С.Баярцогт: Би хариуцлагаа хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

С.Баярцогт: Би хариуцлагаа хүлээнэ


УИХ-ын дэд дарга С.Баярцогт өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг мэдээллээрээ Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо /The International Consortium of Investigative Journalists or ICIJ/ -ноос түүнийг “Швейцарийн банкинд нууц данстай, түүнд нь 1 сая гаруй ам.доллар байршиж байгаа” хэмээн мэдээлсэнтэй холбогдуулан тайлбар хийсэн юм. Тэрээр Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбооны сэтгүүлчийн асуултад хариулж, ярилцлага өгсөн нь үнэн боловч, энэ мэдээллийг гадаадын хэвлэлүүдээр гаргахдаа бодит байдлаас зөрүүтэйгээр мэдээлсэн байна. Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт доорх тайлбарыг хийлээ. 

-Намайг олон улсын хуралд оролцоод буцаж явах үед (04.01-02-нд) Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбооны тэргүүнээс надад парламентын И-майлээр захидал ирсэн. Швейцарьт таны нэртэй компани гарч ирсэн байна, энэ талаараа мэдээлэл өгнө үү гэж. Тэр үед би Вашингтоноор дайрч таарсан учраас өөрөө очиж уулзаад тайлбараа өгсөн. Миний нэр дээр бүртгэлтэй Legend Plus Capital Limited нэртэй компани бий, 2008 оны тавдугаар сард 3-4 найзынхаа хамт байгуулсан. Тэр үед УИХ-ын сонгууль болоогүй, би Сангийн сайд болох талаар ямар ч төсөөлөлгүй байсан үе. Засгийн газар 2008 оны аравдугаар сард байгуулагдсан, Оюутолгойн гэрээг байгуулах үйл явц 2009 оны долдугаар сараас эхэлсэн байдаг. Тийм учраас энэ компани нь миний 2008-2012 онд хашиж байсан албан тушаалтай хамаагүй гэдгийг хэлье.

Одоогийн байдлаар энэ компанийн дансанд 1658 евро буюу монгол мөнгөөр 3 сая орчим төгрөг байгаа. Энэ мөнгийг би ХОМ-ийнхээ орлого талд Монголд бүртгэлтэй гурван компанийнхаа орлоготой хамтад нь мэдүүлээд явдаг. Миний алдаа бол энэ компанийнхаа нэрийг ХОМ-тээ мэдүүлээгүй явдал. Гэхдээ компанийнхаа нэрийг мэдүүлээгүй ч гэсэн дансан дахь мөнгийг нь монгол компанийнхаа нэр дээр бүртгүүлж байсан. Гэхдээ би алдаа гаргасан уу, гаргасан. Тийм учраас хуульд заасан хариуцлагаа хүлээхэд бэлэн. Энэ асуудлаар би өөрөө УИХ-ын даргатай ярьсан. УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Английн сэтгүүл дээр таныг Швейцарийн банкинд нэг сая ам.доллартай гэж бичсэн шүү дээ? Хоёрдугаарт, та хариуцлага хүлээнэ гэлээ. Яг ямар хариуцлагын тухай ярьж байна вэ? Гуравдугаарт,  Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нөгөө талаас ийм асуудал босгож байж магадгүй. Та энэ талаар юу бодож байна?

-Нэг сая ам.долларын тухайд буруу мэдээлсэн байна лээ. Сэтгүүлч надаас “Энэ компанийн дансанд хамгийн ихдээ хэдэн доллар байсан бэ” гэж асуусан. Би  “Хамгийн ихдээ нэг сая орчим ам.доллар байсан” гэж л хариулсан. Санаатай болон санамсаргүйгээр буруу мэдээлсэн эсэхийг нь би мэдэхгүй. Одоо энэ компанийн дансанд байгаа мөнгө бол монгол төгрөгөөр гурван сая орчим л төгрөг шүү дээ.

-Энэ компанийг ямар зорилгоор байгуулсан юм бэ?

-2006, 2007, 2008 онд эдийн засаг өсөлттэй байсан. Манай найз нарын компаниуд харьцангуй ашигтай ажиллаж байсан үе. Тиймээс бид ярилцаад хувьцааны бизнест оролцох зорилгоор мөнгө төвлөрүүлээд байсан юм. Гэтэл УИХ-ын сонгуулийн дараа 2008 оны аравдугаар сард би Сангийн сайдаар томилогдсон. Компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болчихоод байж байтал эдийн засгийн хямрал ч залгаад, найз нар маань ч компанийн дансанд төвлөрүүлсэн мөнгөө өөрсдөө буцааж авч хэрэглэхээс өөр аргагүй болсон. Тийм учраас энэ компани өнгөрсөн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Зүгээр л банкинд хадгалагдаж байгаа харилцах данс л гэсэн үг.

Хариуцлага хүлээх тухайд бол Авлигатай тэмцэх хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ санамсаргүй болон санаатайгаар ямар нэг хөрөнгө, орлогоо мэдүүлэлгүй орхигдуулсан, нуун дарагдуулсан бол тухайн байгууллага нь арга хэмжээ авах ёстой. Тийм учраас би энэ компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АТГ-т хүргүүлж байгаа. УИХ-ын даргад ч бас “Хариуцлага хүлээхэд бэлэн” гэдгээ хэлсэн. Би Шинэчлэлийн Засгийн газрын нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх ажлыг бүх талаар дэмжиж байгаа. Тийм учраас бусдад ч гэсэн үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэж бодож байна. Гуравдугаар асуултын тухайд би мэдэхгүй, тэгж бодохгүй байна.

-Та хамтран компани байгуулсан найз нарынхаа нэрийг хэлж болох уу. Танай найз нар нэг сая ам.долларыг тухайн данс руу татан төвлөрүүлэхдээ Монгол Улсад татвар төлсөн болов уу?

-Тэдний нэрийг холбогдох байгууллагад нь хэлж болно. Татвараа бол мэдээж төлсөн байх гэж бодож байна.

-Та яг ямар шалтгаанаар ХОМ-тээ компаниа бүртгүүлээгүй юм бэ?

-Тухайн үедээ харьцангуй мэдлэг багатай байсан гэх үү, хэтэрхий бага мөнгө учраас монгол төгрөг дээр шилжүүлээд орлогыг нь мэдүүлээд явахад болох байх л гэж бодсон.

-Та гадаадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би өөртөө санаа зовохгүй байна, гэр бүлдээ санаа зовж байна. Би огцорч магадгүй” гэдэг байр суурь илэрхийлчихэж. Энэ нөхцөл байдлаас болж та өөрийгөө УИХ-ын дэд даргаас огцрох магадлалтай гэж бодож байна уу?

-Ёс суртахууны хувьд хариуцлага хүлээх ёстой гэж бодож байгаа. Хуулийн дагуу асуудалд хандана, УИХ шийдвэрээ гаргана. Хуулинд заасан хариуцлага бол нэгдүгээрт сануулах, хоёрдугаарт торгууль тавих, гуравдугаарт албан тушаалаас бууруулах, дөрөвдүгээрт албан тушаалаас нь чөлөөлөх гэж байгаа. Сануулах арга хэмжээ авлаа гэхэд хүмүүст таалагдахгүй. Торгууль тавилаа гэхэд цалингийн 20 хувь шүү дээ. Бас л хүмүүст таалагдахгүй. Тэгэхээр сүүлийн хоёр хариуцлагын нэгийг л ярих байх даа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж