МСҮТ-д суралцагчид Улаанбаатар хотноо цугларчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

МСҮТ-д суралцагчид Улаанбаатар хотноо цугларчээ

Хөдөлмөрийн яамнаас ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн эхний ээлжийн 4827 суралцагчид танхимын сургалтаа дуусгаж, дадлагын хичээлдээ орох болсон энэ үед хоёрдугаар ээлжийн суралцагчид хичээлдээ орох болжээ. Тиймээс эхний ээлжийн танхимын сургалтын төгсөлт, хоёрдугаар ээлжийн хичээлийн нээлтийг Хөдөлмөрийн яамнаас нэгдсэн арга хэмжээ болгон энэ амралтын өдрүүдэд “Буянт ухаа” спорт цогцолборт зохион байгуулахаар ажилдаа орсон байна. Тус арга хэмжээний хүрээнд хот, хөдөөгийн 50 МСҮТ-д суралцаж байгаа бүх суралцагчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа юм.

Өглөөний байдлаар хөдөө орон нутгийн 33 МСҮТ-өөс 3340 суралцагч нийслэлд ирээд байгаа бөгөөд өнөөдөр эдгээр суралцагчид үндэсний томоохон үйлдвэрийн газруудтай танилцаж, Төрийн түүхийн музейг сонирхлоо. Харин маргааш “Буянт ухаа” спорт цогцолборт болох нэгдсэн арга хэмжээнд оролцон, Сүхбаатарын талбайд болох өдөрлөгт оролцох юм байна.

Засгийн газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд ихэд анхаарч, цаашид монгол орныхоо бүтээн байгуулалтын гол хүч нь монгол хүн өөрөө гэсэн ойлголтыг суралцагчдад олгох зорилготойгоор тус арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Тиймээс энэ жилийн хувьд 6600 мэргэжилтэй ажилтан бэлтгэж, ажлын байртай, ажилтай орлоготой болгох зорилготой тус хөтөлбөр ийнхүү амжилттай зохион байгуулагдаж, хоёрдугаар ээлжийн суралцагчидаа хүлээн авахад бэлэн болжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж