Асахи Шинбүн: “Хятадын сүүдрээс гарах боломж”

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Асахи Шинбүн: “Хятадын сүүдрээс гарах боломж”

Японы Ерөнхий сайд Шинзо Абэг дагалдан ирсэн “Асахи Шинбүн” сонины сурвалжлагч Коичиро Ишида нутагтаа очоод бичсэн нийтлэлийг товчлон хүргэе.

Улаанбаатарт хятад ресторан ажиллуулдаг бизнес эмэгтэй ажлын байрныхаа байршлыг өөрчлөхийг хүстэл шууд дарамттай учирчээ.

Төв Хятадын Хэбэй мужаас ирсэн тэр эмэгтэй “Монголд хятад цагаачид их ирдэг. Тийм болохоор би зоогийн газрынхаа хаягийг хятад ханзаар бичмээр байгаа юм. Гэвч эрх баригчид ингэхийг хориглосон” хэмээн хэлж байна.

Хятадыг эсэргүүцэх үзэл сүүлийн жилүүдэд Монголд хүчээ авч байна. Газрын баялаг ихтэй, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд эдийн засгийн хараат байдлаасаа гарахыг хүсч байгаа юм.

Ерөнхий сайд Шинзо Абэ яг энэ сонирхлыг нь мэдрэн, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай нь уулзахдаа санхүү болон технологийн тусламж үзүүлэх багц төсөл санал болгосон. Энэ нь Монголчуудын хувьд нүүрс болон газрын ховор металлын олборлолт, боловсруулалтыг шинэ шатанд гаргах боломжийг бий болгох юм.

Монголд байр сууриа бэхжүүлэхээр эрс шийдвэртэй хийсэн Ш.Абэгийн энэ алхмыг “Хэтэрхий оройтсон” гэж шүүмжлэгчид хэлж байна. Учир нь тэрбээр сүүлийн долоон жилд Монголд айлчилсан Японы анхны Ерөнхий сайд юм. Энэ хооронд БНХАУ эдийн засаг болоод дипломат шугамаар хамтын ажиллагаагаа хөгжүүлж, байр сууриа нэгэнт олж авсан гэж тэд үзэж байгаа юм.

Монголын нийт экспортын 90 хувь нь нүүрс, зэс болон бусад ашигт малтмал байдаг, бараг бүгд БНХАУ руу гардаг. Японы худалдааны байгууллагууд одоохондоо энэ байдлыг гаднаас нь ажиглахаас хэтрэхгүй байгаа юм.

Албан ёсны тоо баримтаар, 20 000 хятад ажилчин Монголд хөдөлмөр эрхлэн байнга амьдарч байна.

“Монголд ажилгүйдлын төвшин өндөр /9.9 хувь/ гэдгийг би мэднэ. Гэхдээ хятад ажиллах хүч илүү хямдхан, бас чадвартай” гэж барилгын нэгэн компанийн дэд ерөнхийлөгч 53 настай монгол эрхэм ярьсан юм. Түүний компани жил бүр 100 орчим хятад ажилчин оруулж ирдэг бөгөөд “Бид тэдэнгүйгээр ажиллах боломжгүй” хэмээн өгүүлсэн юм.

Хятад ажилчид ихээр орж ирж байгаа энэ байдал нь нутгийн оршин суугчдад таагүй байдлаар нөлөөлж, 2000-аад оны дундаас хоорондын зөрчил тэмцэл үе, үе гарах болжээ. Монголд хөрөнгө оруулагч нэгэн үүний учрыг “Монголчууд хятадуудыг газрын баялаг, ажлын байрыг нь булааж байна гэж боддог учраас ингэдэг” гэж тайлбарлав. Эрх баригчид нь ч эдийн засаг дахь БНХАУ-ын нөлөөг хумих бодлого барьж эхэлжээ. Дээр дурьдсан Хэбэй мужаас ирсэн эмэгтэй “Монголчууд өөрсдөө монгол бичгээ ч хэрэглэхгүй оросын кирилл, латин үсгийг их хэрэглэдэг мөртлөө хятад хаяг байлгахгүй гэдэг” хэмээн гомдоллосон нь нэг жишээ.

Монголчууд Хятадын эдийн засгийн нөлөөнөөс гарахын тулд ОХУ, Япон, БНСУ-тай харилцаагаа бэхжүүлэхийг хичээж байна. Эрх баригчид өнгөрсөн тавдугаар сард стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль баталсан нь БНХАУ-ын эрх ашигт шууд нөлөөлсөн. Үүний дараа Эрдэс баялгийн салбарын өндөр тушаалын албан хаагч “Бид гадаадын бүх компаниудыг хянах гээгүй. Ганцхан төрийн өмчит компаниуд төртэйгээ нягт хамтран ажиллаж, бодлогын чанартай шийдвэр гарган, энэ нь хүндрэл үүсгэж болзошгүй учраас л урьдчилан сэргийлж байгаа юм” хэмээн Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Энэ оны нэгдүгээр сард Монголын төрийн өмчит “Тавантолгой” компани БНХАУ-ын төрийн өмчит “Chalco” компанитай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээгээ цуцалсан. Хамтрагч нь үнийг хэтэрхий бага тогтоож байгаа учир ингэхээс өөр аргагүй болсон гэсэн тайлбарыг тухайн үед хийж байсан байна.

Газрын баялаг хомс Япон ч гэсэн Монголыг БНХАУ-аас ирэх эрсдлийг багасгах гарц гэж үзэж байгаа юм. 2010 онд үүссэн дипломат харилцааны хямралаас болж БНХАУ Японд хийх газрын ховор металлын экспортоо зогсоосон явдал өөр хамтрагч хайх хэрэгтэй гэсэн сануулга болсон учраас тэр. Япон-Монгол Улс тэр жилдээ л газрын ховор металлын хайгуулын ажлыг эхлүүлсэн билээ. Улаанбаатарт болсон уулзалтаар энэ ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ хоёр тал нотолсон.

Япон бол Монголд хамгийн их санхүүгийн тусламж үзүүлдэг орны нэг. 2011 оны байдлаар 211 100 000 000 иен (2.22 тэрбум ам.доллар)-ий тусламж үзүүлээд байв. Гэвч энэ их хандив тусламж нь хоёр орны харилцааг санасан хэмжээнд хүртэл хөгжүүлсэнгүй. 2012 онд 17 000 япон жуулчин Монголд ирсэн нь мөн хугацаанд ирсэн хятад жуулчдын 1/20-тэй тэнцэх үзүүлэлт. Өнгөрсөн жил Хятадаас 8 200 оюутан Монголд суралцсан бол Японоос 12 000 байх жишээтэй.  “Япон Монголын хөгжилд зориулж их хөрөнгө гаргасан ч үр ашгийг нь хүртэж чадаагүй” гэж нэгэн тур оператор хэлсэн юм.
 
Япон, Монголын удирдагчид ч тэгтлээ сүжрээд байдаггүй. Тухайлбал, Шинзо Абэ долоон жилийн дараа Монголд ирсэн. Харин БНХАУ-ын удирдагчид бол бараг л жил бүр Монголд айлчилдаг. Жишээлбэл, Ш.Абэгийн айлчлалаас гурав хоногийн өмнө буюу өнгөрсөн сарын 27-ны өдөр сөрөг хүчин МАН-ын удирдлагууд БНХАУ-д айлчилсан. ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшань тэднийг хүлээн авч, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцсан байна. Тэдний ярианы сэдэв нь Монголд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал байжээ”.  

Х.БАТСАЙХАН

Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж