Ассоциаци яам хоёр анх удаа гэрээнд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Ассоциаци яам хоёр анх удаа гэрээнд нэгдлээ

Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци Уул уурхайн яамтай харилцан ойлгоцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба нар гарын үсэг зурсан юм. Ийнхүү хоёр тал санамж бичигт гарын үсэг зурснаар компанийн нийгмийн хариуцлага, түүний дотор хариуцлагатай уул уурхайн зарчмыг таниулах, тайлагнах ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр аль нэг талынхаа санаачилсан ажлыг бүхий л талаар дэмжих, Уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбогдол бүхий хууль, эрх зүйн актад судалгаа мониторинг хийж, саналаа харилцан солилцож дүгнэлт гаргах, эрх бүхий байгууллагад уламжлах, шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт хийсэн аливаа хууль, эрх зүйн акт, дүрэм, санамж бичгийг тус салбарт бизнес эрхлэгчдэд шуурхай мэдээлэх зэрэг ажлыг хамтран зохион байгуулах юм. Уг нь нэг салбарын яам, ассоциацийн хооронд гэрээ байгуулахад хачирхаад байх зүйлгүй мэт боловч өнөөдрийн санамж бичиг нь анх удаагийнх гэдгээрээ онцлог байлаа. Урьд нь дээрх хоёр байгууллага гэрээнд гарын үсэг зурж байгаагүй төдийгүй эмээлийн хоёр бүүрэг шиг байсныг талууд үгүйсгэхгүй байна. Гэрээ байгуулагч талууд  уул уурхайн салбарын эрхзүйн орчныг тогтвортой болгох,  эрдэс баялгийн салбарын талаар баримтлах бодлогод хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний сацуу шинээр боловсруулсан хуулийн төсөл нь тус салбарын хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгээд байгааг хэлж байлаа.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж