Барилгад ажиллаж байсан хүү амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Барилгад ажиллаж байсан хүү амиа алджээ

Орхон аймагт 13 настай хүү “Агни трейд” гэх компанид барилгын ажил хийж байх үедээ өнгөрсөн оны наймдугаар сард шороонд дарагдаж амиа алдсан талаар талийгаач хүүгийн аав, ээж өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Талийгаач хүүгийн аав Б.Адъяасүрэнбаатар “Миний хүү зуныхаа амралтаар буюу 22 хоног шороо зөөх ажилд туслах ажил хийсэн юм. Гэтэл өнгөрсөн оны наймдугаар сарын 11-нд 13 настай найзынхаа хамт Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн өргөтгөлийн барилгын подвалын үерт өртсөн шороог зөөж байх үедээ хоёулаа нурангид дарагдсан. Миний хүү амь насаа алдаж, найз нь хөлдөө гэмтэл авсан. Ямар ч хөдөлмөрийн хамгааллын хэрэгсэлгүй хүүхдүүдийг цооногт оруулж, шороо зөөлгөж байсан нь тогтоогдсон.

Энэ хэрэгт “Агни трейд” компанийн захирал н.Цэцгээг иргэний хариуцагчаар татаж, ерөнхий инженер н.Ганбаатарт эрүүгийн хэрэг үүсгэсэн ч шүүхээс н.Ганбаатарт дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял оноогоод л өнгөрсөн” гэлээ. “Хүүг минь нас барсны дараахан “Агни трейд” компанийнхан хүүхэд манайд ажиллаж байгаагүй, зүгээр тоглож байгаад шороонд даруулсан гэж худал мэдээлэл цацсан. Уг нь хүүгийн минь цалин гэх 360 мянган төгрөгийг өгсөн хүн шүү дээ. “Агни трейд” компани буруутай гэдгийг шинжээчид нотолчихоод байхад тэнсэн харгалзах ял өгсөнд гомдолтой байгаа. Давж заалдах шатны шүүхэд хандана” гэдгээ талийгаач хүүгийн ээж учирлаж байсан юм.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч Ц.Баттуяа “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Насанд хүрээгүй хүний ажлын байрны жагсаалтыг зөрчсөн байна. Шүүхийн шинжээчийн дүгнэлтэд барилгын туслах ажилчин гэж байхгүй байгааг дурьдсан байна. Хөдөлмөрийн гэрээ, хамгааллын тухай огт яриагүй байна. Насанд хүрсэн хүн амь насаа алдсан бол үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцалж, хорих заалт байдаг. Гэтэл хүүхдийг ажил хийлгэсэн хэрнээ тэнсэн харгалзах ял оноосон нь шударга бус” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж