Эдийн засгийг эрчимжүүлэх “мөнхийн хөдөлгүүр” хэзээ асах вэ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Эдийн засгийг эрчимжүүлэх “мөнхийн хөдөлгүүр” хэзээ асах вэ

Монголын эдийн засгийг ихэнхдээ ганц хөлтэй хэмээн тодорхойлдог. Тэр ганц хөл нь уул уурхай. Хэрэв энэ үнэн бол баялгийн хараал “биежиж” байгаагийн илрэл. Эдийн засгийг солонгоруулах боломж бол олон бий. Зөвхөн аж үйлдвэр гэлтгүй, үйлчилгээний салбарын сонин содон шийдэл ч бас байж болно. Аж үйлдвэрийн салбарт гэвэл гангийн үйлдвэрлэл гэж гайхамшиг байдаг. Гангийн үйлдвэрлэлийг эдийн засгийг тэтгэх мөнхийн хөдөлгүүр хэмээн дэлхий нийтэд тодотгодог юм байна. Сайшаалтай нь монголчууд гангийн аж үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэх талаар ярьдаг бичдэг болсон. Монголд коксжих нүүрс нь байна, төмрийн хүдэр нь өч төчнөөнөөрөө байна. Харин гангийн үйлдвэрлэл нь алга. Таамаг судалгаагаар Монголд 438.2 сая тонн төмрийн хүдрийн нөөц бий. Нэг тонн төмөрлөг үйлдвэрлэхэд 1.6 тонн төмрийн хүдэр, 0.6 тонн коксжих нүүрс шаардлагатай гэхээр нэг багцаа харагдах байх. Ган үйлдвэрлэх ийм бүхий л талын бэлэн нөөцтэй улс тийм ч олон бус. Жишээлбэл, төмрийн хүдрийн арвин нөөцтэй Бразил улс коксжих нүүрс байхгүй.

Коксжих нүүрс, төмрийн хүдэр, гантай байсан цагт юмны эзэн сумын занги шиг сууж чадна. Түүнчлэн бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшид нөлөөлөх боломж бүрддэг. Учир нь хуруувч тэвнээс эхлээд автомашин, нисэх онгоц хүртэлх бүхнийг гангаар хийдэг. Гангийн үйлдвэрлэлийг гартаа оруулаад авсан цагт улс орон хөгжиж хөллөх түлхүүр аяндаа атганд ороод ирдэг гэнэ. Япончууд дайны дараа ард түмнээ өлсч байхад гангийн үйлдвэрээ түрүүлж барьж байгуулж байсан гэдэг. Тэд ингэж эдийн засгийн мөнхийн хөдөлгүүрээ “асаасан” нь өнөөгийн хөгжлийн гараа байв. Алсыг харж, алхам түрүүлэхийн жишээ гэвэл энэ байх л даа.

Монголчууд гангийн үйлдвэрлэлийн тухайд гэвэл тийм ч “таг” ард түмэн биш. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр гэж бэлээхэн бэлэн бааз суурь, хурааж хуримтлуулсан туршлага бий. Хүчин чадал нь даанч бага болохоос бус хүдэр боловсруулж төмөр гаргадаг жижиг үйлдвэр Эрдэнэтэд байдаг гэсэн. Гэвч энэ салбарт эдийн засгийн урвуу хамаарал яваад байдаг нь гачлантай. Төмрийн хүдэр эсвэл хаягдал төмрөө гадагш нь экспортлоод оронд нь бэлэн бүтээгдэхүүн өндөр үнээр авдаг. Үүнийг ганц нэг тоо баримтаар тодруулъя.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд хаягдал төмөр боловсруулж гулдмай болгоод Хятад руу нэг тонныг нь 250 ам.доллараар гаргадаг. Харин хятадууд манайхаас авсан гулдмайг лист, булан төмөр, цувимал гэхчлэн бэлэн бүтээгдэхүүн болгоод тонныг нь 650 ам.доллараар эргүүлээд манайханд зарах жишээний. Монгол Улс төмрийн хүдрээ ямар ч татваргүйгээр урагшнь гаргадаг бол, Хятадаас орж ирж байгаа төмөр нэлээдгүй өндөр татвартай байдаг гэнэ.

Хөлөөрөө толгой хийсэн энэ мэт гажуудлаас гарах гарц нь дотооддоо гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал. Энэ оны эхээр төмрийн хүдэр экспортолдог Монголын 12 аж ахуйн нэгж нэгдэж “Монгол ган нэгдэл” нэртэй компанийг үүсгэн байгуулсан. Тэд том жижиг нийлсэн 8-9 үйлдвэр барих асуудлыг ярьж байгаа юм билээ. Ийм тооны үйлдвэрийг гурван жилийн хугацаанд барих боломжтой гэж тооцож байгаа бөгөөд нийтдээ 1.3 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо байна. Хэрэв 2016 он гэхэд гангийн үйлдвэрээ босгоод авчихвал үр дүн нь шууд мэдрэгдэж эхлэнэ гэж байна. Адаглаад л орон сууцны үнэ 20 хувь буурах магадлалтай. Түүнэээс гадна наанадаж 9000 ажлын байр бий болно. Энэ бүхнээс харвал байгаа баялгаа “чулуу” болгох гарцаагүй нэг боломж бол гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал гэж төсөөлөгдөж байна.

Ийм өөдрөг төсөөлөл, боломжит хувилбараар ирээдүйг харж тооцож байгаа хүмүүс бол манай хувийн хэвшлийнхэн гэдгийг тодотгох учиртай. Санал санаачлагаа ажил хэрэг болгоход саад тээг болж байгаа юм гэвэл санхүүгийн хүндрэл. Гэхдээ тэд ийм нэг хувилбарыг санал болгож байгаа юм. Шаардлагатай нийт зардлынхаа 30 хувийг төрөөс санхүүжүүлж, өөрсдөө 20 хувийг нь гаргах, үлдсэн 50 хувийг нь гадны зээл тусламжаар босгохоор тооцсон бөгөөд энэ тохиолдолд хөрөнгө оруулалт, зээлээ 5-7 жилийн дотор нөхөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Өөр нэг юм гэвэл гангийн үйлдвэрлэлээ дагаад коксжих нүүрсний салбар идэвхжинэ. Тухайлбал жилд 1.2 сая тонн коксжих нүүрсийг дотооддоо шингээхээр байна. Энэ салбарын ерөнхий дүр зураг одоогоор иймэрхүү харагдаж байна.

Ган үйлдвэрлэлээ гэхэд дан ганц дотооддоо хэрэглээд зогсохгүй дэлхийн зах зээл дээр гаргах хэрэгтэй болно. Хаяа залгаад бэлээхэн том хэрэглэгч байна. Харин энэ тохиолдолд гадаад зах зээлийн багтаамж, үнэ ханш ямар байх билээ. Сүүлийн үеэс гангийн хэрэглээ багасч үнэ нь буурч байна гэсэн яриа чих дэлсэх болсон.

2010 оноос дэлхийн гангийн зах зээлийн өсөлт есөн хувь болжээ. Харин 2011 онд Европын санхүүгийн хямрал, АНУ, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд удааширсан зэрэг нь эрэлтийг ялимгүй багасгасан байна. Гэхдээ энэ бүхэн түр зуурын шуурга байв. Өнгөрсөн жилээс эхлэн хэрэглээ эргээд нэмэгдсэн ч эрэлтээс давсан үйлдвэрлэл энэ салбарын тулгамдсан асуудал болоод байгаа юм. 2013 онд ч ган үйлдвэрлэгчдийн толгойны өвчин энэ илүүдэл үйлдвэрлэл хэвээр байх төлөвтэй. Энэ илүүдэл гэдэг нь үндсэндээ шинээр байгуулсан ган­гийн үйлдвэрүүдийн бүтээг­дэхүүн аж. Гэвч асуудлыг өөдрөгөөр харах шалтгаан бас байна. Шинжээчдийн тооцоолсноор 2014, 2015 онд ган үйлдвэрлэгчдийн ашиг орлого өсөх аж. Дэлхийн гангийн хэрэглээний 40 хувийг дангаараа бүрдүүлдэг манай урд хөршийнхэн гэхэд дотооддоо гангийн үйлдвэр нэмж барьж байгуулахгүй, харин чанарыг нь сайжруулахаар зорьж байна. Түүнчлэн тус улсын дотоодын зах зээл дээр гангийн үнэ өсөлттэй байна. Хэдхэн долоо хоногийн өмнө Хятадын зүүн хэсэгт ганц цагиргийн үнэ тонн нь 536 ам.доллар болж өссөн бол арматурын үнэ 587 ам.доллар хүрч 3.4 хувиар тус тус өссөн байна.

Зөвхөн Монголынхоо хүр­ээнд авч үзлээ гэхэд 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр гэж бий. Тэр байшин барилгуудад  хэрэгтэй  арматурыг дотоодын­хоо бүтээгдэхүүнээр хангахад байрны үнэ хямдрах бэлээхэн боломж, бас хэрэглээ нь байх жишээний. Энэ мэт учир шалтгааны улмаас гангийн үйлдвэрлэлийн салбарыг өөд­рөгөөр харах шалтгаан байна. Эх орны ган урсгал, эдийн засгийн “мөнхийн хөдөлгүүр”-ээ асаах цагийг л харин аль болох урагшлуулах хэрэгтэй байх.

П.ЯДАМДОРЖ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж