Увсад мөнгө тараасан хэргийг эцэслэв

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Увсад мөнгө тараасан хэргийг эцэслэв

УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймагт МАН-аас нэр дэвшигчид мөнгө тараасан гэх хэргийг өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэж, хэргийг эцэслэн тогтоолоо. Шүүх бүрэлдэхүүн Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран нарын гурван хүн, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Ч.Хүрэлбаатарын туслахаар ажиллаж байсан УИХ-ын байнгын хорооны рефрент Ш.Чинбат нарт давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан гэх Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Я.Лхагва, Т.Гансүх нарыг малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан гэм буруутай нь нотлогдсон учраас, Я.Баттогтох, Ш.Чинбат нар оюутнуудын саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан нь нотлогдсон учраас хөдөлмөрийн хөлсийг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгохоор анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн юм. Харин өнөөдөр Дээд шүүхэд энэ хэргийг хэлэлцэж, ялыг хэвээр баталжээ.

Нэгэнт шүүх байгууллагын эцсийн шийдвэр гарсан тул Увс аймгаас УИХ-д сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгох асуудлаар Сонгуулийн ерөнхий хуралдаж, шийдвэрээ гаргах юм. Гэхдээ тэднийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай яригдахгүй. Учир нь энэ маргаан санал хураалт болохоос өмнө болсон процесс учраас хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчийн үнэмлэхийг нь хүчингүй болгож, дараагийн 28 хувиас дээш санал авсан хүнийг оруулж ирэх тухай ярих гэнэ.

СЕХ-ны зүгээс шүүхээр эцэслэн шийдэгдсэний дараа энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэж мэдэгдэж байсан юм. Ямартай ч гүжирдүүлсэн хэмээн хэвлэлийнхнийг гүжирдэж байсан эрхмүүд мөнгө тараасан болох нь шүүхээр эцэслэн тогтоогдлоо.

Л.ТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж