Уг нь манай сайд нар уг төслийн анхны хөрөнгө оруулалтыг ямар учраас нэмсэн талаар мэдээлэл авсныхаа дараа цаашдын хувь заяаг нь хэрхэхийг шийднэ гэсэн утгатай мэдээллийг хийж байсан шиг санагдах юм. Тэгэхээр “Оюутолгой”-нхон том толгой гаргасан гэж ойлгож болох байх. Нөгөөтэйгүүр манай талын холбогдох албаныхан нь ажлаа хийж чадахгүй байна ч гэж хэлж болох юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа “Оюутолгой” ХК-ийнхныг нэг л их загнасан хүн байх юм. Гэсэн атлаа бодит байдал дээр өнгөрсөн сард болоод өнгөрөх ёстой байсан “Оюутолгой” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлыг товлоод хийлгэчихэж чадахгүй л байна шүү дээ.
Анхнаасаа хөрөнгө оруулалтаа “дөрвөн их наяд төгрөгт багатна” гэж ТЭЗҮ хийчихээд үйл ажиллагаа нь эхлээд хэдэн жил болсны дараа “зургаан их наяд төгрөг байх байсан юм байна” гээд яриад сууж байгаа хөрөнгө оруулагчидтай хатуухан арга барилаар тэмцэж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах ёстой хүн нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг та яах аргагүй мөн. Гэтэл ингээд тэдэнд элэг бариулаад сууж байх гэж.
Анхны хөрөнгө оруулалтыг тодорхой болгохыг шаардахад Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг солих тухай яриа гаргасан. Хувь нийлүүлэгчдийн хурал хэзээ болох эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Гэсэн атлаа энэ сарынхаа төсвийг баталчихсан байна гээд бодохоор тэд биднийг элэг барьж байна гээд хэлчихэд нэг их хэтрүүлсэн болохгүй л болов уу. “Нохой хуцсан чинээнд ч тоохгүй байна” гэдэг үг байдаг байх аа. Үүний л тод жишээг Оюутолгойнхон манай сайд нарт харуулж байх шиг.
Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Оюутолгой” ХК-ийн удирдлагууд анхны хөрөнгө оруулалтаа ямар учраас нэмсэн эсэхийг тодорхой болгох хэрэгтэй гэдгийг холбогдох сайд нартаа хатуухан сануулж байсан. Тэр ч бүү хэл түүнээс нааш Оюутолгойгийнхонтой “харьцахгүй” гэсэн утгатай зүйл ярьж байсан.
Гэтэл түүний үгийг сайд нар нь тоосонгүй юу. Аль эсвэл тоогоод хэрэгжүүлж чадсангүй юу. Ямартай ч “Оюутолгой”-нхны аясаар хөдлөх хэрэгтэй болж таараад байх шиг байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгойнхон бүх зүйлээ тодорхой болгосны дараа бидний асуусан, лавласан, шаардсан бүхэн тодорхой болох учиртай гэдэг зарчмаар манайх ажиллаж байна гэх үү дээ.
Хэвлэлээр ярихаараа Оюутолгойнхныг загнаж, зандраад л нүүр өгөхгүй гэсэн утга бүхий үг чулуудаад байдаг атлаа үнэн хэрэгтээ тэдний хүслийг биелүүлж, энэ сарынх нь төсвийг батлаад л өгчихсөн байгаа биз.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Н.Алтанхуяг гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулахаас сэргийлэх хэрэгтэй гэсэн утгатай зүйл ярьж байсан нь үүгээр илэрчихэв үү. Ямартай ч Засгийн газар “Оюутолгой”-д бууж өгөв үү гэдэг хардлага төрж байна.
Ийм том толгой гаргаж байгаа “Оюутолгой”-нхыг цаашид хэрхэх вэ, Уул уурхайн сайд аа. Нөгөөтэйгүүр, үгэнд тань орохгүй байгаа сайд нараа хэрхэх гэж байна вэ, Ерөнхий сайд аа.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин