ноход юугаан (хэнийгээн) ноцож барих бол доо…
Энэ номын тухай би 2006 онд монгол уншигчдад мэдээлж, танилцуулж байсан билээ. 2004 онд хэвлэгдэн гарсан даруйдаа Хятадад шуугиан тарьж, ном, зохиогч хоёулаа эерэг, сөрөг янз бүрийн үзэл бодол, санал сэтгэгдлээр ёстой булуулсан юм. Тэрбум гурван зуун сая хүн амтай, тэр хэрээр дэлхий дээр хамгийн олон уншигчтай өмнөд хөршид урьд өмнө ямарч ном ингэж шуугиан дуулиан тарьж байсангүй. Өрнөдийн томоохон хэвлэлийн газрууд “Чонон сүлд”-ийг орчуулан хэвлэх эрхийн төлөө уралдацгааж, “Пингвин хаус” хэвлэлийн газар англи хэл рүү орчуулан гаргаснаас хойш Хятадын утга зохиолын ертөнцөөс өрнөдөд хэвлэгдсэн анхны бестселлер болж, гуч гаруй хэлээр орчуулагдан хэдэн арван сая хувь хэвлэгдэн дэлхийн уншигчдын хүртээл болжээ.
Манай авьяаслаг орчуулагч Д.Болдбаатар энэ номыг орчуулж монгол уншигчдад хүргэснээр монголчуудын дунд ч их уншигдаж, шилдэг номын жагсаалтад багтсаар иржээ. Түүнийг уншсан улс төрч, уран бүтээлч, зохиолч, бизнесмэн олон хүн санал бодлоо илэрхийлж, сонин хэвлэлээр шүүмж, нийтлэл нэлээд гаргав. Энэ удаа би хятад судлаачийн хувьд өөрт төрсөн сэтгэгдлээ уншигчдад хүргэхээр шийдсэн юм. Надад энэ номын хятад эх, Өвөр Монголд хэвлэгдсэн худам монгол, Улаанбаатарт хэвлэсэн кирил монгол, мөнөөх англи орчуулга нь бий. 2007 оны хавар би Бээжин дэх “Английн номын сан”-д болсон “Чонон сүлд”-ийн англи хэвлэлийн нээлт, орчуулагч, уншигчийн уулзалтад оролцсон юм. Тэнд Англи хэвлэлийн орчуулагч, америкийн нэрт хятадач Гоулдблаттай, бас шинэ номын нээлтээ хийж асан “Аттила”, “Чингис хаан”, “Хубилай” гурамсан бүтээл туурвигч, америкийн монгол судлаач Жон Маннтай танилцах завшаан тохиож билээ.
“Чонон сүлд”. Энэ ном монгол үндэстнийг, монголчууд биднийг дэлхий дахинаа, хүн төрөлхтөнд дахин нэг удаа нээж өгөв. 2007 онд би энэ номын тухай мэдээ сонинд нийтлүүлэхдээ: “Бидний тухай хүний хүн ийм бүтээл туурвин дэлхийн уншигчдыг “байлдан дагуулж” байхад манай зохиолчид, уран бүтээлчид юу хийж байна вэ?” хэмээн уран бүтээлч нөхдөө ирлэх, өдөх утгаар бичиж байж билээ. Манайд үүнээс дутуугүй сайн зохиол бүтээл бий. Гэвч бид түүнийгээ олж харахгүй байна, орчуулж дэлхийн дэвжээнд хүргэхгүй л байна.
Номын өгүүлэмж их энгийн. Тэртээх жараад оны сүүлчээр Хятад орон даяар өрнөсөн Соёлын хувьсгалын хөлд ширвэгдсэн романы гол баатар Чэнь Жэнь хэмээх залуу сэхээтэн, гурван нөхрийн хамт “дахин хүмүүжигдэхээр” Өвөр Монголын тал нутаг, манай зүүн хилийн цаахана орших Зүүн үзэмчиний нутаг Шилийн гол аймагт нутаг заагдан очиж байна. Өвөр Монголд очоод монгол үндэстний дунд олон жил ажиллаж, амьдарсан зохиогч Зян Рун монгол ахуй, аж төрөх ёсыг, Монгол үндэстний түүхийг өөртөө нээснээ энэ залуугийн дүрээр, монгол хүн, чоно хоёрын харьцаагаар дамжуулан илэрхийлж, Нүүдлийн соёл иргэншил хэмээдэг энэ эртний, их соёл иргэншлийн түүх, өвөрмөц шинж, амин үндэс, хүч чадлыг ул суурьтай, үнэн зөв гарган ирж, түүхийн шинжлэх ухаан, түүх судлалын хувьд бодитой, үндэслэлтэйгээр илэрхийлэн өгүүлжээ.
Ингэхдээ эхлээд тал нутаг, чоно хоёрыг, ерөөсөө Монголын тал нутаг гэгдсэн нүүдэлчин ард түмнүүдийн байгаль ертөнцийг, улмаар цаашлаад монгол, хятад хоёр хүнийг, монгол, хятад хоёр үндэстнийг харьцуулан ажиглаж, жишиж, таньсаар, эцэст нь нүүдлийн соёл иргэншил ба суурьшмал тариачны соёл иргэншлийг хооронд нь харьцуулж судлан, аль алиных нь талаар өөрийн гэсэн ойлголт, дүгнэлтэд хүрснээ энэ номдоо тусгажээ. Чэнь Жэнийг нэгэн жигтэй бодол ховсдон татсаар, тэр нууцад нэвтрэх чин хүсэл эрмэлзэл чангаан хөтөлсөөр байдаг. Тэр бол Төв Азийн нүүдэлчин угсаатнууд гэгдсэн цөөхөн хүн амтай ард түмнүүд хэдэн мянганы туршид хэрхэн үй олон хүн амтай, хөгжингүй, тансаг баян суурьшмал соёл иргэншилд автан уусч алга бололгүй аж төрсөөр, оршин тогтносоор өнөөг хүрч ирэв ээ? гэдэг асуудал болой.
Тэрээр эхлээд нүүдэлчин малчин ахуйд орж, юуны өмнө тэр ахуйг таньж мэдэж байна. Үүнд нь мэдээж түүний эргэн тойронд агч монголчууд, ялангуяа зохиолын өөр нэг дүр болох Билиг хэмээх монгол малчин өвгөн түүнийг монгол ахуй, аж төрөх ёсонд сургах төдийгүй, (монгол) хүн байгаль хоёрын хүйн холбоо, хүн адгуус хоёрын харьцааны тухай жам ёсыг зааж өгч, монголчуудын тэнгэрийн үзэл, чоно шүтлэг, оршихуйн арга ухааныг орших, эс оршихын гүн ухаантай нь хамт зааж сургаж байна. Билиг өвгөн яах аргагүй байгаль дэлхийд ойр, түүнийг бусад үндэстнээс онцгой илүүтэйгээр танин мэдсэн, нүүдэлчин малчин амьдралын нэвтэрхий толь болсон монгол хүний нийтлэг дүр бөгөөд, үүгээрээ тэр оросын зохиолч В.К.Арсеньевын алдарт зохиол, түүгээр хийсэн “Дерсу Узала” хэмээх киноны гол дүр болж мөнхөрсөн Сибирийн тайгын анчин өвгөнтэй ялгахын аргагүй адилхан юм. Бас романы дөрөвдүгээр бүлэгт гарч байгаа чонон сүргийн ав хийгээд цасан хунгарт үйж үхсэн олон зээрийн махыг олж авч өвлийн идэш залгаж байгаа үйл явдал нь киргизийн нэрт зохиолч Чингиз Айтматовын “Далайн хөвөөний алаг хав толгой” туужийн ангуучилж буй үйл явдлыг эрхгүй санагдуулах төдийгүй илэрхийлж буй утга санаагаараа америкийн их зохиолч Эрнест Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” орчин үеийн сонгодог туужийн үзэл санаатай ч холбогдоно.
Билиг өвгөний дүрийг тодотгож буй ийм өгүүлэмж романд маш олон бий: “Монгол нутагт өвс, тал хоёр том амь, бусад нь жижиг амь байдаг юм. Жижиг амь том амиа түшиглэн амьдардаг болохоор чоно, хүн хоёр өөрцгүй жижиг амь болно. Тал нутгийн их амь тасарвал бага аминууд яахин оршин тогтож чадах вэ?(63-р тал). “Чоныг ойлгохгүй бол нүүдэлчин үндэстнүүдийн оюун санаа, зан чанарыг ойлгохгүй, тэр тусмаа суурьшмал үндэстнүүд юугаараа өөр болон давуу, сул талуудыг ойлгож мэдэхгүй. Хятадууд чоныг үзэн ядсаар байгаад түүний мөн чанарыг ойлголгүй хоцорчээ. Харин түүнийг ойлгож, түүний чадвараас суралцсан үндэстнүүд гэвэл ихэнх нь нүүдэлчид л байдаг”(251-р тал) гэх зэргээр өгүүлж буй нь хүн-байгаль, хүн-адгуус, тэс тусмаа монгол хүн-талын чоно хоёрын харьцаа, хэлхээ холбоог харуулж байна.
