Харин тэдний дэргэд шархалсан зүрхтэй залуу гомдол, харууслаа тээн гуниглах ч тэрээр энэ бүхний эцэст амьдрал өөрөө ямар баялаг, сайхан болохыг мэдрэн илүү ихэд дурлан хуучнаа мартана. Түүнийг шархлуулсан бүсгүй араас нь ирэн уучлал гуйн зүүгддэг ч тэр аз жаргалтайгаар инээмсэглэсээр урагш тэмүүлэн одно. Харин өнөөх бүсгүй нүглээ наминчлахаар ариун номын орон ламхай нарын зорьдог нь нүгэлт орчлонгийн үйлийн үрийг давтсаар.

Модерн жүжгийн үйл явдал бүхэн өөр нэгэнтэйгээ холбогдон цааш үргэлжлэхдээ хар цагаан сүлэлдэн байдаг хорвоог бүжгээр илэрхийлэн төгсдөг. Энэ модерн бүжгийн нэгэн онцлог гэвэл дан дуутай, драмчилсан хэсэг бүрийн уялдаа холбоо нарийн сайн өөр хоорондоо зөрүүтэй сайн холбогдсон байснаас гадна аягүй болон танхим дүүрэн найраглал унших бүсгүйн үг бүрийг үйлдлээрээ илэрхийлэн гаргаж байсан ч өөрийн эрхгүй сонирхол татсан юм. Их эзэн хааны театрын уран бүтээлчид нэгэн шинэ модерн бүжгэн жүжгийг ийнхүү  чөлөөт орчинд бүжгийн гайхалтай хөдөлгөөнүүдийг энгийнээр уялдуулан өгүүлэмж, дүрслэлтэйгээр үзэгчддээ хүргэсэн юм.

Уг модерн бүжгэн жүжгийг “Их Эзэн хааны театр”-ын захирал, балетмейстер Д.Дашлхагва, Д.Урианхай гуайн зохиолоор дэглэн найруулж, бүжигчин Г.Ариунболд, А.Эрдэнэболд, Б.Төгөлдөр, Э.Бэхтулга, Г.Пүрэвцэрэн, С.Уянга, Т.Энх-Уянга, Г.Энхсувд нар тайзнаа амилууллаа. Тус театрын уран бүтээлчид бүжиг дэглэлтдээ гар бие оролцон тайзнаа өмсөн бүжсэн модерн бүжгийн хувцсыг өөрсдөө урласан гээд тэднээр бахархах зүйл олон байлаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж