Хөрсний дээжийг МХЕГ-т шинжлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Хөрсний дээжийг МХЕГ-т шинжлүүлжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн II станцын гүний худгийн үүдэнд мөнгөн ус асгарч, Шадар сайдын тушаалаар МХЕГ, Онцгой байдлын ерөнхий газар, бусад мэргэжлийн албаныхныг яаралтай арга хэмжээ авах шийдвэр гарсан. Мэргэжлийн байгууллагууд мөнгөн усыг авч, ариутгал, халдваргүйжүүлэлт, хордолттой газраас 50 метрийн зайд хязгаарлалт бүс тогтоон цэвэрлэгээ, саармагжуулалт хийж байгаа юм байна. Мөн бохирдсон хөрсийг хуулж, битүүмжилсэн бөгөөд шинээр хөрс суулгах ажлыг хийж эхлээд байгаа ажээ.

Архангай аймгийн Онцгой байдлын аврагчид нийт хоёр килограмм 315 /2,3/ грамм мөнгөн ус асгарсныг шалгалтаар тогтоожээ. Уг худаг нь гэр хорооллын болон зургаан орон сууцыг ундны усаар хангадаг байсан бөгөөд аймгийн Онцгой комисс хуралдаж, шаардлагатай арга хэмжээ авсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас худгийн байрны орчмын 100 метрийн зайд хөрсний дөрвөн дээж, гүний усны гурван дээжийг авч МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр ирүүлсэн  байна. Харин уг шинжилгээний дүнгээр дээжид мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй гэж гарчээ /Хөрсөнд агуулагдах мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээ 2.0 мг/кг байдаг аж/.

Архангай аймагт Төв лабораторийн шинжээч хэмжилт, дээжлэлт хийхээр ажиллаж байгаа бөгөөд шинжээч 1000 метр /м3 / куб усны багтаамжтай усан сан дахь 250 метр куб /м3/ усыг юүлж, усан сангийн ёроолоос нарийвчилсан шинжилгээ авах ажээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж