
Тэндээс би уншиж ойлгосон зүйл гэвэл “Удахгүй дүүгийн маань анги үсэглэлийн баяраа хийх юм байна, түүнээс өмнө шалгалт авах гэнэ, бүх хүүхэд ямар нэгэн үсэг болох тул хувцас хунараас эхлээд бэлтгэлтэй бай” гэжээ. Харин нэг л зүйлийг ойлгосонгүй. Уг нь ээжийнхээ бичгийг гаргаж уншсан л даа. Гагцхүү утга учрыг ойлгосонгүй. Тодруулбал “Багшийн бэлэгний мөнгө 20 мянган төгрөгийг хоёр хоногоос хэтрүүлэлгүй хураалга” гэжээ.
-Анги нь хэдэн хүүхэдтэй юм бэ?
-35
-Хүүхэд бүр 20 мянган төгрөг өгөх юм уу?
-Тийм
-Цалин авч хичээл зааж байгаа багшид хүүхдүүд 700 мянган төгрөгөөр бэлэг авч өгөх гэж байгаа юм уу, тэгээд?
-Багш нь өөрөө өг гэж хэлээгүй ээ, эцэг эхийн зөвлөлөөс тэгж шийдсэн юм.
Ээж бид хоёрын дунд иймэрхүү яриа болоод өнгөрлөө.
Харин маргааш нь ажлаа хийж суусан миний гэдэн гэнэт хөдлөөд иргэдийн гомдлыг авдаг “11-11” төв рүү залган, зургаан настай хүүхдүүдээс бэлэг болгож 700 мянган төгрөг /нийт дүн/ авдаг даварсан багшийн талаар ховлочихов. Бас твиттерээр жиргэж, бухимдлаа илэрхийлчихлээ. Уг нь дүүд минь эрдэм зааж байгаа багшаас 20 цаас харамласан юм биш л дээ. Зүгээр л шударга бус санагдаад.
Миний дуудлагыг авсан оператор “За би гомдлыг чинь Боловсролын яам руу хүргүүлье” гэж байна. Хариуг нь яаж авах вэ гэтэл, “хоёр хоногийн дараа өөрөө залгаарай” гэлээ. Гэхдээ би эргэж залгасангүй. Харин уржигдар гэртээ хариад, дүүгийн минь анги үсэглэлийн баяр хийхгүй болсон талаар дуулав.Намайг цухалдуулаад байсан бэлэгний мөнгийг ч хураахаа больж.
Санаа дагаад ч тэр үү, би алтан хошуу хүргэснээс болж дүүгийн минь сургууль үсэглэлийн баяр хийж, ангийн багшдаа 700 мянган төгрөгний бэлэг авч өгөхөө больчихов уу гэдэг бодол санаанаас гардаггүй. Бас аймар ч юм шиг, аятайхан ч юм шиг “11-11” төв сонирхлыг минь татлаа.
Засгийн газрыг эмхлэх эрхээ авсан даруйдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “тунгалаг төрийг бий болгож, иргэдэд нээлттэй ажиллана” хэмээн амлаж байсан. Үүнийхээ угтал болгож иргэдийн саналыг арван сувгаар авч, Засгийн газрын харьяа байгууллагуудад хүргэж, хариу өгч байх “11-11” төвийг нээсэн билээ.
Байгуулагдсан цагаас хойшхи хагас жилийн хугацаандаа Засгийн газрын чих болон ажиллаж чадаж байна уу гэдгийг, өөрөө бас холбогдож үзсэн хүний хувьд сурвалжлахаар тус төвийг зорилоо. Иргэдийг хүлээж авах байр буюу хуучнаар пропускийн товчоонд зургаан оператор суун, иргэдийн санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг арван сувгаар хүлээн авч, холбогдох байгууллагууд руу нь хуваарилж байлаа. Монгол орны аль ч өнцгөөс санал хүсэлт, гомдлоо “11-11” дугаарт залгаж хэлж болно. Гар утаснаасаа 141111 гэсэн дугаарт мессэж бичин, “11-11” @gov.mn гэсэн цахим хаяг руу шуудан илгээж, twitter, facebook хаягнаасаа ч хандаж болох нь.
