“Найзууд” театрынхан “Такт продюсинг”-ийн уран бүтээлчидтэй хамтран “Гэнэтийн бэлэг”-ээ задлах нь ээ. Тэд хамтдаа “Гэнэтийн бэлэг” нэртэй мюзикл жүжгийг энэ сарын 11-нээс эхлэн Тусгаар тогтнолын ордны тайзнаа дэлгэхээр зэхээд байгаа аж. Уг сонирхол татам нэртэй романтик, инээдмийн болон хөгжимт драмын бүтээлийн зохиолыг зохиолч Ж.Оргилсайхан “Нарийн ногооны салат” нэртэйгээр бичсэн бол ерөнхий найруулагчаар нь Б.Уянга ажиллажээ. Харин жүжгийн гол дүрүүдэд Монголын чадварлаг жүжигчдээс гадна рок попын шилдэг дуучид оролцон тоглох нь ээ. Уг жүжгийг тоглох сонирхол татам эрхмүүдийн тоонд “Найзууд театр”-ын жүжигчин Э.Ууганбаяр, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, “HOTSPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний Б.Нармандах, жүжигчин Г.Отгонцэцэг, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Билэгдэмбэрэл нар багтсан гэнэ шүү. Жүжгийн “Энэ дурлал гайхамшигтай” хэмээх дууг “HOTSPOT”-ын Н.Наранбаатар, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр нар хамтран дуулж, клипжүүлснээр үзэгчдийн хүртээл болгосон юм.
“Найзууд” театрын “Гэнэтийн бэлэг”
“Энэ дурлал гайхамшигтай”
Г.ДАША