Монгол хүн цалингаараа амьдарч чаддаг уу?

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Монгол хүн цалингаараа амьдарч чаддаг уу?

Хэвлэлийн байгууллагын ажилтан И.Гончиг:

-Цалингаар амьдарна гэж худлаа шүү дээ. Цалингаас гадуур мөнгө төгрөг олж байж л амьдарна. Таван зуун мянган төгрөгний цалингаас гар дээр лөрвөн зуу нь л ирдэг. Хэдэн кг мах, тэгээд байрныхаа мөнгийг төлөөд л дуусчихна. Хүмүүс яаж болоод байдгийг мэдэхгүй. Бидний 15 хоногт нэг удаа авдаг мөнгөөр томчууд бол гайгүйхэн газарт ганц удаа л хооллож байгаа шүү дээ.

Банкны теллер н.Ганпүрэв:

-Авдаг цалин нь сарын эхний арав хоногт хүрдэггүй гээд дуу байна шүү дээ. Тэр чинь массын хувьд үнэн шүү дээ. Хувьдаа бизнесгүй, ажлынхаа байрыг ашиглаж чавчаа хийдэггүй л бол өгдөг цалингаар амьдарна гэж байхгүй. Авсан цалингаа цалингийн зээл, ломбарданд тавьсан зүйлээ сунгахаас эхлээд зарцуулах зүйл их. Ер нь авч байгаа цалин маань ажилдаа ирж очих, өдөр хоол унд идэх зэрэгт дийлэнх нь явчихаж байх шиг байна даа.

Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ганболор

-Ганц бие болохоор одоохондоо хүрэлцээтэй байна. Цаашид гэр бүлтэй болчихвол хүрэлцэхгүй гэж боддог. Угаасаа манай улсад цалин бага шүү дээ. Энэ нь монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж бага байдагтай холбоотой болов уу гэж боддог. Мөн зарим газруудад хийснээрээ  цалин авдаг учир хувь хүн өөрөөс нь шалтгаалах нь бий.

Хувийн компанид ажилладаг Н.Цээлбаатар

-Цалин бага байлаа гээд одоо яах ч билээ. Цалингаа нэмүүлье гэвэл “Ажлаасаа гар. Ард чинь зөндөө хүн оочерлож байна” л гэнэ шүү дээ. Тийм болохоор өгч байгааг нь аваад ажиллахаас аргагүйд хүрдэг. Цалингаа хүргэж, амьдрахаас өөр сонголтгүй юм чинь цалингаа голоод яах билээ дээ.

н.Отгондалай:

-Би хувийн байгууллагад ажилладаг. Цалин маань яг нэг сарын хэрэгцээндээ л таардаг. Сард 700,000 төгрөгийн цалин авдаг ч байрны мөнгө, цахилгааны мөнгө, хоол хүнсээ цуглуулах, хоёр хүүхэддээ хэрглээний мөнгийг нь өгөх, ер нь бусад  зардал их гарна. Юмны үнэ ч өндөр болохоор цалингаа сарынхаа хэрэглээнд зарцуулаад цааш нь хийж чаддаггүй. Уг нь жаахан хуримтлалтай бол байрны зээл авах, автомашины лизинг гээд амьдралд шаардлагатай зүйл олон л байна.  

Т.Саруул:

-Цалин хангалттай биш. Хувийн байгууллагийн цалин төрийн байгууллагын цалинг бодвол бага. Зарцуулах зүйл олон, юмны үнэ өндөр. Гэхдээ цалин хэдийг авдагаа мэддэг учир бүх зүйлд хуваагаад л зарцуулдаг даа.

О.Төгс-Ялгуун:

Одоогоор ганц бие болохоор цалин хангалттай л байна. Нэг хүний сарын хэрэгцээ тийм ч их биш, дээр нь эцэг эхтэйгээ хамт амьдардаг болохоор  аль болох хуримтлуулахыг боддог. Түүнээс биш тусдаа гараад, амьдрал толгой дээр буугаад ирвэл нэг хүний цалин юу ч болохгүй байх аа.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №005


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж