Хүсээ гэж үү оросууд, Афганистаныг?

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Хүсээ гэж үү оросууд, Афганистаныг?

Афганы дайнд ялагдсан Зөвлөлтийн цэрэг хориод жилийн өмнө Афганистанаас гарсан билээ. Өнөөдөр Батлан хамгаалах яамных нь мэдэгдэж байгаагаар ОХУ энэ улсад эргэн очих бололтой. НАТО Афганистанд явуулж буй үйл ажиллагаагаа ирэх жил зогсоонгуут оросууд тэнд очиж Зөвлөлтийн үед орхисон цэргийн техникээ “эргэнэ” гэнэ.

“Афганистаны армид буй зэвсэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар дэмжиж ажиллах нь чухал байна” гэж ОХУ-ын БХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Сергей Кошелев өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. “НАТО-гийн цэрэг гарсны дараа Афганистанд нөхцөл байдал ямар ч байдлаар хурцадсан, энэ нь ОХУ төдийгүй Европын орнуудад сөргөөр нөлөөлнө” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Тэгвэл Афганистаны дайнаас тахир татуу буцаж ирсэн албан хаагчдын нийгэмлэгийн тэргүүн Олег Тихонов “Энхийн амьдрал зохиоход нь афганчуудад хэн ч байсан туслах хэрэгтэй. Гэхдээ Орос улс өмнөх алдаагаа давтахгүй байх ёстой юм. Афганистанд одоо нэг ч орос цэрэг очиж болохгүй” гэсэн байна.

Юуны түрүүнд одоо Афганистаны армид буй Зөвлөлтийн үеийн болон Оросын зэвсэг техникийн засвар үйлчилгээг сайжруулах бодит шаардлага бийг шинжээчид тэмдэглэж байна. Сүүлийн арван жилд АНУ Афганистаны Засгийн газрын цэргүүдийг Барууны орчин үеийн зэвсгээр хангахын оронд ОХУ-аас зэвсэг техник, ялангуяа нисдэг тэрэг авч өгөхөд хэдэн зуун сая доллар зарцуулсан юм. Хоёрдугаарт, оросууд Тажикистаны лалын зэвсэгт бүлгүүдийг Афганистан руу гарч нөлөөгөө тэлэхээс болгоомжилж буй тул энэ улсад хэрэм цайз барихыг хүсч байгаа нь үнэн. НАТО-гийн үед Афганистанд хар тамхины үйлдвэрлэл эрс өссөн бөгөөд чамгүй хэсэг нь Дундад Азийн хуучин социалист орнуудаар дамжин гэмт хэргийнхний сувгаар Орос руу цутгаж мафийн хүч нөлөө, албан тушаалтнуудын авлигыг тэжээж байгаа юм. НАТО Афганистанаас гарснаар ОХУ энэ хүнд асуудалтай ганцаараа нүүр тулна хэмээн оросууд болгоомжлох нь бий. Афганистанд олон зүйл дээр барьц алдаж буй НАТО-д Москва сүүлийн хоёр жил идэвхтэй туслах болсон юм. Өөрийн нутагт буй цэргийн баазаа дамжин өнгөрөх цэг болгон ашиглахыг оросууд НАТО-д зөвшөөрч хүртэл үзсэн төдийгүй “ажил дуусаагүй байхад” Афганистанаас гарахгүй байхыг Москва НАТО-гоос нэг бус удаа гуйсан билээ.

АНУ өмнө нь Вьетнам болон Иракаас яг энэчлэн жишим ч үгүй гараад явчихаж байсныхаа адилаар 2014 онд ч Афганистанаас гарна гэдэгтэй Москва хэдийнэ эвлэрсэн гэж зарим ажиглагч үзэж байна. “Иракийг хар. Америк энэ улсыг сонирхохоо байсан, хаяад явсан хойно нь Ирак иргэний дайны хөлд сүйрнэ үү яана, тэдэнд огт падгүй” гэж Москвад төвтэй Аюулгүй байдлын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Вадим Козюлины хэлснийг Америкийн “Christian Science Monitor” сонин иш татжээ. “Афганистанд үйл явдал яг ингэж өрнөх бий вий. Харин ч хурдан өрнөх байх. Афганистанд эхлүүлсэн АНУ-ын цэргийн ажиллагаа удахгүй дуусна. ОХУ шинээр арга хэмжээ авах цаг одоо болсон. Энэ нь хариуцлагын нэг хэсгийг өөртөө үүрнэ гэсэн үг. Бид Төв Азид улс төр болон цэргийн хувьд манлайлах үүрэг гүйцэтгээд хэдийнэ эхэлсэн улс. В.Путин Афганистанд цэргийн мэргэжилтэн илгээхгүй гэж өмнө нь хэлсэн нь хамаагүй, өнөөдөр Оросын цэргийнхэн Афганистаны нутагт техник туслалцааны бүтцүүд байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Юм өөр болж байна” гэж В.Козюлин хэлжээ. 

АНУ Афганистаны армийн хэрэгцээнд зориулж нэг бүр нь 17 сая долларын үнэтэй “Ми-17” нисдэг тэрэг 70 гаруйг Оросоос авсан, одоо нэмж 30-ыг авах санаатай байна. “НАТО Оросоос зэвсэг авч өгдөг нь афганчуудад энэ зэвсэг танил гэж үзсэнээсээ гадна Барууны орчин үеийн зэвсэгтэй болгочихвол сүүлд талибуудын гарт алдчихаж магадгүй гэж айсных” хэмээн улс төр судлаач зарим хүн хэлж байна. Нөгөө талаас Афганистанд эдийн засгийн оролцоогоо нэмэгдүүлэхийг чармайж буй ОХУ-ын хувьд ийн нэмэгдүүлэх хамгийн бололцоотой хэлбэр нь цэргийн техник бөгөөд Оросын цэргийн аж үйлдвэрийн лоббистууд үүнийг хөхүүлэн дэмжих нь мэдээж.

В.Путины бодлогын нэг амин чухал чиглэл нь, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг эдийн засгийн харилцан үйлчлэл дээр суурилсан шинэ Евразийн холбоонд нэгтгэх явдал юм. Оросууд ийнхүү дорно зүгт эргэн хөл тавьснаар Афганистантай залгаа, баялаг нөөцтэй боловч улс төрийн хувьд тогтворгүй Дундад Азийн хуучин социалист орнууд тэдний нүдэнд өөрөөр харагдаж эхэлж байна. ЗХУ-тай түүхийнхээ чамгүй хугацаанд сайн хөршийн харилцаатай байсан Афганистан улсад тогтвортой байдал оршиж гэмээнэ л ОХУ энэ бүс нутагт тавьсан зорилгодоо хүрнэ гэж шинжээчид үзэж байна.

“ОХУ Афганистанд эргэн ирэх гэж байна. Зарим баримтаас үзвэл америкчуудын явахыг хүлээлгүй, эхнээсээ хөл тавиад эхэлсэн ч бололтой” гэж ОХУ-ын БХЯ-ны Олон нийтийн зөвлөлийн гишүүн, цэргийн тандан судалгааны хараат бус төвийн шинжээч Анатолий Цыганок хэлжээ. Мөн тэрбээр “Одоо үнэхээр хөдөлдөг цаг. Афганистаны Засгийн газар бидэнд геологи хайгуул, газрын тосны олборлолт, усны нөөцийг хөгжүүлэх гээд олон салбарт хамтран ажиллах санал тавиад байгаа. Кабулд метро бариулах хүсэлт ч бий, Москва одоо судалж байна. Харин хятадуудын сонирхол тийшээ их тэмүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Тэд талибуудын хянадаг нутагт өөрсдөөр нь хамгаалуулаад зам тавьж байгаа. Бидний хувьд холыг харсан, ажил хэрэгч бодлого явуулах цаг нэгэнт иржээ” гэж түүний хэлснийг мөн Америкийн сонин иш татсан байна. Афганистаны Зөвлөлтийн чиг баримжаатай дэглэмийн удирдагч асан Мохаммад Нажибуллагийн зөвлөх байсан, одоо ОХУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, генерал Махмут Гареевийн хэлснээр, оросууд Афганистанд ямар ч хэлбэрээр эргэж очсон, туйлын болгоомжтой байх хэрэгтэй гэнэ. “Афганистаныг сүйрүүлж хаяхад олон орон оролцсон. Гэхдээ энэ орныг зайлшгүй сэргээн босгох хэрэгтэй. Дайн, буу зэвсэг, үхэл хагацлаас өөр зүйл үзээгүй хэдэн үе өнгөрсөн байна. Бидний хоорондын харилцааны түүх дандаа хар бараан байгаагүй. Афганистаныг хаант улс байх тэр үед ч бид хамтарч ажиллаж байсан. Өмнө нь хэн ч ингэж хандаж байгаагүй болохоос биш Афганистан бол юмыг ажил хэрэгчээр хийж болох газар. Тийм болохоор бид үзээд алдах хэрэгтэй, гэхдээ туйлын болгоомжтой байх ёстой” гэж орос генерал “Christian Science Monitor” сонинд ярьсан байна.

Б.АМГАЛАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж