Засаг дарга гадаад руу төлөөлөгч томилохыг хориглов

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Засаг дарга гадаад руу төлөөлөгч томилохыг хориглов

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгуудын Засаг дарга нартай ээлжит цахим хурал хийж, орон нутагт ажилласан томилолтынхоо үр дүнг танилцуулж, зарим удирдлагууд УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрээс давуулж журам гаргахгүй байхыг анхааруулав. Учир нь Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав 2011 онд Н.Номун-Эрдэнийг Шведийн вант улс дахь Хөвсгөл аймгийн албан ёсны төлөөлөгчөөр томилсугай гэсэн захирамж гаргаж байсан бол Булган аймаг Японы нийслэл Токио хотод албан ёсны төлөөлөгчөө илгээж байсан аж. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар энэ мэт асуудалтай эвлэрэхгүй, хэрэв сануулаад байхад том толгойлж гадаад руу төлөөлөгч томилбол хариуцлага тооцох болно гэлээ.

Уг нь Монгол Улсаас гадаад оронд суух Элчин сайд нарыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, улмаар УИХ-аас томилдог атал өнгөрсөн жилүүдэд аймгийн Засаг дарга нар өөрсдийн эрх мэдлийн хүрээнд бас нэг орон нутгийг төлөөлөн суух төлөөлөгч томилдог жишиг тогтсон байсан аж. Тиймээс ийм алдаа давтахгүй байхыг санууллаа. Мөн зарим Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлж хууль зөрчин газар олгосон тохиолдол цөөнгүй байдаг. Ийм алдааг ч бас гаргах ёсгүй гэлээ.

Засгийн газраас иргэдийн санаа бодлыг сонсох зорилгоор 11 11 утас ажиллуулж эхэлснээр 21 аймгийн иргэд хаанаас ч холбогдох боломжтой болсон. Тиймээс ажлаа хууль зүйн дагуу хийхийг үүрэг болгосноор энэ удаагийн цахим хурал өндөрлөлөө.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж