Асуудлыг хахуулиар шийддэг зуршлаа халъя

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Асуудлыг хахуулиар шийддэг зуршлаа халъя

Хөгжих гэж ядаж буй манай улсад хамгийн их төвөг учруулдаг зүйл нь авлига гэдгийг судлаачид тогтоожээ. Авлигыг хөгжлийн чөдөр тушаа, аргамжаа  гэж нэрлэдэг нь бас учиртай. Байнгын аргамжаатай морь хэдий хэр цатгалан өнгөлөг байх билээ. Тэгвэл улсын маань хөгжил аргамжаанаасаа цаашхийг идэж чадахгүй эргэцэн байгаа морьтой адил хэмжээнд байна гээд бодохоор тэр нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хэр нь бодитойгоор оршоод байгаа авлига гээчийг үзэн ядахад хүрнэ. Гэвч авлига өгч, авч үзээгүй хүн Монголд байна уу. Уншигч та хэн нэгэнд авлига өгч байсан уу. Үгүй  гэж үү. Тэгвэл хүүхдийнхээ багшид, эмчлэгч эмчдээ бэлэг өгч байсан биз дээ. Гарцаагүй байдалд орсон үедээ хэн нэг этгээдэд хэдэн төгрөг атгуулаад бушуухан салахын мөр болж байсан тохиолдол нэг биш бий дээ. Энэ бүхэн чинь л авлига юм байна. Авлигыг хэн ч өгдөггүй бол хаанаас ийн газар авч, хөгжлийг чөдөрлөхөд хүрэх вэ гэж бодож  болох юм. Гэвч манайд тийм боломж алга. Би л гэхэд өчигдөрхөн замын урсгал сөрж орсныхоо төлөө хэв журмын согтуу цагдаад 20 мянган төгрөг атгуулсан. Уг нь бол хэв журмын цагдаа, тэгээд согтуу гээд бодохоор “авлига” өгөхгүй зугтчихад буруудах зүйлгүй байгаа биз. Хэл ам хийсэн бол цагдаа ах ч бас буруутна л даа. Гэвч цагдаа цагдаадаа хайртайн дээр цаг хугацаа алдана гэдэг 20 мянгаар хэмжихгүй үнэтэй. Ингээд л бодохоор авлига гээч бидний алхам бүрт байна.

Улс төрийн намууд авлигаар айргийн тавд жагсчээ

Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох судалгааг Азийн сангийн санхүүжилт дэмжлэгээр “Сант марал” судалгааны төвөөс явуулсан байна. Авилгын талаарх хүмүүсийн төсөөлөл болооод өрхийн төвшин дэх авлигын тохиолдлыг судлан үзэхэд авлигад хамгийн их өртсөн салбарт газрын албыг нэрлэжээ. Газрын алба жагсаалтын тэргүүн байраа 2006 оноос хойш хадгалж байгаа гээд бод доо. Жагсаалтын хоёрдугаарт уул уурхай, гуравт худалдан авалтын тендер, дөрөвт мэргэжлийн хяналтын газар, тавд улс төрийн намууд жагссан байна. Өнгөрсөн хугацаанд дээгүүр орж байсан шүүх, гаалийн байгууллагын авлигын төвшин айргийн таваас буурсан үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн авч, өгч буй авлигын хэмжээ нь бага  боловч давтамж өндөртэй салбарт боловсрол, эрүүл мэндийг нэрлэсэн байна. Эмч, багш нарт өгдөг хахуулийн давтаж жилд 47-48 гэж бүртгэгдсэн бол хахуулийн дундаж хэмжээ нь 134-423 мянган төгрөг байдаг гэнэ. Мөн иргэдээс олон удаа хахууль авдаг хүмүүсийн тоонд цагдаа, төрийн албан хаагч, шүүгчид багтжээ. Эдгээр хүмүүсийн дундаас хамгийн их хэмжээний хахууль авдаг нь шүүгчид аж. Тэдэнд өгдөг хахуулийн хэмжээ хоёр сая 364 мянган төгрөгт хүрсэн гэж иргэд “мэдүүлсэн” байна.

Дээд төвшний авлигыг судлахаас ч айдгаа нуусангүй

Судалгааны дүнг танилцуулах уулзалтын үеэр “Сант марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Суматигаас “Та бүхэн авлигын судалгаагаа өрхийн төвшинд голчлон хийх юм. Хүрээг нь тэлж, дээд төвшний авлигын талаар, тухайлбал, төр засгийн “томчууд”-ын хүрээнд явуулж болохгүй юу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Үнэнийг хэлэхэд дээд төвшний авлигын судалгааг бид хийх боломжгүй. Хийлээ гэхэд би байнгын хамгаалагч дагуулж явахад хүрнэ биз дээ. Тэгэхээр энэ ажлыг төрийн захиргааны болон хүчний байгууллагууд хийх нь зөв байх аа” хэмээн хариулсан. Мөн тэрбээр тийм эрсдэлтэй алхам хийхээс айж байгаагаа ч нуугаагүй юм. Манай улсад дээд төвшний авлигын талаарх судалгаа, мэдээлэл байдаггүй нь мэдээлэл  цуглуулахад хүндрэлтэйн дээр монгол хэлэнд “дээд төвшний авлига” гэсэн ойлголттой дүйцэх хэллэг байдаггүйтэй холбоотой гэнэ. Орост бол өндөр төвшний авлига гэж тодорхойлон зөвхөн шүүх, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудад хамаатуулан ойлгодог аж. Харин хятадууд авлигын их багаас үл шалтгаалан авлига хэмээн шийтгэл ногдуулдаг  гэнэ. Судалгаанд оролцогчдын 90 хувь нь улс төрчид авлигатай тэмцэх чин хүсэл байдаггүй, учир нь тэд авлигаас ашиг хонжоо олдог хэмээн хариулжээ. Тэрхүү дээд төвшний гэж тодорхойлоод байгаа авлигад чухам юуг багтаан ойлгох вэ гэсэн асуултад судалгаанд оролцогсдын 70,5 хувь нь хахуулийн хамгийн түгээмэл хэлбэр нь бэлэн мөнгө гэж хариулсан бөгөөд дээд төвшнийхний хахуулийн хэмжээ  хэдэн арван саяас хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ гэжээ. Мөн төрийн ажил, албан тушаал хахуулийн бас нэгэн хэлбэр гэж нийт хүмүүсийн 60,4 хувь үзжээ. Ийм байдлаар албан тушаалд очсон хүмүүс яалаа гэж авлигатай тэмцэх вэ дээ гэсэн хандлага түгээмэл ажиглагдсан байна. Түүнчлэн “цагаан захтнууд”-ын авлигад орон сууц, машин, компанийн хувьцаа, хувь эзэмших эрх, гадаад томилолт зэргийг багтаан ойлгож болно гэж иргэд үзжээ.

Хахууль өгөгчдийн хувь буурчээ

Манайд авлига хээл хахууль ялгаатай эсэх, хахууль өгөх нь авлигын хэрэг мөн үү гэдэг дээр тогтсон ойлголт байдаггүй. Судалгаанд оролцсон хүмүүс төрийн албан хаагчид /үүнд мэдээж багш, эмч нар багтана/-д бэлэг, мөнгө өгөх нь авлигын хамгийн тархсан хэлбэр гэж үзсэн хэр нь хахууль өгөхөөсөө илүү авах нь авлигад тооцогдоно гэж хариулсан байна. Тэр байтугай УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо улсын мөнгөнөөс илүү хуваарилахыг жирийн үзэгдэл, байх ёстой зүйл гэж үзсэн байх юм. Түүнчлэн анх судалгаа явуулж байх үед /2006 он/ хэн нэгэнд хахууль өгсөн гэсэн хүн судалгаанд оролцогчдын 28 хувийг эзэлж байсан бол энэ удаагийн судалгаагаар 12 хувь болон буурсан байна. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт бүр ч бага, ердөө л 8,8 хувь байж. Судалгаанд оролцогчдын 41 хувь нь авлигыг ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бол 18 хувь нь тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрнө гэжээ. Авлигыг багасгахад тэргүүн эгнээнд анхаарах газар нь Авлигатай тэмцэх байгууллага, дараагийнх нь Засгийн газар хүмүүс үзэж байна. Харин иргэд өөрсдөө ч хариуцлагатай байх ёстой гэдэгтэй 93 хувь нь санаа нийлсэн ч хувь хүний төвшинд хэрхэн тэмцэх талаар ойлголтгүй байгаагаа нуусангүй.

Судалгаа олон зүйлийг өгүүлж байна. Хэдийгээр Монгол Улсын хэмжээнд 450 мянган өрхийн өчүүхэн хувь буюу 1350 өрхийг хамруулсан судалгаа хэдий ч нийт олны хандлагыг харуулж чадсан гэж дүгнэж болохоор байна. Өнөөдөр авлига өгдөггүй, эсвэл авдаггүй хүн үгүй болсноос асуудлыг хээл хахуулиар шийдэх зуршил нийгэмд хэдийнэ тогтжээ. Тиймээс ч судалгаа өгсөн хүмүүсийн 88,8 хувь нь авлигыг нийтлэг зүйл гэж хариулсан биз.  Тэгэхээр байдаг л нэг авлигыг байх ёсгүй гэж үзэх үзлийг өөрсдөөсөө эхэлбэл ямар вэ. Эхэнд өгүүлсэн согтуу цагдаа дахин надтай тааралдвал би л хувьдаа бууж өгөхгүй байхаар шийдлээ. Цаг заваа бараад ч болов буруу зуршилтай тэмцдэг болъё. Тэгж гэмээнэ жанжны хэлсэнчлэн “нийгэм журам тогтох” юм байна.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж