Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

“Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд орж ажиллахдаа… нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шударгаар зүтгэж, шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглая” гэж сар гаруйхны өмнө тангараг өргөж Монголын цагдаагийн байгууллагын эгнээд нэгдсэн хөвгүүн үнэхээр л амь насаа хайрласангүй.

Харамсалтай байна, 23-хан настай хорвоог орхисонд нь бус ард иргэдийнхээ амар амгалангийн төлөө үнэнчээ илэрхийлсэн эх орны хүү гэж бодохоор.

Дэлгүүрийн хаалга эвдлэн орж дотор нь орогносон гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох гэж харанхуй шөнө яваад цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр буудуулж амиа алдсан тухай мэдээлэл хаа холын Ховд аймгийн Булган сумаас Монголын нийгмийг цочроов.

Цагдаагийн ерөнхий газраас болсон хэрэг явдлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “2013 оны дөрөвдүгээр сарын 02-ны 23.30 цагийн орчимд Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт цагдаагийн  ахмад Баатархаан эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад “Бүрэн” нэртэй авто сэлбэг зардаг дэлгүүрийн  хаалганы цоож эвдэрсэн, цүүнээс салгасан байдалтай байхыг харж, хулгайн гэмт хэрэг гарсан байж болзошгүй гэж сэжиглэн сумын цагдаагийн тасаг руугаа утасдаж мэдэгдсэний дагуу цагдаагийн гурван ажилтан хүч нэмэгдүүлэн очжээ. Орж шалгахаар дэлгүүрийн хаалгыг онгойлгон дөрвүүлээ ороход харанхуйгаас гэнэт буун дуу гарч, цагдаагийн дэд ахлагч Баярсайханы Төмөрчөдөр буудуулан лангуун дээр унасан ноцтой гэмт хэрэг гарлаа. Хоёр ахлагчид буудуулсан ажилтнаа яаралтай авч гарах үүргийг ахмад Баатархаан өгч, өөрөө гэмт этгээдүүдэд гэмт үйлдлээ таслан зогсоох анхааруулга өгсөн байна. Гэвч гэмт этгээдүүд “Буудлаа, ална шүү” гэх байдлаар хариулж хаалганаас холдохыг шаардсан. Энэ хооронд буудуулснаас бусад цагдаагийн гурван ажилтан хулгайн гэмт хэрэг үйлдсэн сэжигтэй, зэвсэгтэй гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах гэж оролдсон ч гэмт этгээдүүд цонхоор гарч зугтсан, хойноос нь хөөсөн ч харанхуй руу шингэж алга болсон байна. Буудуулсан ажилтанг сумын эмнэлэг  хүргэх хооронд амьсгал хураасан харамсалтай явдал боллоо. Хэрэг гарсан даруйд Ховд аймгийн цагдаагийн газраас зэргэлдээх Увс, Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар, онцгой байдал, хилийн отрядь, анги байгууллагуудад шуурхай мэдэгдэж, дахин гэмт хэрэг үйлдэх, хил даван оргон зайлахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, баривчлах, эрэн сурвалжлах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдөр өглөө Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн холбогдох төрөл, мэргэжлийн албадаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан, нисдэг тэргээр хэргийн газарлуу явлаа” гэж мэдэгдэв. Товчхондоо ийм хэрэг явдал болж.

Цагдаагийн ерөнхий газар Батлан хамгаалах яамнаас нисдэг тэрэг хөлслөн ажлын хэсгийнхний талыг өчигдөр өглөө хэргийн газарлуу илгээсэн бол нисдэг тэргэнд багтаагүй учраас зарим нь машинаар гарсан гэнэ. 

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр 1990 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 2007 онд аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 2011 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд 2013 оны гуравдугаар сараас ажил, хөдөлмөрийн гараагаа эхлэн Булган сум дахь сум дундын цагдаагийн тасагт цагдаагаар томилогдон ажиллажээ. Төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлэн гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоох гэж байгаад халдлагад өртөн харамсалтайгаар алтан амиа алдсан тэрбээр ээжтэйгээ, дүүтэйгээ амьдардаг амьдралд дөнгөж л хөл тавьж байсан.

Хайран байна, буугаар зэвсэглэсэн гэмт этгээдүүдийн өмнөөс буу бариад очсон бол магадгүй тэр амь насаа алдахгүй ч байсан юм бил үү. Бас гэмт этгээдүүдийг алдаж явуулахгүй ч байсан байх. Гав, бороохойноос өөр зэвсэг гээд байх юмгүй тэд шулуухнаар хэлэхэд хаалганы цаана айж зогсож байгаад гэмт этгээдүүдийг алдаад явуулчихжээ. Хэрвээ буутай байсан бол цонхон доор очоод отох байсан нь ойлгомжтой. Буугүй юмаа гэхэд бууны сум үл нэвтрэх хантаазтай  байсан сан бол ч…

Иймэрхүү байдлаар эмгэнэлтэйгээр амиа алдсан цагдаагийн алба хаагчийн тоо сүүлийн 50 жилийн судалгаагаар 58 болсон гэсэн мэдээллийг өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдэв. Гашуунаар хэлэхэд тэдний хохь болжээ. Орчин үеийн хамгийн хурдан унаа, халуун зэвсэг агссан гэмт этгээдүүдийн хойноос гав, бороохойноос өөр юмгүй нүцгэн цагдаа хөөцөлдөж байна гэж бодохоор эмгэнэлтэй, өрөвдөлтэй байна. Одоо амиа алдсан дэд ахлагчийн ар гэрт оршуулгын тэтгэмж, хэдэн жилийн цалинг нь бодож өгөх байх. Хууль журмаараа тийм л юм байна билээ.

Өчигдөр орой 19.00 цагт гэмт этгээдүүдийг баривчилсан эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад “Үгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж