![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/4/75cd572eadceb890/13ba7a42adddf487big.jpg)
Хярамаар цангаагаа тайлдаг байсан монголчууд бид гаднаас зах зээлтэй уралдан оруулж ирсэн хийжүүлсэн ундааг хүртээд удаагүй байна. Манайхан 1990-ээд оны эхэнд “Кока Кола” нэртэй ундаанд нүдээ унагачих шахам залгилцгааж эхэлсэн. Үүнийг амсаж үзээгүй хүн энэ гариг дээр байхгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Харин Куба, хойд Солонгос хоёр улс одоо болтол гаднаас ч оруулдаггүй, өөрсдөө ч үйлдвэрлэдэггүй гэсэн. Манайхан газтай сэнгэнэсэн энэ ундааны чанарыг таньж, захаасаа горыг нь амсаж эхэллээ. Өнгөрсөн жил хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын цайны газар хийжүүлсэн ундаа худалдахыг хориглосон. Учир нь судалгаагаар нэг сарын турш тасралтгүй уусан хүүхдийн шүдний паалан унасан төдийгүй ясны сийрэгжилттэй болох нөхцөл бүрдсэн байсныг тогтоожээ. Тэр бүү хэл нялх хүүхдэд уулгаснаас болж сүүн шүд ургахгүй байгааг тогтоожээ. Сэнгэнэсэн амтлаг энэ ундаа далдуур хүнийг бага багаар мэрж байгааг төдийлөн мэддэггүй. Ялангуяа эмэгтэйчүүдэд маш хүндээр тусдаг гэнэ. Үүнээс болж манайд хөлөө тайруулсан тохиолдол ч байна. Өнөөдөр олон нэр төрлийн ундаа үйлдвэрлэгдэж байгаа ч “Кока Кола”-г онцолж байгаа нь учиртай. Колаг ууснаас 10 минутын дараа цайны 10 халбага элсэн чихэртэй тэнцэхүйц чихэр биеэр тархах бөгөөд 20 минутын дараа цусан дахь чихэр тэсэрч “инсулин” хэмээх бодис ялгардаг гэнэ. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихэрийг өөх тос болгон задалдаг бөгөөд 40 минутын дараа “Кофейн” цусанд шингэж дуусдаг гэж тогтоожээ. Үүнээс үүдэн нүдний хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж цусанд их хэмжээний сахар нөхөж ордог ажээ. Дараа нь тархины мэдрэмж сэргэж хар тамхи татсан үед илэрдэг өөрчлөлт мэдрэгдэх гэнэ. Барууны орнуудад Кока Колаг жолооч нар машиныхаа моторыг цэвэрлэхэд ашиглаж иржээ. Харин Энэтхэгийн хэд хэдэн мужуудад худалдаалахыг хориглосон бөгөөд зарим тариаланчид хөвөнгийнхөө тариаланг шавьжнаас хамгаалахын тулд Кока Колаг шүршдэг гэнэ. Балтийн гурван оронд энэ ундааны найрлагын бодисуудыг оруулахыг хориглосон байх жишээтэй. Кока Колаг ууснаас хойш 60 минутын дараа биедээ ямар өөрчлөлт орж байгааг мэдэх хэрэгтэй юм байна. Түүний найрлагад багтах багахан хэмжээний “Кофейн” гэгч мансууруулах бодис аль хэдийнэ таныг донтуулчихаад байна шүү. Тэгэхээр тийм ч их сонирхоод байх амттан биш бололтой. Өнөөдөр АНУ-д жирийн ундны ус хийжүүлсэн ундаанаас илүү үнэтэй байдаг гэнэ. Энэ чихэрлэг ундааны хэрэглээ 1998 онд дээд цэгтээ хүрч АНУ-д гэхэд нэг хүн жилдээ 240 летрийг уудаг байж. Одоо тэр байдал өөрчлөгдөж 60 хувиар буурсан гэж үзэж байна. Манайд энэ ундаа сүүлийн хоёр жилд хэрэглээ нь буурах хандлага ажиглагдаж иржээ. Тэгтэл бизнесийнхэн аргаа хайж захиалгийн шарсан тахиа, пиццанд том савтай Кока Кола дагалдуулдаг болсон. Монголд үйлдвэрлэж байгаа ундаа бусад орны ундаанаас илүү чихэрлэг амттай, өтгөн гэж яригдаж байна. Сүүлийн үед насны ялгаваргүй дэлгэрээд байгаа ясны сийрэгжилт, чихэрийн өвчин зэрэг нь хийжүүлсэн ундаанаас үүдэлтэй гэж үзэх болжээ. Манайд ундааг цайны оронд хэрэглэж донтчихсон залуучууд байна. Унтахдаа хүртэл дэргэдээ тавьж ууж дадал болчихсон хүмүүсийн хөлийн шилбэ нь яршиж арьс өнгөний эмнэлэгт хэвтсэн жишээ олон. Дэлхийд алдартай соёлын билэг тэмдэг гэгдэх “Коко Кола” ундаанд кокейн агуулагддаг гэсэн мэдээ эртнээс тархжээ. Гэвч үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна. Үүний жор нь одоо хүртэл нууц хэвээр, хэзээ ч цаасан дээр бичиж үлдээгээгүй гэдэг. Өнөөдөр манай улсад таван компани хийжүүлсэн ундаа үйлдвэрлэдэг. Үүнээс М.Си.Эс-ийн Кока Кола үйлдвэр гэхэд жилд 120 сая тонн ундаа үйлдвэрлэдэг гэсэн мэдээ байна. Спорт сонирхогчид бэлтгэл сургуулилтийн үед их хэмжээгээр уудаг гэх юм билээ. Манайд нэг хүний жилийн дундаж хэрэглээ 80 летр гээд бодоход тийм ч бага биш ажээ. Ийнхүү хийжүүлсэн ундааг хэмжээтэй хэрэглэхэд илүүдэхгүй нь байна. Сэнгэнэсэн амтаараа сэтгэл хуурч, биеэ хордуулсан Кока Кола монголчуудын сүүн хярамыг оролж чадах ундаа биш ажээ.
Н.ЛХАГВАСҮРЭНЭх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/10/e1bc8e50b51e3ec1/67c836c0e91c0d08original.jpg)