Гол дүрийн үзэл бодол хийгээд зохиогчийн хүүрнэл ч дараах байдлаар үргэлжилнэ: ”Хэрэв чоно байхгүй болчихвол тал нутаг сүйрлээ гэсэн үг. Хээрийн хөх чоно тал нутгийн эзэн хүнтэй ямар нэгэн нууцлаг сэжмээр холбоотой, хэрэв орог саарал чоныг ойлгочихвол Монголын нууцлаг тал болоод малчин ардыг ойлгож болмоор бодол төрдөг болжээ”(26-р тал), “Чэнь Жэнь аажмаар тал хээрийн чоно болоод чоныг сүр сүлдээ болгон дээдэлдэг тал нутгийн үндэстнийг бишрэх сэтгэл төрөв”(44-р тал). Энэ бүхнээс үүдэн романы хэлэх гэсэн эхний санаа бол “Чоно бол байгалийг тэнцвэржүүлэгч” гэсэн санаа ажээ. Энэ нь бас цаад утгаараа өнөөдөр улам бүр хурцаар тавигдаж, хүн төрөлхтний “оршин байх эсэхийн” шийдэл болоод байгаа хуурайшилт, цөлжилт, цаг уурын өөрчлөлтийн эсрэг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль эхийн үр сад болсон хүн төдийгүй, адгуус амьтад, тухайлбал хүний, нэн ялангуяа хятад хүний үзэн яддаг “заналт дайсан” – чоныг ч хайрлан хамгаалах маш чухал санааг “байдаг дуу хоолойгоороо” хашгиран хүргэхийг хүсчээ.
Үүнтэй холбогдуулан дурдахад өнгөрсөн жил нэг сонинд гарсан “Чоно буруугүй буюу малчдын хийрхэл” хэмээх өгүүлэлд: “Чоныг ад үзэх болсон хоёр шалтгаан бий. Нэг нь түүний үслэг арьс, яс, мах гээд бараг бүх эрхтэн нь урд хөршид эрэлттэй түүхий эд болсонтой холбоотой. Бүхлээр нь хөлдөөсөн нэг чонын ханш дунджаар 150 мянган төгрөгт хүрч байна. Нөгөө шалтгаан нь Монгол орны мал сүргийн тоо толгой өдгөө хэдийн 50 саяд хүрсэнтэй шууд хамаатай. Олон сая мал бэлчээрийг бүхэлд нь эзлээд зогсохгүй зэрлэг байгальд хүч түрэн орсон. Ан амьтдын газар нутаг, идэх хоол, орон гэрийг нь хүмүүс булаан эзэлж, дээрэмдэх болсоор удаж байна” гэж бичсэн нь бодит үнэнийг онож хэлсэн хэрэг мөн. Яг л ийм үйл явдал энэ романд гарч байна. Тэхлээр өнөөдрийн энэ дүр төрхийг зохиогч тэртээх далаад оны үед олж харжээ гэмээр.
Замын-Үүдийн гаалийнхан зөвхөн нэг удаад 80 ширхэг хөлдөөсөн чоно илрүүлж, бас Говь-Алтай аймаг даяараа хөдлөн 250 чоно алж төв талбайгаа мялаасан нь саяхны явдал. Дээрх нийтлэлд: “Хэрвээ чоногүй болбол Монгол орны амьд байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, амьтны аймагт таамаглашгүй гамшгууд нүүрлэнэ гэдгийг ухамсарлаж ойлгох экологийн наад захын боловсрол манайханд байдаггүй бололтой. Магадгүй зарим нь салхинд гарангаа жийпээ унаж, дурантай буугаа ашиглаж чадахгүйд хүрнэ гэж айсан биз. Хүн төрөлхтөн тансаг хэрэглээнийхээ төлөө онгон байгалийг дахин сэргэхээргүй болтол нь сүйтгэж, амьтны аймгаас олон арвыг устгасаар байна. Энэ нүглээ цайруулахын тулд АНУ-ын Засгийн газар гэхэд жилд 100 сая ам.доллар зарцуулдаг судалгаа бий. Харин бид саарал чоноо устгачихвал дахин үржүүлж, сэргээн нутагшуулах ажилд хөрөнгө хаях хэмжээнд хүрээгүй л байна даа” гэжээ.
Чэнь Жэнь энэ бүхэнд суралцсан хойноо танилцах үйл явцаа цааш нь бүтээлчээр үргэлжлүүлж, сургууль соёлоор олж авсан түүхийн мэдлэгтээ тулгуурлан сэтгэж бясалгасаар монгол, хятад хоёр үндэстэн, улмаар нүүдлийн соёл иргэншил хийгээд суурьшмал тариачны соёл иргэншлийн мөн чанар, өөр хоорондын харилцаа холбоо, өвөрмөц зүйлүүд, сул хийгээд давуу талуудыг нь олж харж, өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгч байна. Тухайлбал дэлхийн түүхийн тайлагдашгүй оньсого – цөөхөн зэрлэг бүдүүлэг нүүдэлчид хэдэн мянганы туршид хэрхэн хүн ам ихтэй, тансаг баян суурьшмал соёл иргэншилд уусч алга бололгүй аж төрсөөр, оршин тогтносоор өнөөг хүрч ирсэн, чухам яаж хэдэнтээ дэлхийн дайдыг эзлэн нэгтгэж, Ази-Европыг дамнасан агуу их гүрэн байгуулж байсны учир шалтгааныг тайлж байна. Тэр бол чонотой ойр байдаг, чононоос суралцдаг нүүдэлчдийн чонон араншинд оршиж байгаа хэрэг ажээ.
Романы хэлэх гэсэн эхний санаа бол “Чоно бол байгалийг тэнцвэржүүлэгч” гэсэн санаа бол харин хэлэх гэсэн удаахь санаа нь “Нүүдэлчид бол чоно. Чоно байгалийг тэнцвэржүүлэгч бол нүүдэлчид хүн төрөлхтнийг тэнцвэржүүлэгч мөн” гэсэн санаа юм. Энэ бол хүн төрөлхтний түүх судлалд урьд өмнө ч байсаар ирсэн “тэнгэрийн элч, тэнгэрийн гэсгээл, тэнгэрийн ташуур” хэмээх ойлголтын шинэлэг хэлбэр мөн. Шуудхан хэлэхэд зохиогч номондоо хятад үндэстнээ хоньтой зүйрлэж, монгол үндэстнийг чонотой зүйрлэн, ер нь энэ хоёр үндэстний бүх зүйлийг, хүмүүсийнх нь зан чанар, ааш аяг, тэсвэр хатуужил, зүрх зориг, зүрхгүй хулчгар байдал, хамаг бүхний, амь амьдралын эх сурвалж, уг үүсгэл болсон байгаль дэлхийтэй зохицон харьцах байдал, хандлагыг ч харьцуулан жишиж өгүүлжээ. Энэ тухай Билиг өвгөн: “Танай хятадууд өвс идсээр байгаад хонь шиг болсон улс, харин манай монголчууд мах иддэг чоно л гэсэн үг. Тийм болохоор чи жаахан ч гэсэн чонын зүрх зоригтой болвол зүгээрсэн”(36-р тал) гэж өгүүлж байна.
Зохиолд чонон сүлд, чоно шүтлэг, чоно шүтээн, чонон араншин, чонын үзэл санаа, номхон хонь, хятад хонь, хонийн үзэл санаа, чоно үндэстэн, талын чоно, далайн чоно, цус сэлбэлт зэрэг олон үг хэллэг, нэр томьёо, үндэсний үзэл, үндэсний ухамсар, сэргэн мандалт, хүчирхэгжилт, доройтол зэрэг ойлголт, ухагдахуун тааралдана. Жишээ нь чонон араншин гэж юуг хэлж байна вэ? гэхүл энгийнээр хэлэхэд энэ бол маш их эрч хүчтэй, хийморь лундаатай, оргилуун халуун зан чанар, байгаль хийгээд нийгмийн хатуу ширүүн нөхцөлд амьдрахын төлөө, орших, эс оршихын төлөө эцсээ хүртэл тэмцэгч шинж юм. Түүхчид, судлаачид үүнийг өөр өөрөөр нэрлэсээр байдаг. Л.Н.Гумилёв, монголын түүхч Д.Гонгор, Н.Ишжамц нар тэднийг урт дурын хүмүүс гэсэн бол эртний түүх бичлэгт хүлэг баатад, нөхөд, нохос, тал нутгийн баатрууд, эрх чөлөөт нүүдэлчид… гэх мэт өөр нэрс ч бий. Тэд бүгдээрээ эрэлхэг дайчин, хийморьлог, тэнгэрлэг хүмүүс, нэг үгээр хэлэхэд чонон араншинтай хүмүүс авай.
Хятад оронд чоно бараг байхгүй. Магадгүй, аль эрт, бүр хэдэн зуун жилийн өмнө устаж үгүй болсон биз. Тэгсэн атлаа яагаад өнөө хэр нь чоно гэдэг энэ амьтныг үзэн яддаг юм бол? гэхүл үүний цаана өөр нэг ойлголт байна. Тэр нь юу вэ? гэвэл хятад хүн умрын нүүдэлчин ард түмнүүдийг чоноор төлөөлүүлэн үздэгт оршино. Өнөөдөр энэ үзэл ойлголтыг өөрчлөх цаг болжээ. Энэ тухай Зян Рун зохиолч “Чонон сүлд”-ээрээ дамжуулан ард түмэндээ хэлжээ. Хүн төрөлхтний түүх ихэд урагшлан хөгжсөн өнөө цаг үед улс түмнүүд энх тайвнаар зэрэгцэн оршиж, найрсаг нөхөрсгөөр харилцах явдал амин чухал, бодит чиг хандлага болж байгаа билээ.
Зохиогч энэ номдоо монголчуудын өртөөлөн авч яваа өнө эртний үүсэл угшилтай нүүдлийн соёл иргэншил хийгээд хятад үндэстний бий болгосон хэдэн мянганы түүхтэй суурьшмал тариачны соёл иргэншлийг хооронд нь харьцуулан жиших замаар энэ хоёр их соёл иргэншлийн аль нь илүү амьдрах чадалтай, аль нь илүү хүнлэг энэрэнгүй болохыг зохиолын гол дүр Чэнь Жэний ажиглалт, өөртөө нээж байгаа нүүдэлчдийн ертөнц, Төв Азийн онгон дагшин байгаль, түүнд дасан зохицож амьдардаг нүүдэлчин, малчин ард түмнүүдийн аж төрөх ёс, ертөнцийг үзэл үзлийн талаарх ойлголт мэдлэгээр дамжуулан илэрхийлж байна. Түүнчлэн зохиолын гол дүрүүд болох Чэнь Жэнь, Янь Кө, Гао Зяньжун, Жан Зи-юань нарын санал бодлоо илэрхийлэн солилцож буй харилцан яриануудаар хоёр соёл иргэншлийг харьцуулан жишиж, үнэлэн дүгнэж, мөн тийм арга хэлбэрээр хоёр соёл иргэншлийн түүх, цадигийг эргэн харж, түүхийн үйл явц, түүнийг тэрлэж, бичиглэж ирсэн урьдын түүх бичлэгт тодотгол, нэмэлт, завсар хийхийг оролджээ.
Тийм ээ, юуны өмнө зохиогч энэ бүтээлээрээ өнгөрсөн түүхийн бичлэгт, үзэл үнэлгээнд нь цоо шинэ байдлаар, огт өөр өнцгөөс нь харж үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьжээ. Зохиогчийн үгнээс иш татья: “…Хатуухан хэлэх юм бол түүхийн үнэн мөнийг сэргээх асуудал. Тийм болохоор Хятадын түүхийг шинээр бичээд зогсохгүй, түүх бичлэгт хувьсгал хийх цаг болсон. Түүх бичлэгт хувьсгал хийхгүй бол Хятад улс авралгүй болно”(678-р тал) гэсэн бол удаад нь зохиогч үүгээрээ энэ бүтээлийн анхны уншигчид болох хятад хүмүүстээ, хятад үндэстэнд хандаж, нүүдлийн соёл иргэншил, нүүдэлчин малчин ард түмнүүд, түүний дотор энэ соёл иргэншлийг түүчээлэн авч яваа өнөөгийн монгол үндэстний талаарх тэдний ойлголт, үзэл хандлагыг өөрчлөхийг зорьжээ.
Нүүдэлчин ард түмнүүд хятад үндэстэнтэй зэрэгцэн оршиж ирсэн түүхийн урт хугацааны туршид тэдний цусыг сэлбэж, үндэстнийх нь чанарын хувьд ямагт сайжруулсаар иржээ. Хүннүгийн гуравны нэг нь хятадад ууссан, сяньбигийн тэн хагас нь, түрэгийн тал хувь нь, хитанчуудын ихэнх нь тийм хувь заяа хүртсэн бол өнөөдөр монгол үндэстний тэн хагас нь хятад үндэстний цусыг сэлбэх энэ түүхэн үйл явцыг давтаж байна. Үүнийг зохиогч: “…Юань гүрний монголчууд хятадуудад дахин нэг цус сэлбэж өгсөн. Тиймээс Мин улсын сэргэн мандалт нь монгол үндэстний сэтгэл харамгүй цус сэлбэлт болон чонон сүлд хятад нутагт дахин амилсны хүч байсан юм” гэж түүхэн үйл явцуудаар жишээлэн илэрхийлжээ(672-р тал). Улмаар нүүдэлчин ард түмнүүдийг үзэх хятад үндэстний уламжлалт үзэл хандлагыг өөрчлөх цаг ирснийг, өөрчлөх шаардлагатайг, өөр нүдээр харж, хэрэгтэй, ашигтайг нь олж авахын чухлыг сануулж байна. Энэ тухай олон жишээг номоос иш татаж болно. Жишээлбэл: “Хятадын түүхийн таван мянган жилийн хөгжлийн явцаас харахад Хятадын соёл иргэншил өнөөг хүрч ирсний гол нууц нь нүүдэлчин үндэстнүүд байнга цус сэлбэж байсантай салшгүй холбоотой. Тал нутгийн үндэстнүүд нийт Дундадын үндэстэнд үзүүлсэн аугаа их хувь нэмрийг зөв ойлгон үнэлж, талын чоно, талын үндэстнүүдээс суралцах хэрэгтэй”(679-р тал) гэжээ.
Зохиолын төгсгөл хэсэгт хэдэн бүлэг дамнан гол дүр Чэнь Жэнь, Янь Кө хоёрын харилцан яриа, түүгээр дамжуулсан хоёр соёл иргэншлийн мөн чанарыг харьцуулан жишсэн дүгнэлт, нотолгоо үргэлжилж байна. Энэ бүхнийг базаж харахад ерөөсөө хоёр соёл иргэншлийн мянга мянган жил оршин тогтож ирсэн, зэрэгцэн оршиж харилцаж ирсэн түүх бүхэлдээ харагдана. Хоёр мянганы тэртээх нүүдэлчдийн өвөг дээдэс болсон Рун, Ди угсаатнууд, мөн тэр үеийн хятадын өвөг дээдэс янхуанчууд, хожмын хуася угсаатны намтар цадигийг тэд ойлгомжтой, энгийн үгээр дэс дараалуулан хүүрнэнэ. Ийм маягаар хятад үндэстний намтар цадигтай зэрэгцүүлэн хүннү, сяньби, түрэг, хитан, монголын түүхийг харьцуулан хүүрнэх нь бүхэлдээ номын тайлал, дүгнэлт болж байна.
Номд хятад төвийн үзэл, их гүрний дээрэнгүй үзэл хандлага, жанжлах үзэл, уусгах бодлого зэргийг дэвэргэсэн, уриалсан утга санаа, үг өгүүлбэр байхгүй. Харин ч тэдгээрийг орхиж, тэдгээрээс татгалзаж, энэ түүхэн асуудалд эрүүл саруул, эрс өөр үзэл сэтгэлгээр хандахыг уншигчдад сануулж байна. Энэ бол номын нэг чухал үзэл санаа бөгөөд дэлхийн байдал, хүн төрөлхтний дүр төрх өдөр шөнө шиг хувьсан өөрчлөгдөж, хөгжлийн чиг хандлага ардчиллын зүгт эргэлт буцалтгүй замнаж байгаа энэ цаг үед тэрбум хагас шахам хүн амтай, эв хамтын засаглалтай энэ их улсын хувьд чухал утга санааг агуулж байна.
Зян Рун зохиолч энэ бүтээлдээ маш зоригтой нэг алхам хийснийг дурдмаар байна. Тэр бол хятад үндэстний оюун санааны тулгуур, хятадын аж төрөх ёсны онолын эш үндэс гэгддэг Күнзийн суртлыг хурцаар шүүмжилсэн явдал мөн. Тэрээр: “Күнзийн суртхаал нь хятад үндэстнийг оюун санааны хувьд номхон хонь болгон хувиргасан, хүлцэнгүй, сул дорой байхыг номлосон сургаал”(676-р тал) гээд, өнөөдөр энэ үзэл суртал үеэ өнгөрөөж, цаг үетэйгээ, хятад хүний шинэ ухамсар, үзэл санаанд таарахгүй болсныг дурдаад, түүнийг халж солихыг, гэхдээ чонон үзэл санаагаар солихыг уриалжээ. Күнз бол одоогоос 2500 шахам жилийн өмнө аж төрж асан хүн төрөлхтний их сэтгэгчдийн нэг. Түүний аж төрж асан тэр цаг үед Ийсус Христ, Бурхан Будда, Аристотель, Платон, Архимед, Геродот, бас Хятадад Лаоз, Минз, Моз, Жуанз гээд их сэтгэгчид төрөн гарч, хүн төрөлхтний оюун сэтгэлгээний их ололт болсон номлол, сургаалуудаа бясалган туурвисан цаг үе билээ. Тиймээс манай тооллын өмнөх тэр зурвас үеийг хүн төрөлхтний оюун сэтгэлгээний үүр цайлт, оюуны өглөө гэж нэрлэдэг.
Күнз бол хятад үндэстний аж төрөх ёс болсон суурьшмал, тариачны соёл иргэншлийн мөн чанарыг тодорхойлж, хятад хүн энэ соёл иргэншлийнхээ дунд, энэ ахуйдаа хэрхэн аж төрж, хэрхэн ертөнцийг үзэх үзэл хандлагыг зааж, сургасан хүн. Тийм ч учраас энэ үзэл суртал мянганыг туулан тархаж, хятад хүний оюун сэтгэхүй, ухамсар ойлголтод гүн бат шингэж, амьдралынх нь чиг замыг заагч луужин болсоор иржээ. Күнзийн суртал зөвхөн хятадад төдийгүй Зүүн Ази, дорно дахины улс оронд тархан дэлгэрч, хэдэн зуун сая хүн ардын оюун санаанд соёолон үндэслэсэн байдаг. Тийм учраас Япон, Солонгос, Вьетнам, Лаос, Камбож, Индонези, Малайз, Сингапур, Тайланд гээд Зүүн Азийн улс орнуудыг Күнзийн соёлын хүрээний улсууд гэдэг.
Харин олон мянган жил зэрэгцэн оршиж ирсэн Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдэд энэ үзэл суртал яагаад хүрээгүй вэ? гэвэл нүүдэлчин ард түмнүүдэд өөрийн гэсэн, хүчтэй үзэл суртал байсан учраас өөр үзэл суртал авах хэрэг байсангүй, тэр үзэл суртал нь бусдынхаас дутуугүй хүчирхэг байсан учраас тэднийг өөрийн хүрээнд оруулалгүй, хөндөлдөн зогссоор иржээ. Тэр бол Зян Рун зохиолчийнхоор бол чонон сүлд, судлаачдын дунд хэвшсэн нийтлэг нэр томьёогоор бол чоно шүтлэг, чоно шүтээн мөн. Нүүдэлчдийн үзэл суртлыг чоно шүтлэг гэж нэрлэх нь дутуу, явцуу байж болох бөгөөд, зүй нь энэ ойлголт нь нүүдэлчдийн үндсэн, өнө эртний сэтгэлгээ болсон Тэнгэрийн үзэл юм. Хоёр мянга хоёр зуун жилийн өмнө нүүдэлчдийн ертөнцийг нэгтгэж Хүн гүрнийг үндэслэсэн Моодун шаньюй тэнгэр шүтлэгтэн байсан, түүнээс найман зууны хойно алс Европод нүүдэллэн очиж, их гүрнээ байгуулсан Аттила ч тэнгэр шүтлэгтэн байсан, бас түүнээс найман зууны хойно дэлхийн эзэнт гүрэн байгуулсан Чингис хаан ч тэнгэр шүтлэгтэн байсан, түүнээс найман зууны хойнох өнөөгийн монгол үндэстэн аанай л тэнгэр шүтлэгтэйгээ байгаа билээ.
Энэ тухай номд: “Хятадын соёлд тэнгэрийг дээдлэн шүтдэг. Үнэн хэрэгтээ энэ заншил нь нүүдэлчдийн мөнх тэнгэрийг шүтэх үзлээс улбаатай”(657-р тал). “Тал нутгийн нүүдэлчид үе улиран мөнх тэнгэрийг шүтэж ирсэн төдийгүй, хятадын тариачин үндэстэн ч дээд тэнгэрийг дээдэлдгийг гайхаад байх зүйлгүй. Яньхуанчууд тал нутгаас тэнгэр шүтлэгийг Хятад оронд залж авчирсан хэрэг”(638-р тал). “Түүний гол цөм нь чонон сүлдийн үзэл санаа бөгөөд хэдэн мянган жилийн туршид нүүдэлчид тасралтгүй зөөн нөхвөрлөж байсны үндэс суурь дээр тогтсон хэрэг”(678-р тал) гэх зэргээр дүгнэсэн нь олон ажээ. Ингээд гол дүр Чэнь Жэнь эцсийн эцэст дараах дүгнэлтэд хүрч байна. Шуудхан хэлэхэд дараах нээлтийг хийж байна. Тэр бол нүүдлийн соёл иргэншлийн амьдрах чадвар агаад нүүдлийн соёл иргэншил нь тариачны суурин соёл иргэншлээс илүү, давуу талтай, амьдрах, оршин байх илүү их эрчимт хүчтэйг олж харж байна. Тийм ээ, хэдэн зуун сая хүн амтай суурин соёл иргэншлээс хүч чадлын хувьд илүү байж гэмээнэ, илүү биш юм аа гэхэд дутуугүй байж гэмээнэ, цөөхөн хүн амтай нүүдлийн соёл иргэншил зэрэгцэн оршин тогтнож ирсэн нь дамжиггүй ээ.
Оросын их эрдэмтэн, “Дэлхийн шим мандал ба угсаатны гарваль”-ийн тухай алдарт онолыг үндэслэгч Л.Н.Гумилёвын бүтээлд “Пассионарность” буюу “эрчимт хүч, эрчимт үндэстэн” хэмээх ойлголт гардаг. Л.Н.Гумилёвын бүтээлүүдээс орчуулсан Б.Даш-Ёндон, Ж.Роозон нар энэ нэр томьёог “оргилуун хүч”, “дэврүүн чанар” гэх зэргээр орчуулсан байдаг. Аливаа ард түмэн, угсаатан, үндэстэн ямар нэгэн хэмжээгээр эрчимт хүч(эрчим хүч биш)-тэй байдаг. Л.Н.Гумилёвын томьёолсон эрчимт үндэстний ангилалд багтах улс, үндэстэнг Зян Рун “чоно үндэстэн” гэжээ. Ийм үндэстэнд монголоос гадна япон багтаж байна. Гэхдээ монголыг нь талын чоно гэсэн бол японыг далайн чоно гэжээ. Эрчимт үндэстний тоонд бас эрт цагийн ромчууд орно. Зян Рун зохиолч тэднийг өрнийн чоно үндэстэн гэсэн юм. Үнэхээр ч эртний ромчууд чоно шүтлэгтэй байсан билээ.
Романы үндсэн утга агуулга, үзэл санаа нь хоёр зүйл дээр төвлөрч байна. Нэг нь байгаль хамгаалах үзэл санаа бол нөгөө нь хүний нийгмийг хамгаалах үзэл санаа юм. Бүр тодотговол эн тэргүүнд, онгон дагшнаараа үлдсэн дэлхийн сүүлчийн тал нутаг Төв Азийн их хээр талыг, улам бүр цөөрсөөр байгаа талын хөх чоныг хайрлан хамгаалахын хамтаар хүн төрөлхтний ууган аж төрөх ёс болсон нүүдэлчин малчин амьдралыг, түүнд үндэслэсэн нүүдлийн соёл иргэншлийг хамгаалан хадгалж үлдэх явдал авай. Тийм ч учраас зохиогч романаа дараах үгээр төгсгөсөн нь хүн төрөлхтний өмнө түгшүүрийн харанга дэлдэх мэт болном: “Чонын сүрэг түүхийн нугачаанд бүдгэрч, тал нутаг дурсамж төдийхөн болж хоцроод, Нүүдлийн соёл иргэншил ч бүрмөсөн замхран алга болж байна. Монголын талын чонон сүргийн сүүлчийн ул мөр болох эртнээс улбаатай бэлтрэгний үүр нь хүртэл шар шороон түйрэнд дарагдан үгүй болох цаг хаяанд тулж иржээ…”
Эцэст нь хэлэхэд чонон араншинтай гэгдсэн монголчууд бид өнөөдөр үнэхээр тийм байж чадаж байна уу? гэсэн асуулт тавигдана. Энэ асуултыг уншигч танд ч тавья аа. Та хариулаарай. Гадаадынхан ганц монгол хүнийг олуулаа нийлэн зодож байхад хавь ойр нь байсан монголчууд холдон алга болдог. Гэтэл ганц вьетнамд гар хүрэхэд хаанаас ч юм, өчнөөнөөрөө дайран ирдэг гэдэг. Засвар хийж байна гээд зунжин байрны халуун, хүйтэн усыг таслахад та бид амандаа үглээд л, мөнгөө тушаагаад байдаг. Орц нь хогийн цэг, траншейныхны үүр болчихсон байхад СӨХ, жижүүр хоёроо цалинжуулаад л сууж байдаг. Талх, мах, бензиний үнэ нэмэгдэхэд, төрсөн нутгийг маань төө сөөмөөр хувааж байхад дор дороо л бухимдахаас хэтэрдэггүй. Жагсаж тэмцсэн цөөн хэдийгээ эвэртэй туулай мэт үзнэ. Ингээд бодоход хүн л биднийг чоно, чоно үндэстэн, чонон араншинтай гээд байгаа болохоос үнэндээ бид чинь “хонь” болчихсон юм биш үү? Бид “агуу их өвөг дээдэс” хэмээн цээж дэлдэн бардамнадаг ч тэднээсээ огт өөр болчихсон юм биш үү?…
Я.ГАНБААТАР