
Европын эдийн засгийн хямралын гол шалтгааныг Засгийн газруудын өр, санхүүгийн тогтворгүй байдал болон ажилгүйдэл гэж тайлбарлаж байна. 2010 оны эхний улиралд Европын холбооны ажилгүйдэл 9.6 хувьд хүрлээ гэж “Евростат”-аас мэдээлсэн. Еврозоны орнуудаас Испанид ажилгүйдэл хамгийн өндөр буюу 20 хувь хүрсэн. Түүнчлэн төсвийн алдагдал 13.6 хувь хүрч Италийн нэгэн адилаар төсвөө танаж, хэмнэлт хийх шийд гаргаад байна.
Хямралын гол буруутны нэг болж байгаа Грект ажилгүйдэл, хүнд суртал, татвараас зайлсхийх үзэгдэл, авлига их байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. Эдний Засгийн газрын өр жил ирэх тусам нэмэгдсээр. 2009 онд Грек “Эдийн засгийн эрх чөлөөний” индексээр дэлхийд 81-т буюу Европын орнуудаас хамгийн доогуурт орсон. Татвараа ч гүйцэд авч чаддаггүй, жилд 20 тэрбум еврогийн татвар алддаг.
Евро хэрэглэж эхэлсэн үеэс буюу бараг 2000 оноос Грекийн Засгийн газрын өр ДНБ-нийхээ хэмжээтэй тэнцэж эхэлсэн. Гэвч Европын холбооны мөнгөний бодлогын шалгуурт нийцэж байгаа юм шиг харуулахын тулд улсын тайлан тэнцэл, статистик мэдээллээ өөрчилж, Европын холбоо руу буруу мэдээлэл явуулж байсан. Грек “Goldman Sachs” болон бусад банкуудад хэдэн зуун сая ам.доллар төлж бодит зээлийн хэмжээг нуун дарагдуулж байсан нь 2010 онд ил болсон. Ийнхүү санхүүгийн бодит байдлаа нуун дарагдуулснаар Грек төлж чадахаасаа илүү их хэмжээний зээл авдаг байв. 2010 оны нэгдүгээр сарын байдлаар Грекийн Засгийн газрын өр 216 тэрбум евро байна гэж эдийн засагчид тооцоолсон. 2010 оны тавдугаар сарын байдлаар Грекийн төсвийн алдагдлыг 13.6 хувь гэж үзэж байгаа бөгөөд энэ оны сүүлээр гэхэд Грекийн Засгийн газрын өрийг ДНБ-нийхээ 120 хувьтай тэнцэнэ гэж үзэж байна.
Зээлэнд найдаж сурсан Грек хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөхийн үлгэрийг 2010 онд дахин давтах гэж оролдсон. Гэвч санхүүгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл нэгэнт ил тод болж, зээлээ төлж чадах эсэхэд зээлдэгчид санаа зовж эхэлсэн тул өмнөх шигээ бонд гаргах хөг нь өнгөрсөн. Бондын үнэлгээний агентлагуудын шийдтэй холбоотойгоор дэлхий даяар еврогийн ханш болон хөрөнгийн биржүүдийн индексүүд огцом унав.
Европын санхүүгийн хямралд зээлийн үнэлгээний агентлагуудын сөрөг нөлөө үзүүлж байна гэж Европын улс төрчид үзэж байгаа бөгөөд ирээдүйд ийм байдлаас сэргийлэхийн тулд үнэлгээний агентлагуудын зохицуулалтыг чангатгахаас гадна Европ өөрийн гэсэн үнэлгээний агентлагтай болох хэрэгтэй гэсэн саналыг Герман дэвшүүлээд байгаа.
Тавдугаар сарын нэгэнд Грек төсвөө танах шийд гаргасан бөгөөд энэ нь Грект тусламж үзүүлэхэд хориг тавиад байсан Германыг ятгах сүүлийн оролдлого байсан. Тавдугаар сарын 2-нд еврозонын улсууд ОУВС-тай хамтран Грекийн Засгийн газарт 110 тэрбум еврогийн зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд Грекийг төсвөө танах бодлогоо хэрэгжүүлэхийг байнга сануулж буй.
Өнгөрсөн тавдугаар сарын гурванд, хэдийгээр “хог” ангилалд багтсан ч Грекийн Засгийн газрын бондоор арилжаа хийж болно Европын төв банк үзэв. Европын холбооны удирдагчид цаашдаа хямралд орсон үед аврах хамтын сан болон Засгийн газруудыг татвар, төсвийн зарцуулалтын бодлогыг хянах байгууллага байгуулах санал дэвшүүлж байна.
Т.Ариунсанаа