Архи худалдаалах цэгийг бууруулна

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Архи худалдаалах цэгийг бууруулна

НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг өнөөдөр Нийслэлийн захирагчийн албаны харьяа хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй танилцлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн захирагчийн албаны харьяа хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс нь нийслэлийн нутаг дэвсгэрт хүн амын хүнсний нөөц, хангамж, худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ахуйн үйлчилгээ эдгээр салбарын хэмжээнд стандартын мөрдөлт, үйлчилгээний хөгжлийн бодлогыг тодорхойлон төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дэмжих, хамтран ажиллах, хяналт тавих нийтлэг чиг үүргийг гүйцэтгэдэг гэдгээ танилцуулав. Мөн өнгөрсөн хугацаанд Тамхины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулах ажилд оролцож, хэрэгжилтийг хангах ажлыг нийслэл дүүргийн хэмжээнд чанартай зохион байгуулсан нь иргэдээс ихээхэн дэмжлэг авчээ. Энэ үүднээс “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”–д өөрчлөлт оруулах, санал боловсруулж НИТХ-аар батлуулахаар бэлтгэж байгаа юм байна. 2012 оны сүүлийн байдлаар согтууруулах ундаа худалдах 2358, түүгээр үйлчлэх  1593, нийт 3951 тусгай зөвшөөрөлтэй цэг байгаа нь нийслэлийн хэмжээнд 317 иргэнд 1 цэг ногдож буй гэсэн үг аж.  Тиймээс тус хэлтсийнхэн архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийг цөөлөх бодлогыг баримтлан ажиллах болжээ.

2005 -2012 оны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдал-ыг танилцуулахад

Он

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

Худалдаа

237

290

454

657

403

435

450

154

Нийтийн
хоол

223

177

211

252

228

278

334

105

Нийт
дүн

460

467

665

909

631

713

784

259


2012 онд стандартын шаардлага хангахгүй, зөрчил дутагдал гаргасан нийт 259 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

2013 оны эхний улирлын байдлаар нийт 52 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Танилцах уулзалтын төгсгөлд ИНТХ-ын “Шударга ёс эвсэл бүлгийн дарга Н.Баяраа “Архины тусгай зөвшөөрлүүдийг цөөрүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байгаа нь сайн байна. 0 настай хүүхдийг хүртэл оруулаад тооцоход 317 хүний дунд 1 архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэг байгаа нь аюулын харанга дэлдсэн гэдгийг харуулж байна. Бид бүхэн та бүхний санаачилсан журам төсөл, бусад ажлуудыг НИТХ-аар хэлэлцэн дэмжүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллах болно” гэв.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж