
Ерөнхийдөө манай мэргэжлийн хяналтынхан ийм л мундаг хүмүүс. Тэгэхээр хортой, шартай хүнээс юм авахыг хүсдэг бүх хүн мэргэжлийн хяналтын газарт ажилд орцгооё гэж уриалмаар байна. Энэ газарт л ажилд орвол сарвайснаа авч хүссэнээ хийх эрх чөлөө олдох учраас ийнхүү уриалж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтынхан арван литр сүү өгөөгүй гэх үндэслэлээр сүүний үйлдвэрийн үйл ажиллагааг хаасан нь үнэхээр жижигхэн арга хэмжээ юм. Би л байсан бол сүүний үйлдвэрийг орвонгоор нь эргүүлэх байсан. Учир нь манай мэргэжлийн хяналтынхан баян, ихэмсэг хүмүүс. Тэдний хувьд цалин юу ч биш. Бараг тоодоггүй гэхэд болно. Гаднаа жирийн хүн шиг харагдаж байгаа хэрнээ цаанаа ямар том, ямар мундаг хүмүүс байдгийг мэдэх үү. Ямарваа нэгэн байгууллага тэдний дургүйг хүргэвэл тэр дор нь үйл ажиллагааг нь зогсоочих эрх мэдэл байдаг. Дургүйг нь хүргэдэггүй юм аа гэхэд нэгхэн шалтгалт хийж хамаг дутагдалыг нь нэг, нэггүй хэлэхэд “Уучлаарай. Ингэвэл ямар вэ. Тэгвэл ямар вэ” гээд инээмсэглээд арга чарга бодохыг гуйна. Ийм л болохоор мэргэжлийн хяналтын газарт ажилд орцгооё, манайхан.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин