“Утаагүй Улаанбаатар”-ын нэрийг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Утаагүй Улаанбаатар”-ын нэрийг өөрчилнө

“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай  УИХ-ын тогтоолын төсөл, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрын талаар хэлэлцлээ. Тус хөтөлбөрийг хэлэлцэх явцад гишүүд “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв хөрөнгийг хэрхэн бий болгох чиглэлд анхаарлаа хандуулж, Санхүүжилтийн загвар төлөвлөгөө ямар байх талаар хэлэлцэх шаардлагатайг онцлов. Уул уурхайгаас орж ирэх бүх орлогыг “Хүний хөгжил сан”-д /ХХС/ төвлөрүүлсэн, тэгэхээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд заавал ХХС-аас санхүүжилт авах болж байгаа. Мөн ХХС-д мөнгө төвлөрүүлэхийн тулд уул уурхай гэх мэт томоохон бүтээн байгуулалт хийх боломжтой баялгийг барьцаалах журмаар хөрөнгө босгох талаар тусгаж өгөх хэрэгтэй гэж Л.Гансүх гишүүн ярьж байв. “Аль болох богино хугацаанд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авахгүй бол хүүхдүүдийн 90 гаруй хувь нь ямар нэг суурь өвчтэй эхээс мэндэлж байна” хэмээн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажлын хэсгийн гишүүдэд анхааруулж байлаа . Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 180 мянган айл нүүрс хэрэглэж байгаа гэсэн тооцоо байдаг аж. Харин 100 мянган айлын орон сууц барих хөтөлбөрт эдгээр айлыг хамрууллаа гэхэд цаана нь 70-аас 80 мянган айл үлдэнэ.Тиймээс эдгээр айлыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг 100 мянган айлын орон сууц хөтөлбөртэй уяалдуулах шаардлагатай, энэ ажлыг хийхийн тулд уялдаа холбоог сайжруулах зохих толгой хууль, дагалдах хуулийг санаачлах хэрэгтэй гэсэн саналыг ажлын хэсгийн гишүүд гаргаж байв. Түүнчлэн “Утаагүй Улаанбаатар” гэсэн нэрийг солих талаар ажлын хэсгийн гишүүд санал хэллээ. Учир нь уг хөтөлбөр зөвхөн Улаанбаатар хотын биш, Монгол Улсын хэмжээнд бүхэлд нь хийгдэх ажил болж байгаа. Хөдөө орон нутагт тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэж өгснөөр нийслэлд бөөгнөрсөн хүн амын хэт төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулах учраас одоо хэрэглэгдэж байгаа нэр нь хөтөлбөрийн утга санааг бүрэн илэрхийлж чадаж байна уу гэдэг учир дутагдалтай байгаа гэж гишүүд үзэж байна. Үүнээс үүдээд ажлын хэсгийнхэн “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн нэрийг өөрчлөх, санхүүжилтийн асуудалд анхаарал хандуулах, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх гэсэн гурван зүйлийг шинэчлэх талд санал нэгдсэн юм. Ирэх даваа гаригт уг хөтөлбөрийн нэрийг өөрчлөх, хууль эрх зүйн боловсруулалт хийх, санхүүжилтийн талаар ярилцахаар тохирч, ажлын хэсгийн хурал өндөрлөсөн юм.

Б.Хайтан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж