Өмнөдийнхөн урьдчилсан цохилт өгөх төлөвлөгөө бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Өмнөдийнхөн урьдчилсан цохилт өгөх төлөвлөгөө бэлтгэжээ

Хоёр орны хооронд “дайны үеийн хууль” үйлчилж байна гэж Пхеньян мэдэгдсэний дараа хойд хөршийнхөө зүгээс өдөөн хатгалга гаргавал урьдчилсан цохилт өгөх төлөвлөгөөг Өмнөд Солонгос бэлэн болгожээ. Бүс нутгийн дайн нь БНАСАУ-ын зүгээс гаргасан өдөөн хатгалга эсвэл хэн нэгний алдаанаас болж үүдэж магадгүй байна.

Фото: Lee Jae-Won/Reuters

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам БНАСАУ-ын зүгээс пуужинт цөмийн занал гарсныг “идэвхтэй барих” төлөвлөгөө боловсруулсныг яамны сайд Ким Гван Чин тус орны ерөнхийлөгч Пак Кын Хед танилцуулсан тухай өмнөдийн “Ренхап” мэдээллийн агентлаг дамжуулжээ.

БНАСАУ-ын нутаг дэвсгэрт пуужингийн ба цөмийн байгууламжуудыг илрүүлэн сөнөөх чадвар бүхий системийг бүтээх ажлаа идэвхжүүлнэ гэж Батлан хамгаалах яам нь мэдэгдэв. Энэ системийг 2015 онд байгуулахаар төлөвлөсөн байжээ. Ямар нэгэн улс төрийн санаа бодлоос үл хамааран  урьдчилсан цохилт хийгдэх  ёстойг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч онцолж байна.

Дайсны пуужин онгоцыг 10-30 км-ийн өндөрт угтан барьж сөнөөх пуужингийн довтолгооноос хамгаалах үндэсний системийг бүтээх ажлыг хурдасгахаар өмнөдийн цэргийнхэн амласан байв. Үүний зэрэгцээ, БНСУ америкийн Global Hawk гэх тагнуулын нисгэгчгүй онгоцнуудыг худалдан авах ажлаа түргэтгэхээс гадна 2021 он гэхэд наад зах нь хоёр тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ.

Гуравдугаар сарын 30-нд шилжих шөнө БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгостой “дайны байдалд” орсноо зарлаад хоёр орны хоорондын бүх асуудлыг “дайны үеийн хуулиар” шийднэ гэсэн нь Өмнөд Солонгосын цэргийнхний төлөвлөгөөг ийнхүү хурдасгахад түлхэц болжээ.

АНУ-ын Өмнөд Солонгостой хамтран хийж байгаа хээрийн сургуульд цөмийн цэнэг зөөх чадалтай, стратегийн В-2 бөмбөгдөгч онгоцнууд оролцсоноос хэдэн цагийн дараа уг тушаалыг Ким Чен Ун өгсөн тухай Reuters агентлаг тэмдэглэв.

Өмнө нь хэрэв өдөөн хатгалаг хийгдвэл АНУ-д цөмийн цохилт өгнө гэж БНАСАУ мэдэгдсэн байв. Гуам, Хавайн арлуудаас гадна АНУ-ын эх газарт тэд цохилт хийнэ гэсэн байлаа.

Хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн хоёрдугаар сард Пхеньян цөмийн бөмбөгийн газар доорх туршилт хийсний дараа эрс хурцдаад байна. Үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гуравдугаар сарын 7-нд ээлжит хориг арга хэмжээ авсан 2094 тоот тогтоол гаргасан юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авсны дараа Хойд Солонгос 60 жилийн турш хүчин төгөлдөр байсан гал зогсоох хэлэлцээрээс гарч, мөн саяхан НҮБ-д “Солонгосын хойг цөмийн дайны эрмэгт байна” гэж Пхеньян сануулсан билээ. 

Өмнөд Солонгос хойд хөршийнхөө мэдэгдлийг ердийн нэгэн занал гэж үзсэн байна. БНСУ-ын Батлан хамгаалах яамны мэдээнд  хойд талынхны цэргийнхэнд довтолгоон хийхээр хөдөлгөөнд орсон зүйл ажиглагдаагүй гэнэ. БНАСАУ-ын нутаг дэвсгэр дэх хоёр орны хамтарсан Кэсоны  аж үйлдвэрийн бүс бямба гаригт хэвийн ажилласныг Хоёр Солонгосыг нэгтгэх асуудал эрхэлсэн яамнаас мэдээлсэн байв.

Харин тэр мэдэгдэлд АНУ-ын Төрийн департамент ноцтой хандлаа. “Хойд Солонгосын  бүтээлч биш мэдэгдэлд бид анхаарлаа хандуулж байна. Бид энэ заналыг ноцтой гэж үзэж байгаа учраас Өмнөд Солонгосын холбоотнуудтайгаа нягт харилцаа холбоотой байна” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Кейтлин Хайден мэдэгдэл хийлээ. АНУ өөрийгөө болон Азийн холбоотнуудаа бүрэн хамгаалах чадвартай гэж Хайден онцлон тэмдэглэсэн байв.

Пхеньян, Сөүлийн харилцааны хурцатмал байдлын бүр ч дэвэргэсэн хэрэг нь Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт болов. Пхеньяны зүгээс эдгээр хээрийн сургуулийг довтолгооны бэлтгэл гэж үздэг. Солонгосын дайны төгсгөлд үзэглэсэн Харилцан үл довтлолцох гэрээнээс татгалзаж буйгаа БНАСАУ гуравдугаар сарын 5-нд зарлав. Мөн Хойд Солонгос хоёр Солонгосыг холбож байсан шууд утсан харилцааны шугамаа тасалсныг мэдэгдсэн ч хэдэн өдрийн дараа уг шугам ажиллаж байгааг Өмнөдийн зүгээс мэдээлсэн юм.

Хамгийн сүүлд АНУ нэг  крейсер хөлөг онгоцоор тэнгисийн хүчнээ, үл үзэгдэгч “Раптер” сөнөөгч онгоцнуудыг Өмнөд Солонгост Япон дахь баазаасаа илгээгээд байна. Анх удаагаа стратегийн бөмбөгдөгч онгоцнууд Өмнөд Солонгосын туршилтын талбайд байг бөмбөгдөн “сургууль” хийлээ.

“Хойд Солонгост цөмийн цэнэг зөөгч байхгүйг бид мэдэж байгаа. Цөмийн цэнэг дэлбэлж болно. Гэхдээ өмнөд хөршдөө. Тийм ч учраас өмнөд хариуд нь урьдчилсан цохилт өгнө” гэсэн хатуу хариулт өгч байгааг шинжээчид тэмдэглэв. Өмнөдийн энэ мэдэгдэл нь бүс нутгийн тогтвортой байдлын төлөө байгаа АНУ болон бусад холбоотнуудтайгаа зөвлөлдсөний дараа хийгдсэн байх. Тийм ч учраас Өмнөд Солонгос энэ алхмаа хийхгүй нь мэдээж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж