Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд
хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 4-р
сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 25 нэрийн
барааны үнэ тогтвортой, 7 нэрийн барааны үнэ буурсан, 3 барааны үнэ
өсчээ. Махны үнэ 2013 оны 4-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг кг
мах дунджаар 7729 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8486
төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой
харьцуулахад 0.2 хувиар буюу 14 төгрөгөөр буурч, үхрийн цул махны үнэ
0.3 хувиар буюу 28 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар
үхрийн мах “Хүчит Шонхор”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу
7800 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500
төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад
0.2 хувиар буюу 14 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ 0.4
хувиар буюу 33 төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар
хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7000
төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9200
төгрөгөөр худалдаалж байна. Харин гурилын үнэ 2013 оны 4-р сарын 1-р
долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд
зэрэг нь 930-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх
500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван
эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар
буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ
930-аас 1000 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг
кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 930 төгрөг, 1-р зэргийн гурил 650
төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж