Нэгдүгээр эмнэлгийг ходоодны өвчлөл “ороож” байна

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр эмнэлгийг ходоодны өвчлөл “ороож” байна

Манайд хамгийн их ачаалалтай ажилладаг эмнэлэг бол Улсын I төв эмнэлэг. Учир нь хот, хөдөөгийн бүхий л иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг гуравдугаар шатлалын цөөхөн эмнэлгийн нэг юм. Эмнэлгийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжлахаар зорьсон юм. Биднийг очиход 11:23 цаг болж байлаа. Хаалгаар орвол дугаарлан суусан, холхисон, нойрмоглосон иргэд угтав.

Тус эмнэлэг зорьж очсон иргэн бүрт үйлчлэх ёстой ч, цаг аваагүй хүн үзүүлнэ гэж горьдсоны гарз.  Цагт хэчнээн иргэн дугаар авч буйг мэдэхээр хүлээлгийн танхимд хэсэг ажин суулаа. Нэг цагийн дотор багцаагаар 100 гаруй хүн дугаар авч байв. Өглөөний 08:20 минутаас эхлээд 12:25 цаг хүртэл 550 гаруй иргэн цаг авчээ. Тус эмнэлэгт эмчлүүлэх хүсэлтэй иргэн олон байдаг хэдий ч дараалал их байгаагаас шалтгаалж хоосон буцах тохиолдол цөөнгүй гардаг аж. Ялангуяа хөдөө орон нутгаас ирсэн иргэд 7-10 хоног хүлээх нь энгийн үзэгдэл болжээ. Энгийн ч гэждээ хэдэн жилийн өмнө яг л ийм байсан оочер дараалал өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилсээр байгаа юм. Эмнэлэг үйлчилгээгээ түргэн шуурхай болгох үүднээс цахим бүртгэлийн хэсгийг нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр тухайн иргэн өвдсөн үедээ очиж хүлээж цаг алдахгүйгээр өмнөх өдөр нь цаг авч эмчлүүлэх боломжтой юм. Иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гэж 3-4 хоног зайлшгүй хүлээдэг юм билээ. Нийслэлийн иргэдийн хувьд дүүргээсээ эмчлүүлэх бичигтэй очсоноор удаан хүлээлгүйгээр үзүүлчихдэг бол хөдөө орон нутгийн иргэдэд энэ боломж хомс байна. Тодруулбал, тэд бичиг баримтны зөрчлөөс болж удаашрах тохиолдол их гардаг ажээ.

Улсын I төв эмнэлэг 20 гаруй төрөлжсөн мэргэжлээр оношлогоо, эмчилгээ хийдэг. Тухайлбал, нүд, чих, ходоод, мэс засал, бөөр гэх мэт бүх төрлөөр ихэвчлэн оношлогоо хийлгэдэг. Харин сүүлийн үед иргэд элэг, цөс, бөөр, мэдрэлийн өвчлөлийг хамгийн үзүүлж буй. Учир нь олон баяр наадмын дараа хамгийн түгээмэл өвчин элэг, цөс, бөөр хэмээн тус эмнэлгийн эмч хэлсэн. Үүнээс шалтгаалж дараалал ихэсч хүлээгдэл, чирэгдэл их үүсдэг юм билээ. Хөдөөний иргэд нэг ирснийх гэх маягаар дотор эрхтнээ бүгдийг нь үзүүлж, үүнээс болж дараалал үүсэх шалтгаан бий болж байгаа юм. Нөгөөтэйгүүр дотрын нэг эмч өдөрт 32 хүн, мэс заслын эмч 24 хүн үзэх нормтой аж. Гэтэл өнөөдрийн байдлаар нормоосоо хэтрэн үйлчилсээр байгаа юм. Эмнэлгийн хувьд өдөртөө 600-800 хүн эмчлүүлэх дугаар авч буй юм. Энэ тоо баяр ёслолын дараа 1000 хүрдэг аж. Харин хоёрдугаар давхрын оношлогоо шинжилгээний хэсгээр үйлчлүүлэх гэж буй иргэдийн хувьд дугаар авахгүйгээр шууд үйлчлүүлэх боломжтой. Иргэдийн хамгийн их гаргадаг зөрчил нь бичиг баримт. Цаг авах гэж буй иргэд буцаж явах нь их харагдсан. Тодруулбал, дүүргээс ирж буй иргэдийг 13 дугаар маягттай ирэхийг эмч нар зайлшгүй шаарддаг юм билээ. Харин иргэд зөвхөн иргэний үнэмлэхээ үзүүлж буцаж буй харагдсан. Ийм байдал гаргах нь өөртөө болон бусдад чиргэдэл учруулж буй байдал маш ажиглагдсан. Уг нь тус эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд зөвхөн эрүүл мэндийн дэвтэр, 13 дугаар маягт, үзлэгийн карт байхад л хангалттай юм билээ. Хамгийн их хүлээгдэл үүсгэж буй хэсэг элэг, цөс, бөөрний өвчний үзлэгийн кабинет байсан. Нэгдүгээр эмнэлгийн дарааллыг хүлээж буй иргэд хамгийн их байв.
            

Элэг, цөс, ходоодны тасаг дугаар ихтэй байна

Улсын I төв эмнэлгийн цахим бүртгэлийн ажилтан Б.Нинжбадгар

-Ойрын өдрүүдэд ачаалал хэр байна вэ?

-Иргэд өмнөх өдөр нь ирээд дугаар авчихдаг болохоор ачаалал их байна. Тухайлбал, өнөөдөр ирсэн хүн дугаар авна уу гэхээс, шууд үзүүлнэ гэж бараг байхгүй. Учир нь өмнөх өдөр нь ирж дугаар авсан иргэд өнөөдөр үйлчлүүлж байгаа юм. Ачаалал их байгаа. Жишээ нь ойрын дөрвөн өдрийн цаг байхгүй. Тэрнээс хойш арай гайгүй байна.

-Иргэд ихэвчлэн ямар тусламж үйлчилгээ авах гэж ирж байна?

-Элэг, цөс, ходоодоо үзүүлэх гэж их ирж байгаа. Тухайлбал, маргааш, нөгөөдрийн цаг байхгүй. Хэд хоногоос гайгүй болох хандлагатай байна.

-Яагаад элэг, цөс, бөөр?

-Энэ өвчлөл саяхнаас ихдээд байгаа юм биш ээ. Сүүлийн жилүүдэд энэ өвчлөл нэмэгдсэн. Буруу хооллосноос болж ихэдсэн.

Н.Лхажий: Тоног төхөөрөмжийн муугаас шалтгаалж хүлээлт үүсдэг

Улсын I төв эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн эрхлэгч Н.Лхажий

-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд ямар ажил хийж байна вэ?

-Энэ жил манайх “Хариуцлагатай салбарыг бий болгох жил” болгосон. Үүнтэй холбогдуулан эмнэл­гийн мэргэжилтнүүдийн хариуц­лагыг сайжруулах, эмч нарын боловсролд анхаарахад чиглэсэн ажил их хийж байгаа. Мөн хүлээгдэл, чирэгдлийг багасгах тал дээр илүү анхаарч байна.  

-Ачаалал хэр байна вэ?

-Манайх байнгын ачаалалтай байдаг. Улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн хувьд энэ байх асуудал. Манайх найман төрлийн тусламж үйлчилгээг дангаараа хариуцдаг. Хүлээгдэл чирэгдлийн хувьд зарим нэг тоног, төхөөрөмжийн хүрэлцээ муу, эвдрэл гэмтлээс болж байгаа. Тухайлбал, эхо-д харуулах гэж буй иргэд маш их байдаг. Мөн ходоодны дуран, тархины бичлэг зэрэгт дараалал их үүсдэг. Үзлэгийн кабинетууд хэвийн ажиллаж байна.

-Тулгамдсан асуудал байна уу?

-Мэдээж байгаа. Орны хувьд хэвийн хэмжээнд байгаа. Харин нийт тоног төхөөрөмжийн 70-аас илүү хувийг шинэчлэх шаардлагатай байна.

Ч.СУВДАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж