Еврогийн ханшийн сулралт Монголын эдийн засагт нөлөөлөхгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Еврогийн ханшийн сулралт Монголын эдийн засагт нөлөөлөхгүй

Монголбанкны Валют эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсийн захирал С.Болдтой ярилцлаа.
-Еврогийн ханшийн уналт Монголд яаж нөлөөлөх вэ. Монгол Улсын гадаад худалдааны төлбөрийн хэдэн хувийг евро эзэлдэг юм бол?
-Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны төлбөр тооцооны 74.6 хувь нь ам.доллар, 17.4 хувь нь юань, 3.7 хувь нь евро, үлдэх 4.3 хувийг бусад валютуудаар хийсэн байна. Нийт төлбөр тооцоонд эзлэх еврогийн хувь хэмжээ оны эхнээс буурах хандлагатай болсон. Еврогийн ханш ам.доллар болон төгрөгийн эсрэг сулрах нь еврогоор бараа бүтээгдэхүүн импортлодог байгууллагуудад эерэг нөлөөтэй боловч экспортын орлогоо еврогоор авдаг байгууллагуудад сөрөг нөлөө үзүүлнэ. Гэвч Монгол Улсын гадаад худалдааны төлбөр тооцоонд еврогийн эзлэх хувь хэмжээ бага тул еврогийн ханш Монголын эдийн засаг дахь нөлөөлөх нь бага юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн еврогийн ханш дэлхийн зах зээл дээр 1.51 гэсэн төвшнөөс эхлэн сулрах хандлагатай болж, энэ оны тавдугаар сарын 19-ний өдөр 1.2144 болж, өнгөрсөн дөрвөн жилийн хамгийн доод төвшинд хүрсэн. Тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар еврогийн ам.доллартай харьцах ханш 1.22 байна.
-Монголын арилжааны банкууд еврогийн хэр нөөцтэй байдаг юм бол?
-Арилжааны банкуудын харилцагчдын дийлэнх нь гадаад худалдаа, үйлчилгээний төлбөр тооцоог ам.доллар болон юаниар гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, дотоод зах зээлд еврогийн эрэлт, хэрэгцээ харьцангуй бага байдаг тул банкуудад еврогоор эх үүсвэр татах, мөн еврогоор зээл олгох хэрэгцээ, шаардлага нь бага юм. Еврогоос илүүтэй юанийн орох, гарах урсгал болон юаниар барьсан нээлттэй позицоо оновчтой удирдах асуудал нь банкуудад чухал байна.  
-Энэ юутай холбоотой вэ. Юанийн хэрэгцээ ихэсч байна уу?
-Энэ оны гуравдугаар сараас эхлэн эдийн засаг дахь юанийн орох урсгал сайжирсан. Энэ нь Хятадтай хийж буй гадаад худалдаа идэвхжиж, нүүрс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын орлого өссөн, мөн юанийн гуйвуулгын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой байна. Энэ нь зарим банкууд дахь юанийн харилцах, хадгаламжийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлж байна.
-Манай хөрш улс болохоор эдийн засгийн харилцаанаас хамаарч юаниар төлбөр тооцоонууд хийж байгаа байх. Харин рублийн тухайд ямар байдаг вэ. Манай хойд хөрш шүү дээ?
-Дөрөвдүгээр сарын байдлаар гадаад худалдааны төлбөр, тооцоонд ОХУ-ын рублийн эзлэх хувь хэмжээ ердөө 1.6 хувь байна. Ингэхээр мөн дотоодын зах зээлд рублийн хэрэгцээ, шаардлага бага гэж хэлж болно. Манай улс ОХУ-аас шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний дийлэнхийг импортолдог боловч төлбөрийг нь рублиэр биш, ам.доллараар төлдөг нь рублийн хэрэгцээ бага байхад нөлөөлдөг. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт импортын 22 хувийг ОХУ-аас импортлосон түлш, шатахууны импорт эзэлж байна.
-Юанийн эзлэх жин их байгаа нь манай эдийн засагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Дотоодын зах зээл дэх нийт валютын эргэлтийн дийлэнх хэсэг нь юань болж, гадаад худалдааны төлбөр тооцоонд ашиглах гол валют нь ам.доллар бус, юань болсон тохиолдолд энэ нь эдийн засагт бодит эрсдэл дагуулна. Өнөөгийн төвшинд авч үзвэл эдийн засаг дахь юанийн урсгалын хэмжээ тийм аюултай, сэрэмжлэх хэмжээнд хүрээгүй гэж үзэж байна. Дашрамд дурдахад манай улс нь хөрөнгийн урсгалд хяналт, хязгаарлалт тавьдаггүй.  
-Тэгэхээр гаалиар их хэмжээний ямар нэгэн валют, тухайлбал юань бэлнээр гарахад хяналт тавьдаггүй гэсэн үг үү?
-Хөрөнгийн урсгалд хяналт тавьдаггүй гэдэг нь ерөөс эдийн засагт орох, гарах валютын урсгалын хэмжээнд нь ямар нэг хязгаарлалт байдаггүй гэсэн үг. Бэлэн валютыг хилээр оруулах, гаргах асуудал нь үүнээс арай өөр ойлголт. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 20 мянгаас дээш хэмжээний бэлэн юанийг хилээр нэвтрүүлэхэд заавал мэдүүлэг бөглөж байх тухай журам гарсан. Үүнтэй уялдан банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан юанийн гуйвуулга мэдэгдэхүйц нэмэгдсэн байгаа.
-Монголбанк долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдааг зохион байгуулдаг. Сүүлийн үед арилжаа яагаад хийхгүй байгаа юм бэ?
-Нэгдүгээрт, банкуудаас Монголбанкинд ямар нэг санал ирэхгүй бол валютын дуудлага худалдаа болохгүй. Хоёрдугаарт, банкуудаас санал ирүүлсэн тохиолдолд Монголбанк заавал тэрхүү саналыг биелүүлж, оролцох албагүй. Өөрөөр хэлбэл, Монголбанк зөвхөн шаардлагатай тохиолдолд валютын дуудлага худалдаагаар дамжуулан захад оролцдог. Монголбанкны төгрөгийн ханшид хэт хэлбэлзэл, савлагаа үүссэн, үүсэх эрсдэл учирсан, мөн дотоод зах зээлд валютын их хэмжээний илүүдэл үүссэн үед төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банк хоорондын захын үйл ажиллагаанд оролцон зохицуулалт хийдэг.  
-Жишээлбэл өнөөдрийн дуудлага худалдаагаар арилжаа хийсэн үү?
-Арилжааны банкууд 10 сая ам.долларыг Монголбанкинд зарах санал ирүүлсэн. Монголбанк валют худалдан аваагүй ба тэрхүү 10 сая ам.долларыг банк хоорондын захад нь үлдээсэн.
Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж