Дуурийн театрт өнгө нэмсэн шинэ хөгжмүүд

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Дуурийн театрт өнгө нэмсэн шинэ хөгжмүүд

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид өнгөрсөн сард шинэ хөгжмийн зэмсгүүдээ хүлээн авч, шинэ хөгжмийн баяраа тэмдэглэн тоглолт хийсэн билээ. Хагас зуун жилийн түүхэн ойн босгон дээр тус театрын хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр, ССАЖЯ, “Ямаха Тотал Мюзик” продакшны туслалцаатайгаар шинэ хөгжмүүдээ хүлээн авсан юм. Тодруулбал, УДБЭТ-т 368 мянган ам.долларын үнэ бүхий 45 нэр төрлийн гуулин, үлээвэр, цохиур, төгөлдөр хуур гэхчилэн нийт 90 гаруй нэр төрлийн  хөгжмийн зэмсэг, дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ. Симфони оркестрийн амин сүнс нь болсон "Гранд-GX" төгөлдөр хуур гэхэд л Монголд цорын ганц байгаа гэнэ. Симфони найрал хөгжмийн зэмсгээ иж бүрнээр нь сольж, сайжруулсан анхны тохиолдол энэ бөгөөд шинэхэн хөгжмийн аялгуугаар үзэгчдийн сонорыг мялаасаар байна.

Тус театрын симфони оркестрын хөгжимчдийн дунд театрынхаа түүхтэй эн чацуу хугацаанд уран бүтээл туурвисан нэгэн байхад ажлынхаа гараанаас гараад удаагүй залуу уран бүтээлчид ч цөөнгүй. 

Театрт ирсэн шинэ хөгжмүүдийг танилцуулъя:

1.Piccola /Пиккель/-Модон үлээвэр хөгжим нь симфони найрал хөгжмийн хамгийн дээд өнгийг гаргадаг. Ихэнхдээ хөгжмийн аялгууг тоглоход тохиромжтой. Партитурын хамгийн эхэнд багтдаг ба эх биеэрээ хоёр хэсэг салдаг, хамгийн жижиг хөгжмийн зэмсэг. Материалын хувьд мод болон төмрөөр хийгдсэн байдаг.

2.Fleita /флейт/-Модон үлээвэр хөгжмийн зэмсэгт багтана. Аялгуу  сайтай. Аялгууг нь байгалийн сайхан шувууны жиргээтэй зүйрлэж  болно. Хөгжимчнөөс нэлээд ур чадвар шаарддаг. Их биеэрээ хоёр хэсэг болон хуваагдана. Симфони оркестрт гоцлол хөгжмийн үүрэг гүйцэтгэнэ.

3.Oboe /Гобой/-Модон үлээвэр хөгжим. Симфони найрал хөгжимд сонгодог тод, тогтвортой өнгө бүхий ганган хээнцэр дуутай хөгжим. Ихэнхдээ модоор хийгддэг давхар хустай гоцлол хөгжмийн зэмсэг.

4.Clarinetta /Кларнет/-Модон үлээвэр хөгжмийн зэмсгүүдийн нэг. Флейт, гобойг бодвол илүү баргил, бүдүүн дуутай. Хөг сольж тоглодог дан хустай гоцлол хөгжим юм.

5.Fagot /фагот/-Модон үлээвэр хөгжмийн басс хөгийг гаргадаг. Оркестрт гоцлол хөгжмийн үүрэг гүйцэтгэдэг. Өтгөн бөглүү дуутай, зөөлөн аялгуутай хөгжим.

6.Truba /Труба/-Гуулин үлээвэр хөгжмийн нэг. Чанга дуу авиаг гаргах үүрэг гүйцэтгэдэг. Фанфар тоглоход нэн тохиромжтой.

7.Tromboni /Тромбон/-Гуулин үлээвэр хөгжмийн нэг. Тод дуутай, дотроо басс Тромбон гэж байна. оркестрийн доод өнгө тоглох боломжтой.

8.Grand GX piano-Хаан төгөлдөр хуур

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж