Рок, попынхонтой хамт “Бид хамтдаа”

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Рок, попынхонтой хамт “Бид хамтдаа”

Монголын рок, попын бүх одод энэ баасан гаригт “UB Palace”-ын тайзнаа чуулж, хит дуунуудаа эгшиглүүлэх гэж байна. Энэ хаврын хамгийн анхны, хамгийн том гэгдэж буй “Бид хамтдаа” шоу тоглолтыг “Лемон” продакшн, “Наранзол” сан, “Mongolian choppers” ахан дүүсийн холбоо хамтран зохион байгуулж байна. Уг тоглолтын гол зорилго нь ойрын хэдэн жил нэг тайзнаа цуглаагүй урлагийнхныг үзэгчидтэй уулзуулж, хит дуунуудаар хөглөх, үүнээс гадна хүнд өвчний улмаас энэлэн шаналж буй А.Сүлд хэмээх бяцхан хүүд туслах явдал юм. Нэг ой ч хүрээгүй байгаа хүүгийн биеийн байдал маш тааруу байгаа бөгөөд гадаад улсад яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс “Наранзол” сангаас санаачлан урлагийнхныг нэгэн тайзнаа нэгтгэхийг зорьжээ. Гэхдээ энэ шоу тоглолт хандивын гэхээсээ илүүтэй жил бүр рок, попынхны томоохон цугларалт, наадам болгож хэвшүүлэхээр төлөвлөжээ.

Тиймээс одод энэ л тайзнаас хамгийн сайхан шоу тоглолтыг хүргэхээ амлаад байгаа юм. “Бид хамтдаа” тоглолтод “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, ая зохиогч, дуучин Б.Дашдондог, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, “Никитон”-ы Ц.Батчулуун, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн, дуучин Daisy, Маралжингоо, С.Сэрчмаа, Р.Номин-Эрдэнэ, Б.Хонгор, Ц.Хулан, н.Солонго, ВХ, Gee болон амьд хөгжмийн “A Sound”, “Булсара”, “Лемонс”, “Fire”, “Madness”, “Алтан ураг”, “Жонон”, “Шар айраг”, “Х-Vit”, “Люмино”, “Гурван охин”, “Мотив” хамтлагуудын хит дуунууд залуусыг доргиох нь. Энэ хаврын анхны шоуг зорин ирсэн үзэгчдэд сүүлийн хэдэн жилд болоогүй рок, попынхны дуу хоолойг нэг дор сонсохоос гадна тэр бүр тайзнаа гараад байдаггүй “Элкондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн, дуучин Х.Оюунбилэг нарын хит дууг сонсох ховорхон боломж тохионо гэсэн шүү. Рок, попынхны энэ чуулга уулзалтыг “Guys”-ын Д.Лхагваа хөтлөх юм билээ.

Тоглолтын тасалбар 25 мянгөн төгрөг. Та “UB Palace”-ын касснаас болон 1950 дугаарт  залган захиалж үнэгүй хүргүүлж аваарай. 

Монголын рок, попын одод хамтдаа нэг тайзнаа чуулан бяцхан хүүд халуун сэтгэлийн гараа сунгалаа. Харин та…?

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж