Өнөөдөр Спорт бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс дэлхийн дээвэр Эверестийн оргилд хоёронтоо хөл тавьсан Г.Өсөхбаяр гавьяатыг Хойд туйлын аялалд нь үдэн гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан энэхүү аяллын ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спорт бэлтгэлийн төв хамтран ажиллаж байгаа юм. Дөрөв хоногийн дараа Хойд туйлыг зорих уулчин Г.Өсөхбаяр Хөвсгөл далайд очиж, дугуй, цанаар үндсэн бэлтгэлээ базаасан байна.
Өнөөдөр болсон үдэн гаргах ёслолд аяллын хамтрагчид болох “Мобиком” корпораци, “Мах импекс”-ийн төлөөлөгчид ирсэн байна. “Мобиком” корпораци аяллын туршид Монголын ард түмэнтэйгээ холбоотой байх сансрын “Иридиум” утсаа бэлэглэсэн бол “Мах импекс” ХХК аяллын туршид хэрэглэх тусгайлан бэлтгэсэн хүнсний дээжээсээ гардуулжээ.