Геологи, уул уурхайн салбарынхныг дэмжих хэлэлцээр хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Геологи, уул уурхайн салбарынхныг дэмжих хэлэлцээр хийлээ

Монголын экспортын 90 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байгаа. Улсад уул уурхай л ашиг оруулж байхад энэ салбарт ажилладаг дарга бус, хөдөлмөрөөрөө амьдардаг  хүмүүсийн нийгмийн асуудал, цалин хөлс хэцүүхэн. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр өнөөдөр Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчдын төлөөлөл хамтран Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны “тариф”-ын хэлэлцээрийг хийлээ. Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллыг хамгаалах үндэсний стандартуудыг ажил олгогчид үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ажилтнуудын төлөөлөл болсон үйлдвэрчний эвлэл санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төр засгаас энэ асуудлыг бодлогоор дэмжих гурван талын оролцоог бүрдүүлж байгаа ажээ. Энэ талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаагаас тодрууллаа.

-Уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангана, цалин хөлсийг, нийгмийн хамгааллыг сайн шийднэ гэж олон жил ярьсан. Хэлэлцээр хийснээр бодит ямар ажлыг хийх вэ?

-Хэлэлцээрт Уул уурхайн салбарт ажиллагсдын цалинг тодорхой хэмжээнээс доош нь оруулж болохгүй гэдэг заалтыг оруулж ирж байна. Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн халамжийг шийдэхдээ MNS OHSAS 18001 удирдлагын тогтолцооны үндэсний стандартыг нарийн мөрдөхөөр боллоо. Энэ стандарт нь нэлээд том тогтолцоо л доо. Удирдлагын тогтолцоо гэдгээрээ ажил олгогчдод хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаас нь тусгасан байгаа. Ингээд хэлэлцээрийн үзэл баримтлалыг компанийн эзэмшлийн статусаас үл хамаарах буюу төрийн, хувийн хэвшлийн компаниуд том, жижгээсээ шалтгаалж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ёстой.

-Салбарын хэмжээнд гээд том стандарт гаргачихдаг. Гэтэл цөөн ажилтантай компаниуд хөдөлмөрийн стандарыг хэрхэн биелүүлж чадах бол. Энэ талаас нь хэрхэн анхаарах вэ?

-Жишээ нь 20 хүнтэй алтны үйлдвэр байлаа гэж бодъё. Тэнд Үйлдвэрчний эвлэлийн хороо байхгүй бол ажилтнуудыг дэмжих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг дэмжих хууль дүрэм хэрэгжиж чадахгүй. Удаан хугацаанд тогтвортой ажилласан компанид л Үйлдвэрчний эвлэлийн хороо байдаг шүү дээ. Тэгэхээр бодит байдал дээр жижиг, дунд үйлдвэрүүдийн хувьд том стандарт хэрэгжих боломж байдаггүй ч бид энэ талаас нь анхаарахаар гурван талын хэлэлцээр байгуулж байгаа юм.

-Уул уурхайн салбартаа ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин хөлсийг бодитоор яаж шийдэх юм бэ?

-Ер нь сүүлийн жилүүдэд салбар бүр өөрсдийн цалингийн хэмжээгээ тогтоож байна. Геологи, уул уурхайн салбарын хувьд, хоёр жилийн өмнө баталж байсан цалингийн доод хэмжээг 140.400 төгрөгийг салбарын хэмжээнд 1.5 дахин нэмэгдүүлж цалинжуулж байсан юм. Одоо үндэсний хэмжээнд цалингийн доод хэмжээг дахин шинэчлэн тогтоохоор ярилцаж байгаа. Ингээд цалингийн доод хэмжээ тодорхой болж, ямар ч мөнгөн дүн зарласан түүнээс хоёр дахин илүүгээр хөдөлмөрийн хөлсөө салбарын хэмжээнд тогтоох тухай бидний байгуулсан гурван талт хэлэлцээрт тусгасан. Өөрөөр хэлбэл 2014 он хүртэл хэрэгжих гурван талт хэлэлцээрээр улс даяар мөрдөх цалингийн доод хэмжээнээс хоёр дахин илүүг уул уурхайчиддаа өгнө гэж хэлж болно. Ямар ч байсан том, жижиг хамаарахгүйгээр компаниуд ажилтнуудынхаа цалинг шударгаар тооцдог байх хэрэгтэй. Ижил албан тушаалд, ижил хөдөлмөрт адилхан л цалин хөлс олгодог байх ёстой.

-Хэлэлцээрийн биелэлтийг хэрхэн хянах вэ?

-Жилд хоёр удаа энэ гурван талт гэрээг хийсэн төлөөлөгч нар уулзаж биелэлтийг ярилцаж, хянаж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж