Төгрөг өнөөдөртөө “хүчтэй” хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Төгрөг өнөөдөртөө “хүчтэй” хэвээр байна

Гадаад валютын ханш сvvлийн саруудад харьцангуй тогтвортой байна. Тєгрєгийн ам.доллартай харьцах ханш нэг хэсэг чангарсан ч тун удалгүй буурсныг Монголбанкны шинэ дэдүүдийн хийсэн гавьяа гэж магтан сайшаах  улстөрч ч байна. Ямартай ч он гарснаас хойш төгрөгийн ханш харьцангуй чанга байна. Гадаад валютын ханш эрчимтэй нэмэгдээгүй.  Харин ч сүүлийн өдрүүдэд еврогийн ханш эрчимтэй буурч байна. Энэ онд Америк долларын ханш хамгийн өндөр буюу 1480 төгрөгт хүрсэн. Ийн нэмэгдсэн шалтгааныг  валютын ченжүүд цагаан сарын эргэлттэй холбон тайлбарлаж байсан юм. Ам.долларын ханш өсмөгц ёс юм шиг дагалддаг юанийн ханш ч мөн үеэр нэмэгдэж 217-220 төгрөгт хүрсэн. Харин еврог ченжүүд  2115 төгрөгөөр авч, 2120 төгрөгөөр худалдаалж байсан юм. БНСУ-ын вонн, Японы иенийн ханш ч бага зэрэг сэргэсэн нь гадаадын валютын ханш цагаан сар хүртэл буурахгүй гэсэн цуу яриа дэгдээж амжсан. Зарим хүмүүс хадгаламжин дахь төгрөгөө ам.доллар, юаньд шилжүүлж байсан ч харин азаар валютын ханшийн хөөрөгдөл удаан үргэлжлээгүй.  “Ханшийн хөөрөгдлөөс хэдхэн хоногийн дотор гарч чадсан нь төв банкнаас хийсэн зөв алхмын үр дүн, хойшдоо ч Золжаргал валютын ханшийг барьж чадна”  гэсэн учир мэдэх хүмүүс ярилцаж байлаа.
 Үнэхээр ч нэгдүгээр сарын 15 гэхэд ам.долларын ханш 1454-1459 төгрөг болж 20-26 төгрөгөөр, юань 210-213 төгрөг болж 4-10 төгрөгөөр буурсан юм. Түүнээс хойш бага багаар буурсан ам.доллар гуравдугаар сарын 20 орчимд 1375 ам.доллар болов. Харин өдөр өдрөөр буураад байгаа еврогийн ханшийн бууралт хоёрдугаар сараас эхэлсэн байна. Хоёрдугаар сарын дунд буюу цагаан сарын үеэс 2000 төгрөгийн босгоноос унаж эхэлсэн  еврогийн ханш хоёрдугаар сарын 23-ний өдөр 1975 төгрөг, гуравдугаар сарын 23-ны өдөр 1870 төгрөг болсон байлаа. Ийн сарын дотор 100 төгрөгөөр ханш нь унасан евро өнөөдөр 1670 төгрөгтэй тэнцэж байна. Харин яг өнөөдрийн байдлаар ам.доллар 1383-1390 төгрөг, Хятадын юань 202,3-203,6 төгрөг, Оросын рубль 43,5-45,7 төгрөг, Солонгосын вонн 1,15-1,20 төгрөгийн ханштай байгаа юм. Ханш нь15 төгрөгөөс огт буурдаггүй Японы иен ч 14,6 төгрөг болжээ. Ийнхүү гадаад валютын ханш харьцангуй тогтвортой байгаа ч өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн, иргэдэд бэлэн мөнгө тараасан зэргээс шалтгаалан инфляцийн хэмжээ хоёр оронтой тоонд хүрээд байна. Цаашдаа ч бараа бүтээгдэхүүний үнэ төдий л буурахгүй гэж эдийн засагчид таамаглаж байгаа. Инфляцийн энэхүү өсөлтөөс улбаалан төгрөгийн худалдан авах чадвар буурах аваас гадаад валютын ханшид нөлөөлж болзошгүйг ч мөн анхааруулж байна.  
Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж