32 жилийн дараах “Найрын ширээний ууц”

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

32 жилийн дараах “Найрын ширээний ууц”

Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг анхны бүрэлдэхүүнээр нь УДЭТ-ын тайзнаа 32 жилийн дараа тоглолоо. Ардын жүжигчин Г.Мягмарнаран уг жүжгийг сэргээн тоглох санаачилга гаргаж, уран бүтээлийн цэнгүүнийхээ нэг хэсэг болгон үзэгчдэд хүргэсэн юм.

Найруулагч И.Доржсамбуугийн ур ухаанаар 1981 онд тайзнаа амилж, тэр цагаас хойш тасралтгүй 10 жил танхим дүүрэн үзэгчтэй байсан Монголын шилдэг инээдмийн жүжиг тухайн үедээ театрын орлогын ихэнхийг бүрдүүлж байсан гэдэг. Уг жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглосоор амнаас ам дамжин алдаршиж, эх орныхоо өнцөг булан бүрт хүрсэн түүхтэй. Нэрт найруулагч И.Доржсамбуу агсны дипломын ажил болох энэ жүжгийг 1981 онд тоглосноос хойш уран бүтээлчид эх орныхоо 18 аймаг, 300-гаад суманд аялан тогложээ.

“Найрын ширээний ууц” жүжгийг энэ удаад театрын ахмад жүжигчид залуу уран бүтээлчидтэй хамтран тоглосон юм.

Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн уран бүтээлийн цэнгүүнийхээ хүрээнд ганц л удаа сэргээн тоглосон “Найрын ширээний ууц”-ын Ойдовын дүрд жүжигчин Л.Нямсүрэн асан тоглож байсан бол энэ удаа Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий Ойдовын дүрийг амилууллаа. Мөн Ханджавт хуучнаараа Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Доржийн дүрд Ц.Гантөмөр гуай тоглох байсан ч лагшин чилээрхүү байсан учир түүний оронд УДЭТ-ын залуу жүжигчин Д.Баттөмөр тоглож, үзэгчдээс магтаалын үг харамгүй сонссон юм. Яг л хуучны тавилтаар нь Ч.Түвшин найруулан тавьж, олны хэсэгт нь ч гэсэн театрын алтан үеийнхэн буюу алдар гавьяатай жүжигчин Х.Нарантуяа, Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Гавьяат жүжигчин Б.Тунгалаг, С.Дамдин, З.Жарантав, Д.Цэрэндарьзав нар хос хосоороо найрын зочин болж тоглосон юм. Тэднийг энэ л  тайзнаа хамтад нь харах сайхан байсан шүү. Мөн жүжгийн гол дүрд тоглосон Ардын жүжигчин Д.Мэндбаярт “Гэгээн муза Х” наадмын “Алтан муза”-г Ардын жүжигчин С.Сарантуяа гардуулан өгсөн юм. Тэрээр “Гэгээн муза Х” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд биеийн байдлаас шалтгаалан хүрэлцэн ирж чадаагүй тул энэ үдэш шагналыг нь гардуулсан.

“Найрын ширээний ууц” 32 жилийн дараа тайзнаа хэрхэн амилсныг гэрэл зургийн сурвалжлагаар хүргэе.

Г.ДАША






























NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж