МИАТ ажилчидтайгаа “тохиролцоо”-нд орлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

МИАТ ажилчидтайгаа “тохиролцоо”-нд орлоо

МИАТ ажилчидтайгаа “тохиролцоо”-нд  орлоо
МИАТ компанийн Техникийн газрын ажилчид өнгөрсөн мягмар гаригт бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаас гарах өргөдлөө өгснөөс болж, МИАТ компани олон улсын нислэгүүдээ өчигдөр гурав дахь хоногтоо цуцаллаа. Хэдийгээр энэ асуудлыг Засгийн газраар хэлэлцэн, яаралтай шийдвэрлэхээр болсон ч өнөөдөр өглөөний Улаанбаатар-Моска-Берлиний нислэг дахин цуцлагдсанаар үйл явдал үргэлжлэв. МИАТ компанийнхан гадаадаас мэргэжилтэн авчрахаар ярилцаж эхэлсэн ч Монголын агаарын хөлгүүдийг “аврах” тэдгээр хүмүүс хэзээ ирэх талаар албаны хүмүүс тодорхой хариулт хэлэх боломжгүй хэвээр байна.
Тиймээс өнөөдөр үдээс хойшоос эхлэн МИАТ компанийн удирдлагууд Техникийн газрынхаа ажилчдын байгуулаад байгаа Түр хорооныхонтой тохиролцоонд хүрэхээр уулзалт хийв. Ажилчдын Түр хорооныхон буюу ажлаас халагдах өргөдлөө өгөөд байгаа 96  хүний төлөөлөл компанийнхаа удирдлагуудтай уулзахдаа тодорхой шаардлага бүхий мэдэгдлийг хүргүүлжээ. Олон удаагийн нислэг, олон зуун хүний ажил, амьдралыг саатуулж, олон улсын хэмжээнд нэр нүүрээ бараад байгаа энэ үйл явдлын өрнөл хэрхэн үргэлжлэх нь одоогоор шийдэгдээгүй хэвээр байлаа. МИАТ-ийн Техникийн газрын ажилчдын тавьж буй шаардлагад тус газрын огцорсон дарга Ё.Энхтөрийг орны хүнийг нь томилтол түр хугацаанд ажиллуулах, эсвэл Техникийн газрын ажилчдын дундаас Ё.Энхтөрийг орлох хүн томилох гэхчлэн “хүсэл сонирхол” багтжээ. МИАТ-ийн удирдлагууд энэ шаардлагад хариу өгөхийн тулд ажлаас гарах өргөдөл өгөөд байгаа 96 хүнтэй бараг нэг бүрчлэн уулзаж байгаа гэхийг бодоход асуудлыг нэг тийш шийдэхэд тодорхой хугацаа хэрэгтэй болох нь мэдээж.
Ямартай ч нэгэнт нэр хүндээ алдаад байгаа МИАТ компанийнхан тавдугаар сарын 25, 26-ны өдөр нислэг нь цуцлагдсан Сөүлийн чиглэлийн нислэгийн зорчигчдыг БНСУ-ын “Кореан Эйр” компаниас 296 суудалтай А330-300 онгоц захиалж ирүүлэн, Сөүл рүү нисгэсэн байна. Уг нислэгээр 164  зорчигч явуулжээ. Харин Бээжингийн чиглэлийн хувьд Хятадын “Air china” компани онгоцны хүрэлцээ тул боломж байхгүй гэж мэдэгдсэн тул тус хоёр удаагийн нислэгийг цуцалж, зорчигчдын тасалбарын мөнгийг буцаан олгохоор болсон байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Бээжин, Сөүлээс эх орондоо ирэхээр нислэг хүлээж байсан зорчигчдыг зочид буудалд байрлуулж, дээрх хотууд дахь МИАТ ХК-ийн  Төлөөлөгчийн газрууд зохицуулалт хийж байгаа хэмээн МИАТ ХК-аас манайд мэдээллээ. Тэгэхээр Бээжин, Сөүлээс Монголд ирэх зорчигчид нэг бол “Air china” компанийн төлөвлөгөөт нислэгээр ирэх боломжтой. Үгүй бол МИАТ-ын нислэг хэзээ үргэлжлэхийг хүлээх хэрэгтэй болж байгаа аж.
Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж