
Хойд Солонгос Өмнөд Солонгостой дайны байдалд байгаагаа албан ёсоор зарласан. Гэтэл Сөүл Пхеньяны өдөөн хатгалгын эсрэг өргөн хэмжээний урьдчилсан цохилт өгөхөөр заналхийлэв. Гэхдээ БНАСАУ-ын гол бай нь Сөүл бус, Вашингтон болж байгаа. Америкийн цэргийнхэн энэ өдрүүдэд Өмнөд Солонгосын цэргийнхэнтэй хээрийн сургууль хийж байна. АНУ бүс нутагт цөмийн цэнэг зөөх чадвартай F-22 гэх хоёр үл үзэгдэгч сөнөөгч онгоцоо илгээгээд байна. Пхеньян АНУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгнө гэж заналхийсэн байгаа. Байдал улам хурцатсаар…
2011 оны арванхоёрдугаар сард Хойд Солонгосын засгийн эрхийг Ким Чен Ирийн хүү бөгөөд тус орныг үндэслэгч Ким Ир Сений ач Ким Чен Ун гартаа авлаа. Залуу залгамжлагч дэглэмийг либерчилна гэсэн хүлээлт олон хүнд байсан. Гэтэл эсрэгээр Хойд Солонгос цөмийн бөмбөг туршлаа, Хойд Солонгос баллистик пуужин туршлаа гэсэн огт өөр шиж чанартай мэдээллүүд ар араасаа цуврав. “Атомын гүрэн” гэсэн статус одоо тус орны Үндсэн хуульд албан ёсоор бичигдээд байна.
БНАСАУ-ын удирдагчид цөмийн зэвсгээ сайжруулан нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байгаа. “Дэлхийд импералистууд, атомын аюул занал байгаа цагт тэрбум ам.доллар амласан ч атомын бөмбөгөөс татгалзахгүй” хэмээн Пхеньян чанга дуугаар өндөр индрээс мэдэгдэж байлаа.
Ингэж зэвсэглэлээр дарамтлах нь Вашингтоныг Ким Чен Унын дэглэмтэй шууд хэлэлцээрт оруулахад чиглэгджээ. Хэлэлцээр нь “тэнцүү байдлаас” хийгдэх ёстой гэнэ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Пхеньяны хийж байгаа дайнч мэдэгдлүүд, өмнөд хөрштэйгээ “дайны байдалд орсноо” албан ёсоор зарласан зэрэг үйлдлүүдийг нэрлэж болно.
Гэтэл үнэн хэрэгтээ Хойд Солонгост цөмийн цэнэг, түүнийг зөөгч үр дүнтэй хэрэгслүүд байна уу? Берлины Чөлөөт их сургуулийн ажилтан Вернер Пфенниг (Werner Pfennig) энэ талаар “dpa” агентлагт ярихдаа: “Цөмийн гүрэн гэдэг статусыг харьцангуй богино хугацаанд товчлуур дараад атомын цэнэгийг байндаа амжилттай хүргэх чадвар гэж ойлгох юм бол Пхеньянд тэр нь үгүй. Хойд Солонгост шаардлагатай эд зүйлс нь байгаа ч тэр нь одоогоор нэгдмэл цогцолбор болж чадаагүй байна” гэв.
Пхеньян яагаад “атомын статус” гэдэгтэй яаран зууралдах болсныг наад зах нь гурван шалтгаанаар тайлбарлаж болох юм. Нэгдүгээрт, хөрөнгө мөнгөний гачаалын улмаас ердийн зэвсгийг сайжруулан шинэчилж чадахгүй тул атомын бөмбөгөөр нөхөн орлуулахыг цэргийнхэн нь хүсч байна.
Хоёрдугаарт, “атомын гүрэн” гэсэн статус нь эх оронч албан ёсны сурталчилгааны хэмийг нэмэгдүүлж өгөх зорилготой. Гуравдугаарт, “дэглэмийг солих” үйлдлээс хамгаалах хамгийн гол хамгаалалтаа удирдлага нь цөмийн бөмбөгийн бамбай гэж үзэж байгаа.
Бага Кимийн нүдний өмнө, Иракийн дарангуйлагч Саддам Хусейн, Ливийн лидер Муаммар Каддафи нарын дэглэм хэрхэн сүйрсэн зураглал харагдаж байгаа нь тодорхой. Хоёулаа цөмийн бөмбөггүй байсан. Тэд Америкийн довтолгоон, босогчдод үзүүлсэн барууны тусламжийн хүчээр нуран унасан билээ.
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар АНУ-ын төрийн тэргүүн нар Кимийн гурван үеийн удирдагч нартай ямар нэг хэмжээнд ярилцаж, хэлцэл хийсээр ирсэн. Хэлэлцээр урт удаан хугацаанд үргэлжилсэн, хатуу хориг тавиад ч, харамгүй шан амлаад ч амжилт олоогүй юм.
Цагаан ордны өнөөгийн эзэн Барак Обама хориг арга хэмжээ ба материалын сонирхлыг хангалттай хэмжээгээр өдөөж өгөх нь хэзээ нэгэн цагт Пхеньяныг хэлэлцээрийн ширээнд суулгана гэж үзэж байгаа юм. Бүх талуудыг тэвчээртэй байхыг уриалдаг Хятадын зуучлал энд үүргээ гүйцэтгэх учиртай.
Гэхдээ, Гумбургийн Бундесверийн их сургуулийн профессор Аугуст Прадетто (August Pradetto) DW-д ярилцлага өгөхдөө, Солонгосын хойгийн ужиг сөргөлдөөний хурцдал нь АНУ-ын хувьд ашигтай болсон гэжээ. Вашингтон өөрийн цэргийн баазаа Өмнөд Солонгос, Японд байлган бэхжүүлэх хүсэлтэй. Америк-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуульд Пхеньяны хандаж буй дайнч хандлага нь “олон нийтийн зүгээс гарах эсэргүүцэлд хариу болж, Вашингтонд өөрийн зорилгоо биелүүлэхэд тустай” хэмээн профессор Прадетто өгүүлэв.
Түрэмгий мэдэгдлүүд хийгдэж буй ч дайны шууд занал алга хэмээн Солонгосоор мэргэшсэн Вернер Пфенниг дүгнэж байна. "Гэхдээ аюултай байдал огт санамсаргүйгээр алдаа гаргах эсвэл ямар нэгэн даргын бодлогогүй үйлдлийн улмаас гарч магадгүй. Тэр цагт харилцан буудалцаан нь өргөн хэмжээний сөргөлдөөнд хүрэх магадлал өндөртэй байна. Тэр цагт Хятад, АНУ хоёр л байдлыг хяналтаас алдагдуулахгүйн тулд бүхнийг хийнэ гэсэн ганц найдлага л үлдэх юм” гэж тэр онцолж байна.
Профессор Аугуст Прадетто үзэхдээ, Ким Чен Ун дайныг эхлүүлэхээр өдөөж зүрхлэхгүй. Өмнөд Солонгос, Америкийн цэргийн хүчин чадлаас тэр сүрдэнэ. Харин хийгдэж байгаа дайнч мэдэгдлүүд нь залуу удирдагчид ард түмнийхээ “хамгаалагч, тэжээгч” гэж харагдахад нь хэрэгтэй. Удалгүй Америк-Өмнөд Солонгосын цэргийн сургууль төгсөх ба түүний дараа байдал аяндаа тайвширна хэмээн профессор Прадетто өгүүлжээ.