Мөн өөрөө ирээд хэлсэн ч болно. Засгийн газрын чихэнд хүргэх саналаа энэ мэт арван хэлбэрээр илгээх аргыг хэрэглэгчид сайн ашигладаг бололтой. Өөрөөр хэлбэл иргэд утсаар, мессэжээр, эсвэл интернет орчин буюу твиттерт жиргэнгээ, фэйсбүүкээр аялахдаа, бүр болохгүй бол биечлэн очиж байгаад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга, яам агентлагийн удирдлагууд гээд төрийн байгууллагууд хандан өргөдөл гаргаж, уулзмаар байгаагаа хэлж, учир байдлаа ярьж, бас уураа гаргаж байна. Утаснаас цаанаас харьцаж байгаа тул арай л цохиод авдаггүй бололтой. Над шиг хэн нэгнийг ховлох хүн ч олон юм. Ер нь нийт санал, шүүмжлэл, гомдол гаргаж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрүүл мэнд, боловсролын салбарт чиглэдэг аж.
Улаанбаатарын утааг арилгах, гадаад өр хэрээс хэтэрлээ, улсын хөгжлийг түргэтгэе гэх мэт бодлогын шинжтэй том асуудлаас эхлээд хувийн хүсэлт ч ирдэг гэнэ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Бага эмч Уранчимэг гэдэг хүн Ерөнхий сайдтай уузах хүсэлтээ илэрхийлж байна. “Ажил төрлийн яриа байгаа. Өнөө өглөө вагоноор ирсэн, ажлаасаа гурав хоногийн чөлөө авсан тул буцахаасаа өмнө уулзах хүсэлтэй байгаа” гэв. Гэвч Ерөнхий сайдтай уулзъя гэсэн хүсэлт их тул бараг сарын дараа боломж бий гэнэ. Цагааннуур сумд намын харьяаллаас болж төрийн албан хаагчдыг халж байгаа учраас тэрбээр энэ байдлыг Ерөнхий сайдад хэлэхээр иржээ. Биечлэн уулзаагүй ч хэлэх гэсэн үг нь цаг, минут, залгасан номер, дуу хоолоотойгоо Ерөнхий сайдад хүрч байгаа гэдгийг “11-11” төвийн оператор хэлж байлаа. Мөн хэн ч хэдэн удаа холбогдож болох бөгөөд, өмнөх санал, хүсэлт, шүүмжлэл, гомдол нь хадгалагдаж байдаг аж.
Бас Завхан аймгийн Ургамал сумын хэв журмын цагдаа нар гэмгүй хүнийг зодсон талаар гомдол гаргаж, түүнийг 11-11 төвөөс Цагдаагийн Ерөнхий газар луу хуваарилжээ.
Энэ мэтчилэн иргэдийн гаргасан хүсэлт, санал, шүүмжлэл, гомдлыг холбогдох, яам, агентлаг, байгууллага руу хүргүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдээлдэг аж. 11-11 төв байгуулагдсан цагаас хойш өчигдөр оройны 18:00 цагийн байдлаар 35419 иргэн холбогджээ. Эдгээр иргэдийн гаргасан санал хүсэлт, шүүмжлэл, гомдлын дийлэнх нь Ерөнхий сайдад хаягласан байдал бол араас нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал, БШУ-ны сайд Л.Гантөмөр нарын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг аж.
Харин Нийслэлийн захирагчийн албатай холбоотой аливаа асуудлаар хандсан иргэнтэй хот өөрөө холбогдож тайлбар өгдөг юм байна. Хэрэв тухайн иргэн рүү хотоос залгах үед утсаа аваагүй тохиолдолд, энэ байдлыг “11-11” төвд мэдэгдэн, тухайн дуудлагыг ерөнхийд нь хаадаг бололтой. “11-11” төвд холбогдож ардын зовлон тоочсон би ямар ч байсан /миний хүргэсэн ховоос болж үсэглэлийн баяр цуцлагдаагүй ч байж мэднэ/ Засгийн газар чихтэй болсныг мэдэрлээ.
Харин дүү маань үсэглэлийн баяр хийхээ больсон нь надаас болчихов уу даа гэсэн бодол төрж, жаахан гэмшиж байгаагаа нуугаад яахав. Гэхдээ эрдэм сурах гараагаа амжилттай эхэлж байгаа дүүдээ би бэлэг авч өгнөө.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин