
Үнэхээр ч нэгдүгээр сарын 15 гэхэд ам.долларын ханш 1454-1459 төгрөг болж 20-26 төгрөгөөр, юань 210-213 төгрөг болж 4-10 төгрөгөөр буурсан юм. Түүнээс хойш бага багаар буурсан ам.доллар гуравдугаар сарын 20 орчимд 1375 ам.доллар болов. Харин өдөр өдрөөр буураад байгаа еврогийн ханшийн бууралт хоёрдугаар сараас эхэлсэн байна. Хоёрдугаар сарын дунд буюу цагаан сарын үеэс 2000 төгрөгийн босгоноос унаж эхэлсэн еврогийн ханш хоёрдугаар сарын 23-ний өдөр 1975 төгрөг, гуравдугаар сарын 23-ны өдөр 1870 төгрөг болсон байлаа. Ийн сарын дотор 100 төгрөгөөр ханш нь унасан евро өнөөдөр 1670 төгрөгтэй тэнцэж байна. Харин яг өнөөдрийн байдлаар ам.доллар 1383-1390 төгрөг, Хятадын юань 202,3-203,6 төгрөг, Оросын рубль 43,5-45,7 төгрөг, Солонгосын вонн 1,15-1,20 төгрөгийн ханштай байгаа юм. Ханш нь15 төгрөгөөс огт буурдаггүй Японы иен ч 14,6 төгрөг болжээ. Ийнхүү гадаад валютын ханш харьцангуй тогтвортой байгаа ч өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн, иргэдэд бэлэн мөнгө тараасан зэргээс шалтгаалан инфляцийн хэмжээ хоёр оронтой тоонд хүрээд байна. Цаашдаа ч бараа бүтээгдэхүүний үнэ төдий л буурахгүй гэж эдийн засагчид таамаглаж байгаа. Инфляцийн энэхүү өсөлтөөс улбаалан төгрөгийн худалдан авах чадвар буурах аваас гадаад валютын ханшид нөлөөлж болзошгүйг ч мөн анхааруулж байна.
Д.Цээпил