ОХУ-тай хийж буй худалдаа ямар байна вэ?

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

ОХУ-тай хийж буй худалдаа ямар байна вэ?

Монгол Улс ОХУ-тай худалдаа, эдийн засгаар хамтрах зөвлөлтэй болоод гурван жилийг ардаа орхисон ажээ. Уг зөвлөлийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат томилогдсон бөгөөд өнөөдөр зөвлөлийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох, зарим дүрэмд өөрчлөлт оруулах хурал хаалттай боллоо. Монголчууд хойд хөрштэйгээ нөхөрлөөд багагүй хугацааг үдсэн, цаашдаа ч нөхөрлөнө. Гэхдээ тэдэнд ашигтайгаар уу, харилцан ашигтайгаар уу гэдэг нь чухал. Энэ талаар албаныхан “Аливаа том бүтээн байгуулалт, түншлэл хууль эрх зүйн орчингүйгээр яаж бүтэх вэ” гэдгийг хэлнэ лээ. Иймдээ ч тус зөвлөлийн зорилго нь талуудын худалдааг дэмжсэн хуулийг сайжруулахад оршиж байна.

Монгол Улсын хөрш орнуудтай хийсэн худалдаа энэ оны хоёрдугаар сарын байдлаар нийт барааны эргэлтийн 44 хувь буюу 582.3 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 22 хувь буюу 287.0 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийжээ. Оростой хийсэн худалдаагаа задалж үзвэл, 95 хувийг импорт, үлдсэн тавхан хувийг экспортын худалдаа эзэлж байна. Оросоос импортолсон бүтээгдэхүүн гэвэл нефтийн бүтээгдэхүүн давамгайлах нь ойлгомжтой. Гэхдээ маш өндөр үнээр авсан гэдгийг эдийн засагчид хэлж байна. Харин манай гаргасан бүтээгдэхүүн гэвэл  таван хувьд таарсан хэмжээний жонш, арьс шир, мах. Үндсэндээ гадагш гаргаж байгаа зардлаа орж ирүүлэх ашгаараа гүйцэх нь энэ тооноос харахад мөрөөдөл мэт.

Тиймээс ч шатахууны хараат Монгол Улсын хувьд ОХУ-тай худалдаа, эдийн засгийн салбартаа хуулийн дагуу өгч, авалцах ажлаа дээрх зөвлөлөөр дамжуулж эрчимжүүлэх гэнэ. Ингэхээр зөвлөл гэсэн нэрийн дор том гүрэнтэй цөөн хэдэн хүн сүлбэлдэх нь үү гэсэн хардалт хүмүүсийн дунд байна. ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлд одоогоор 30 гаруй хувийн компанийн төлөөлөл багтжээ. Өөрөөр хэлбэл, Монголын 30 гаруй хувийн хэвшлийн компани ОХУ-тай худалдаа, наймаа хийх болж байгаа юм. Чиглэл нь шатахуун импортлогч, мах, ноос, ноолуур, зам барилгын, уул уурхайн компаниуд аж. Ингэхдээ салбартаа толгой цохидог компаниудын нэрс харагдаж байна. Эдгээр компаниуд хойд хөрштэй хийх худалдаагаа цаашид улам эрчимжүүлнэ гэсэн зорилготойг энд хэлэх нь илүүц биз. Гэхдээ юманд учир, суманд начир гэгчээр ойлгомжгүй, ойлгомжтой, ойлголцох зайлшгүй шаардлагатай хэд хэдэн асуудал бий.

ОРОСУУДЫН ХАТУУРХАЛ

Монголд гадныхны зохион байгуулж байгаа үзэсгэлэн, яармаг их болдог болсон. Ингэхдээ гадаад худалдаагаа өргөжүүлэх нэрийн дор бараа, бүтээгдэхүүнээ сурталчлаад, Монголын компаниудад гэрээт борлуулагч нэр зүүж өгөөд бараагаа шахдаг барил тогтчихож. Саяхан “Азийн хаалга” үзэсгэлэн яармаг болж өнгөрлөө. Өчнөөн олон жилийн түүхтэй уг үзэсгэлэн яармагт оролцох гэж оросын худалдаачид баг, багаараа бүтээгдэхүүнээ зөөгөөд чөлөөтэй орж гардаг гэх юм.

Гэтэл…ОХУ-ын гаалийн болон худалдааны хууль нь хэт хатуу болохыг худалдааны салбарынхан ярьж байна. Тухайлбал, Орос руу бараа гаргах болоход хил дээр гардаг бүх асуудлыг тэнд нь биш, ОХУ-ын Холбооны гаалийн газраас чиглэл авсны дараа шийддэг учраас цаг их алддаг талаар бизнесмэнүүд гомдоллож байна. Мөн эндээс ОХУ руу бүтээгдэхүүн экспортлоход татвар нь хэт өндөр буюу доод тал нь 28 хувь, дээд тал нь 42 хувийн татвар төлдөг журмыг хойд хөрш маань барьдаг. Хоёр орны хамтын ажиллагаа гэж ярьдаг ч ийм том асуудлыг шийдэхээр удаа дараа талууд хуралддаг ч өдийг хүртэл тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Бараа таваар хойд хөрш рүү гаргах хэмжээнд ч хатуурхдаг гэх юм. Худалдаа, наймааны, гэрээ хэлцэлд үндэслэн, үзэсгэлэн яармагт оролцох гэсэн шалтгааныг үл тооцон 50 кг-аас дээш тээш хилээр оруулахгүй байдаг тухай худалдаачид бухимддаг. Тиймээс үзэсгэлэнд оролцох гэж хойд хөршийг зорьж байгаа худалдаачид бараагаа өөр хүмүүст тарааж, гаргуулах байдлаар аргалдаг ажээ. Энэ мэтчилэн шударга бус худалдааны нөхцөлийг тэнцвэртэй байлгах талаас нь яаралтай анхаарах хэрэгтэй болсон байна. Тиймээс энэ асуудлыг цэгцлээгүй цагт худалдаагаа өргөжүүлэх тухай ярих нь утгагүй гэх ч хүн бий. Адаглаад л шатахуунаа дэлхийн зах зээлийн үнээр авах талаар ярих хэрэгтэй болов уу.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж