“Буддагийн номлол дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна”

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Буддагийн номлол дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна”

Бурхан багшийн Их дүйчин өдрийн ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн хэлсэн үг:

Сүсэгтэн олон ард иргэдээ,
Санваар сахилт хуврагууд,
Хатагтай, ноёд оо,

Тэнгэр газар эелдэж, нар хур тэгширсэн дэлгэр сайхан зуны өнгөн дээр төр түмнийхээ буян заяаг тэгш дүүрэн байлгах бэлгэдэл, сэтгэлийн үүднээс үндэсний уламжлалт бурханы шашинд гүн хүндэтгэл үзүүлэхийн ялдамд хуран цугларсан сүсэгтэн олон Та бүхэндээ Бурхан багшийн их дүйчэн өдрийн мэндийг дэвшүүлж, буян арвидаж, сэтгэл ариусахын гэгээн ерөөлийг өргөн дэвшүүлье. Хорин зургаан зууны тэртээх Буддагийн сургаал номлол дэлхий нийтийн анхаарлыг улам бүр татсаар байна. Энэ үзэл сургаалын үнэ цэнэ, татах хүч нь энэрэн нигүүлсэх сэтгэл, үнэнч шударгыг эрхэмлэдэгт оршдог билээ.

Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил хэрэг төдий биш, манай нийт иргэд, үндэстний сэтгэл санааны ариусал, гэгээрэл, эв нэгдлийн өдөр байж, эрдэм номын баяр болж өргөжих ёстой. Энэ бол “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх” Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим хэрэгжиж буйн баталгаа юм.

Техник технологи хурдацтай хөгжиж, нийгмийн хэв байдал, хүн зоны оюун санааны орчин-ахуй улам бүр хувиран өөрчлөгдсөөр буй даяаршлын энэ цаг дор энэрэн нигүүлсэхүйн эш онолын охь дээж болсон Бурхан багшийн сургаалийн зүгт түмэн олны сэтгэлийг хандуулах нь оюун ухаанаа гэгээрүүлж мэдлэг боловсролд шамдах, сэтгэл зүрхээ ариусган номхотгож ёс суртахуунтай амьдрах өнөө цагийн нийтлэг ёсонд чухал ач холбогдолтой юм. Манай монголчууд Буддын шашныг монгол хүн бүрийн сайхан сэтгэл, холч ухааны эх ундарга гэж хүндэтгэж ирсэн билээ. Эх орны хөгжил хүнээс, хүний хөгжил зөв сэтгэлээс эхтэй. Үүнд Монголын уламжлалт шашин, буддын гүн ухаан өөрийн үр шимээ өгсөн гэж хэлэх бүрэн үндэстэй.

Монголын ирээдүйд мэдлэг боловсролтой иргэнээс гадна зөв ухамсартай, зөв сэтгэлтэй хүн хэрэгтэй. Хүн бүрд бага балчраас нь үндэснийхээ үнэт зүйлс, соёл, уламжлалт сэтгэлгээ, зан заншлыг тэр дундаа энэрэн нигүүлсэхүйн ухааныг зааж сургах, хүүхэд багачууд амьдрал ахуйдаа мөрдлөг болгон хэвшүүлэх зорилгоор саяхан миний бие “Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийн тухай Зарлигт гарын үсэг зурж, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. “Бурхан багшийн сургаалийг дагасан хүн үнэнийг ухаарч, эсрэг тэсрэг ухагдахуун нь өөр өөр бус, угтаа нэг л мөн чанартайг ойлгодог. Эсрэг тэсрэг ойлголтоос нэгийг нь салгаж, түүнийгээ эс тавин зууралдваас тэр ухагдахуун зөв үзэл байсан ч алдаа болно” хэмээх үзэл онол юутай хүмүүнлиг вэ. Миний бие энэ л сургааль, зарчмыг барьж ялыг биш хүний алтан амийг уучлах, хүн түүний эрхэм үнэлэмжийг баталгаажуулахын тулд Монгол Улсад цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байхыг хүссэн болно. Энэ санаачилгыг маань Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай Лам дэмжин сайшааж, чин сэтгэлийн үгтэй захидал ирүүлсэнд баяртай байна. Бурхны олон шавь нарын зүгээс миний энэ санал санаачилгыг дэмжиж байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Монгол оронд төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй бас нэг чухал асуудал бол байгаль орчны доройтол юм. Нэг мод тарих нь нэг насны буян гэсэн бурханы шашны номлолоор хүн бүр байгаль эхээ хайрлах, хүн байгаль хоёр хүйн холбоотойгоо ухаарах ухаарлын их аян орон даяар өрнөж байгаад сүсэгтэн олон Та бүхэн маань идэвхтэй оролцож байгаа гэдэгт Төрийн тэргүүн би итгэлтэй байна. Бурхан багшийн их дүйчэн өдрийг тохиолдуулан бурханы шашин буман олны сэтгэлийг номын ариун хураар тэтгэж, хүн бүрийг энэрэхүй үзэлт, эв эеийг хичээгч, эрдэм боловсролтой, эрч хүчтэй бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх замаар эх орны хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.

Ард түмэн ашид амгалан, төр машид бат, шашин өнөд тунгалаг байж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж