
Салбарын сайд нь яриан дундаа хугарсан далавч нь долоохон см жаахан гэмтэл юм байна лээ гэж “эвийлж”, Төрийн өмчийн хорооны дарга нь иймэрхүү “бослого тэмцэл” өмнө нь зургаан удаа гарч байсан гэж бувтнах. Саяхан гэхэд өнгөрсөн гуравдугаар сард “Цалингаа нэм” гэсэн шаардлага тавьж, Улаанбаатар-Берлиний нислэгийг нэг цаг гаруй саатуулж байж. Үүнийг жижиг зөрчил гэж тооцдог юм байна, манай ”МИАТ”-д. Ийм байгууллагад хүн итгэж болох уу?
Монгол Улсад иргэний нисэхийн салбар байгуулагдсаны 85 жилийн ойн баярын өдрийн өглөө онгоц “барьцааллаа”, техникийн газрын дарга байгаа ганц онгоцоо засварын газраа цоожлоод зугтаасан гэнэ ээ гэсэн жүжиг эхэлсэн нь дэлхийн түүхэнд хамгийн сонин тохиолдол гэмээр. Гэвч энэ бол инээх зүйл огт биш, хөл толгой нь олдохоо байсан замбараагүй Монголын үнэн дүр зургийг харуулсан, айдас хүрэм үйл явдал байлаа. Сандал ширээгээ булаацалдаж дажин дэгдээдэг үйл явдлуудын жишиг ёсоор талууд шил дараалан хэвлэлийн бага хурал зарлацгааж, хэн чанга дуугарсан нь зөвдөх мэт аашилцгаав.
Эсрэг тэсрэг тайлбарууд
Ажиллагсад:
-Дарга нарын 18 ч хүрээгүй хүүхдүүд онгоц жолоодож байна”
Нисэх багийнхан:
-Манайд 20-иос дээш насны 16000-20000 нислэгийн цаг хийсэн туршлагатай 30 нисгэгч байгаа
Ажиллагсад:
-106 хүнийг ажлаас халчихаад байна
Удирдлага:
-96 хүн ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Өргөдөл өгсөн хүн нэг бүртэй уулзаж, саналыг нь сонсч асуудлыг нь шийднэ.
Техникийн газрын ерөнхий менежер Ё.Энхтөр:
-Би онгоц барьцаалаагүй. Намайг ажлаас халж, Техникийн газрыг татан буулгасан учраас онгоц нисэх зөвшөөрөлд гарын үсэг зурах хүнгүй болсон.
Удирдлага:
-Ё.Энхтөрийг албан ёсоор ажлаас халсан талаар мэдэгдээгүй байсан.
Ажиллагсад:
-Сүүлийн нэг сард гурван удаа зөрчил гарч, өмнө нь даргаар ажиллаж байсан н.Энх-Амгалангийн хүүхэд нь Бээжинд хатуу /ослын/ буулт хийсэн.
Нисэх багийнхан:
-Энэ буулт онгоц эвдэх хэмжээнд хүрээгүй.
Хэн, хэнийх нь үг үйлдэл 100 хувь итгэхэд бэрх, хэнийх нь тал руу үнэн хазайж байгааг ялгах ч арга алга өнөөхөндөө. Гэхдээ үүгээр “МИАТ” хэмээх төрийн нэрээр балгалзаж байдаг айлын дотор бугласан идээ бээрийн нэгээхэн хэсгийг ил гаргав. Хэчнээн жил “МИАТ”-ын ил далд луйврыг ярив. Хэчнээн жил үүнээс илүү сайн ажиллаж болох компани гэж бид гаслав. Одоо л идээ бээр нь өөрийн эрхгүй сад тавьж байгаа дээр нь цэвэрлээд авах ёстой бус уу.
Ерөөс энэ компанийн талаар сайн мэдээлэл сонсогдож байсан нь ховор үе үеийн эрх баригчдын мөнгө сэлбэх нөөц халаас, хүмүүсээ “шахах” нуувч болж ирсэн. Хүчтэй, чадалтай нь “амьдрал”-аа сайжруулах гэж “МИАТ”-ийг мөрөөддөг. Хурган даргаасаа эхлээд онгоцны зам шүүрдэгч нь хүртэл ар өврийн хаалгаар ажилд ордог, үе дамжсан хаанчлалтай, цус ойртсон нөхөд гэдэг. Даргын томилгоо улс төрийн маш том дажин болдог. Ямартаа ч нэг удаа “АПУ” компанийн захирал томилогдож л байсан. Тийм ч учраас даргын суудлын төлөө ийм хүчтэй тэмцэл өрнөж байгаа хэрэг.
Ё.Энхтөр, Г.Баатарсайхан, өөр хэн хэнийг ч юм бэ ажлаас нь халснаар асуудал шийдэгдэхгүй. Харин мөсөн уулын орой цухуйдаг шиг маш олон бульхай будилааныг илрүүлж, ганц агаарын тээврийн компаниа аврах их ажлын эхлэл болог гэж найднам.
А.АЛТ