Грекийн хямрал Монголыг дайрах вий

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Грекийн хямрал Монголыг дайрах вий

Грекийн хямралаас болж, духан дээрээ хүйтэн жин тавихаар болоод байгаа  Олон улсын валютын сангийнхан элч төлөөлөгчдөө улс улсууд руу илгээн төсвийн зардлаа ихэсгэхгүй байх, гадаад өрөө цэгцлэхийг анхааруулж байна.  Өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн захирал Жон Липски Японд айлчлахдаа Засгийн газрын өрөө багасгахыг анхааруулсан бол мягмар гаригт Испанийн Засгийн газарт анхааруулга өгсөн.

Монгол ч бас дутахгүй ОУВС-гийн суурин төлөөлөгч Пармешвар Рамлоган манай УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхан, төсвөө зардлаа хянахыг анхааруулав. Тэрбээр төсвийн зардлаа Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ таван хувиас илүү гаргах юм бол бүх зээл тусламж, хөтөлбөрөө зогсооно гэж хатуу сүрдүүлэв. Боловсон мөртлөө аймаар анхааруулга. Гэтэл манай төсвийн зардал ядарсан ДНБ-ийнхээ хэдэн хувийг эзэлдэг сэн билээ. Одоо Сангийн сайдын ярьж байгаагаар бол төсөвт тодотгол хийснээр төсвийн алдагдал буюу дарга нарын цалин, бичиг цаас, сургууль цэцэрлэгийн засвар тэргүүтэнд зарцуулах мөнгө ДНБ-ийнхээ 6,4 хувьд хүрнэ гэсэн. Жил гаруйхны өмнө гараа өргөж, хэлээ гаргаж байгаад амлалт авч ОУВС-гаас зээл, тусламж авчихсан Сангийн сайд одоо энэ тоогоо яаж тэдний шаардлагад дөхүүлэх гэж байгааг чөтгөр бүү мэд. Хаа байсан Европын хямрал манайд ямар хамаа байх вэ гэж тээр жилийнх шигээ “бүлтэрч” суугаа болов уу. АНУ-ын санхүүгийн хямрал манайд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж сууж байгаад, хямралын сүүлэнд ширвүүлэн ОУВС, Дэлхийн банкнаас стэнд бай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зээл тусламж авсан шүү дээ. Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр эдийн засаг мэдэхгүй байж Грекийн хямралыг Монголд наалдуулах гэв гэж бүү бухимдаарай. ОУВС-гийн төлөөлөгч анхааруулга өгсөн нь өөрөө факт. Тэгээд ч хямарсан Грек, Тайланд зэргийн мэдээ мэдээлэл зурсхийн өнгөрөх зуур Монголтой төстэй тоонууд хөвөрч байдгийг та бүхэн санаж байгаа байх. Грекийн хямралын гол шалтган Европын холбооноос тавьдаг Засгийн газрын өр тухайн санхүүгийн жилийн эцсийн ДНБ-ий 60 хувь, Засгийн газрын төсвийн алдагдал ДНБ-нийхээ гурван хувиас илүү гарч болохгүй гэсэн хоригийг зөрчсөнийх. Еврозоны 16 орны дийлэнх нь энэ горимыг зөрчдөг ч Грек өрөө багасгаж мэдээлэх зэргээр нуун дарагдуулж байгаад эдүгээ эдийн засагтаа бяц гишгүүлээд байна.

Грекийн Засгийн газрын өр ДНБ-ийх нь 115.1 хувьд, төсвийн алдагдал нь ДНБ-нийхээ 13.6 хувьд хүрсэн байна. Дэлхийн хамгийн муу муухайгийн туйл болоод байгаа улстай дэлгэр Монголоо харьцуулахад муухай л даа. Гэхдээ л төсвийн алдагдал 6,5 хувь гэдэг бас л айдастай тоо. Дээр өгүүлсэн ОУВС-гийн төлөөлөгчийн сүрдүүлэгтэй нийлүүлэх юм бол бүр ч аймаар. Тэгэхээр төсвийн алдагдлаа ямар ч хамаагүй аргаар багасгахгүй бол болохгүй нь байна шүү, ноёд түшмэдээ…

Харин гадаад өр бол доор дурдах “акул”-уудаас ёстой бага Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 29,6 хувийг шүргэж байгаа. Ерөнхийдөө өрийн хэмжээ ДНБ-ийнхээ 40 хувиас илүү гарахгүй бол аюул багатай гэдэг юм билээ. Бас яамай даа, ганц ч гэсэн санаа амрааж, сэтгэл цэлмээх мэдээлэл байгаа нь. Ингээд Еврозоны өрийн туламнуудын жагсаалтыг харья.

  • ДНБ-д өрийн эзлэх хувь:
  • Ирланд 64 хувь,
  • Герман 73.2 хувь,
  • Австри 66.5 хувь,
  • Португаль 76.8 хувь,
  • Бельги 96.7 хувь,
  • Нидерланд 60.9,
  • Франц 77.6 хувь,
  • Итали 115.8 хувь байна.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж