Мэдээллийн технологийн долоо хоног болно

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Мэдээллийн технологийн долоо хоног болно

Өнөө үед нийгмийн бүхий л салбарын шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлогч хүчин зүйл нь мэдээллийн технологийн салбар болж байна. Дэлхийн аль ч улс оронд тус салбарын чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, олон нийт рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулан мэдээ мэдээллийг түгээж байдаг билээ.

Монгол Улсын Засгийн Газраас Цахим Монгол үндэсний хөтөлбөр, Иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох хөтөлбөр, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Цахим засаглал үндэсний хөтөлбөр, Монгол улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлого зэргийн хүрээнд Монгол Улсын  Засгийн Газрын тохируулагч агентлаг Мэдээллийн Технологийн Шуудан Харилцаа Холбооны Газраас зохион байгуулж буй мэдээллийн технологийн салбарын хэмжээнд МТХХ –EКСПО 2013 үзэсгэлэн яармагийг энэ оны 05 сарын 17-нд “Мишээл експо”-д болно. Уг арга хэмжээ угтан  МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН 7 ХОНОГ-ийн өдөрлөгт аяныг  МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН КОНСОРЦИУМ-аас зохион байгуулна.

          
1.    4 сарын 23,24-нд    

РОБОКОН -2013

 
Монголын Үндэсний олон нийтийн телевиз Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн телевизийн хувьд залуу хойч үеэ тэр дундаа инженер, техникийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусынхаа хөдөлмөрч, бүтээлч сэтгэхүйг тэтгэн хөгжүүлэх зорилгоор 2000 оны эхээр анх Робокон тэмцээнийг эх орондоо зохион байгуулж эхэлсэн юм. Энэ хугацаанд Робокон тэмцээнд оролцогчдоос олон шилдэг инженерүүд төрөн гарсан юм. 

Ази номхон далайн бүсийн орнуудын соёл уламжлалыг таниулан сурталчлах, оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх  зорилготой оюун ухааны өрсөлдөөний их талбар болсон “Робокон 2012” олон улсын роботын тэмцээн өнгөрсөн  жил 8-р сарын 19-нд Хонг Конг-д болсон. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх багийг шалгаруулах Үндэсний роботыг тэмцээнийг бид өнгөрсөн оны 6-р сарын 7-нд зохион байгуулсан бөгөөд үндэсний ялагчаар ШУТИС-ийн КТМС-ийн Тридум И-Секурити багийнхан шалгарсан юм. Азийн 19 орны шилдэг багууд өрсөлдсөн энэ тэмцээнээс Тридум И-Секурити багийнхан Панасоникийн нэрэмжит тусгай байрын шагналыг эх орондоо авчирсан.  
2013 оны олон улсын роботын тэмцээн Вьетнам улсад болох юм. Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх багийг шалгаруулах Үндэсний роботын 13 дахь удаагийн тэмцээнийг  Монгол Бөхийн өргөөнд 4-р сарын 23,24-д зохион байгуулна.

Холбоо барих утас: 8803-8595, 11-328334, www.mnb.mn

2.    4 сарын 25-нд

IT СУРГУУЛИУД,  АЖИЛ ОЛГОГЧИЙН УУЛЗАЛТ, БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

 
Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургуулиудын төгсөх курсын оюутан,  төгсөгчдөд зориулан  тус салбарын мэргэжилтэй боловсон хүчин авах сонирхолтой бүхий л албан байгууллагууд, пүүс компаниудыг оролцуулсан  ажлын байрны нээлттэй өдөрлөг,  уулзалт  болох гэж байна. Уг уулзалт өдөрлөг болохтой зэрэгцэн авъяаслаг оюутан залуусын бүтээсэн мэдээллийн технологийн бүтээлийн үзэсгэлэн 2013 оны 04 сарын 25-ны өдөр  МУИС-ийн 3-р  байранд болно. Холбоо барих утас: 9499-9499

3.     04 сарын 25-нд

 МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭМЦЭЭН

 
Энэхүү тэмцээний зорилго нь цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо, хамгаалалт зэрэг цуврал тэмцээнээр дамжуулан мэдээллийн аюулгүй байдлын ухамсар, ёс зүйг бий болгох, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, улмаар өсвөр залуу үеийнхэнд  цахим орчны зөв төлөвшилт бий болгох зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.  Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр өөрийнхөө ур чадвар, мэдлэгийг сорих, олон нийтэд танигдахыг хүссэн оюутан, сонирхогч, мэргэжилтэн бүх хүнд нээлттэй. Уг тэмцээн нь  багийн зохион байгуулалттайгаар зохион байгуулагдах бөгөөд тухайн баг нь 2-3 гишүүнтэй байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг 7018-0092, 8810-8870 утаснаас лавлана уу. Зохион байгуулагч: “Үндэсний Дата Төв” УТҮГ,   КАБГ “Мобиком” корпораци, МУИС-МТС, ШУТИС-КТМС тус тус ажиллаж байна.


4.    04 сарын 26-нд

ММТ 2013 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

 
Аливаа улс орон өөрийн мэргэжлийн холбоо, мэргэжлийн сэтгүүл, эрдэмтэн, профессоруудыг оролцуулсан нэгдсэн хэмжээний хурал уулзалтыг зохион байгуулах нь тэдгээрийг хооронд холбож, санал бодлоо солилцох, туршлага судлах боломжуудыг давхар олгож байдаг билээ. Тиймээс энэ салбарт мэргэжлийн консорциумтай болох шаардлага бий болж, Монголын Мэдээллийн Технологийн Консорциумыг байгуулжээ. Энэ удаа нэгдсэн зохион байгуулалттайгаар тогтмол хугацаанд хурал, сэтгүүлтэй болох зорилгоор сэтгүүлийн зөвлөл байгуулсан бөгөөд АНХДУГААР эрдэм шинжилгээний хурлыг 2013 оны 04 сарын 26-нд  МУИС-ийн 1-р байр /дугуй заал/ дээр зохион байгуулна.  Уг арга хэмжээтэй холбоотой бүхий л дэлгэрэнгүй мэдээллийг  http://sit.num.edu.mn/mmt-ээс авна уу.  Холбоо барих утас: 9499-9499

5.    04 сарын 27-28-нд
 

УЛСЫН ПРОГРАМЧЛАЛЫН 23-Р ОЛИМПИАД

Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр суралцаж буй их дээд сургуулийн оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор  Монголын програмчлалын 23-р олимпиад  Монгол  Улсын Боловсролын Их  Сургууль 2013 оны 04 сарын 27-28-ны хооронд зохион байгуулна. Энэ арга хэмжээ нь оюутан залуусыг тэмцээн уралдаанд идэвхитэй  оролцуулж,  цаашид олон улсын хэмжээнд өөрийн оюун ухаанаа сорих, өөрийгөө нээн таниулах боломжийг давхар олгодогоороо олон талын ач холбогдолтой юм. Холбоо барих утас: 88003476,70112245, 9908-2681

6.    04 сарын 28-нд

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН ШАЛГАЛТ

   
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний парк, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 13 дахь удаагаа 2013 оны 04-сарын 28-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn, холбоо барих утас: 11-312918, 99873748 зэрэг утсаар холбогдоно уу.

Мөн түүнчлэн “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН 7 ХОНОГ” ГЭСЭН арга хэмжээг дэмжих иргэд, аж ахуйн нэгж, пүүс компаниуд байвал 9499-9499 гэсэн утсанд холбогдоно уу.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж