МИАТ-ийн Гүйцэтгэх захирлыг шалгах уу!

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн Гүйцэтгэх захирлыг шалгах уу!

Дайны эрсдэлийн даатгалын гэх мөнгийг гадаад руу зувчуулсан хэрэгт
холбогдуулан 2005-2010 онд МИАТ ХК-ийн санхүүгийн албаны даргаар ажиллаж
байсан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр,
МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Монгол Улсын гавьяат нисэгч
Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон түүний  эхнэр Ү.Цэцэгмаа нарыг саатуулан
шалгаж буй.
Тэгвэл тэдний араас одоогийн удирдлага болох
Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхантай холбоотой шинэ асуудал сөхөгдөх
бололтой. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа
”МИАТ-ийн “Баянхонгор аймгийн “Нүхт-тур” ХХК-тай байгуулсан их хэмжээний
мөнгөний гэрээг цуцлах, МИАТ компанид учирсан хохирлыг хууль хяналтын
байгууллагад хандаж нэхэмжлэх,  гэрээ байгуулсан үйл ажиллагаа нь
МИАТ-ийн холбогдох албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн
шинжтэй байгааг шалгуулах арга хэмжээг авах”-ыг даалгаж, албан бичиг
илгээсэн байна.

Энд
гэмт хэргийн шинжтэй гэж тодотгосон нь анхаарал татаж байгаа юм.
Жишээлбэл, “Нүхт тур” компанид 2011 онд МИАТ-ээс хоёр тэрбум төгрөг
шилжүүлж байсан бол ганцхан жилийн дараа буюу 2012 онд 3,8 тэрбумыг
нэмэгдүүлж шилжүүлсэн гэх мэт ноцтой асуудлууд байгаа юм байна.

Бидний
олж авсан мэдээллээр онгоцны ердийн нэг суудал /зорчигчийн сандал/-ыг л
гэхэд 100 сая төгрөгөөр, бизнес класс суудлыг 200 сая төгрөгөөр
худалдан авах гэрээ хийж байсан юм байна. Харин бодит зах зээлд нэг
сандлын ханш нь 10-20 мянган доллар байдаг юм байна. Хэдийгээр сүүлийн
үед МИАТ-ийн зорчигчдын тоо нэмэгдэх эхэлсэн таатай мэдээлэл байгаа ч
цаашид ч шалгах шаардлагатай олон асуудлууд бий гэж хуулийнхан үзэж
байгаа юм байна. Тиймээс дуулиан дэгдээсэн өмнөх удирдлагууд нь мөнгө
идсэн хэргээс гадна одоогийн удирдлагатай холбоотой санхүүгийн ноцтой
зөрчлүүд сөхөгдөх бололтой.

Тэгвэл шалгах шаардлагатай хэмээн
баримт дэлгэн шүүмжилсэн Бодлого зохицуулалтын газрын дарга
С.Билэгсайханыг дагаж мөрдөн, жолооч нь сэжигтэй байдлаар хоолны
хордлого авсан мэдээлэл байна.

Жилдээ 198 орчим тэрбум төгрөгийн
орлого олдог МИАТ компанийн орлогынх нь багагүй хэсэг нь учир
битүүлгээр алга болдог ч гэх мэдээлэл байна. Тиймээс МИАТ-ийн өмнө
удирдлагуудын араас одоогийн удирдлага Г.Жаргалсайханыг шалгаж эхлэх нь
нэгэнт тодорхой болжээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж