
Шинэчлэлийн Засгийн газар бүрэлдэж, Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулахдаа хөдөлмөрчин хүнд чиглэсэн, хөдөлмөрийн бүтээмжтэй ажлын байр бий болгох чиглэлд ажиллах зорилго өвөртөлжээ. Өдгөө Хөдөлмөрийн яамнаас ажилтай, орлоготой Монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд судалгаа хийж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг шинээр байгуулан ажиллаж байгаа тухай Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны нэг сая 794,8 хүн байдгаас нэг сая 18 мянган иргэн хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа байдаг аж. Үүнээс хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд 22 хувь, мал аж ахуй эрхэлж буй 26, цалинтай ажилчин 44, өрхийн үйлдвэрлэл зургаан хувь, нөхөрлөл хоршооныхон хоёр хувийг эзэлж байна. Харин ажлын идэвхгүй 688 мянган хүн байдаг гэсэн судалгаа байна. Эдгээр идэвхгүй иргэдийг мэргэжилтэй боловсон хүчин болгохын тулд МСҮТ-д сургах ажлыг зохион байгуулахаар Хөдөлмөрийн яам ажиллаж байгаа аж. Ажлын идэвхгүй хүмүүсээс тэтгэвэрт 108 мянга, хүүхэд асарч байгаа 64,5 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 57 мянга, өндөр настан 45 мянган хүн байдаг гэнэ.
Я.Санжмятав “Монгол Улсын хэмжээнд ажилгүй 87 мянга 800 хүн байгаа бөгөөд ажилгүй байгаа иргэдийг ажилтай болгох зорилготой ажиллаж байна. Мөн ажлын идэвхгүй хүмүүсээс тодорхой хэмжээгээр улирлын чанартай ажиллуулах бодлого баримталж байна. Манай яам байгуулагдсан цагаас эхлэн “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн” гэлээ.
Одоогийн байдлаар 28 мянган мэргэжилтэй ажилчин хэрэгцээтэй гэж ажил олгогчдын зүгээс санал болгосон. Харин ажил хайж байгаа хүн нь 30 гаруй мянган иргэн бий. Ажлын байр, ажиллах хүчин хоёрын хооронд ийм зөрүү гарч буй нь чадамжтай, хариуцлагатай ажилчин цөөн байгаатай холбоотой. Мөн дээд боловсролтой бус мэргэжилтэй ажилчин дутагдаж байгаагийнх гэж Я.Санжмятав хэлсэн юм. Засгийн газраас мэргэжилтэй ажилчин бэлтгэхээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг сургаж, ажлын байранд зуучилж байгаа юм байна. Мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтын хоёрдугаар ээлж эхэлсэн бөгөөд нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь шууд ажлын байртай болж байгаа нь Хөдөлмөрийн яамны хэрэгжүүлж буй ажлын үр дүн гарч эхэлж байна гэдгийг салбарын сайд нь онцолсон.
Хөдөлмөрийн яам ирэх дөрвөн жилийн хугацаанд нийт 150 мянган ажлын байр шинээр бий болгохоор зорьж буй ажээ.