Ж.Ядамсүрэн: Шийдвэрийн биелэлт сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Ж.Ядамсүрэн: Шийдвэрийн биелэлт сайжирчээ

Монголбанкны Хяналтын Зөвлөлийн дарга доктор, профессор Ж. Ядамсүрэнтэй Хяналтын Зөвлөлийн  хурлаар хэлэлцсэн асуудлаар ярилцав.

-Танай Зөвлөл улирлын ээлжит хурлаа хийжээ. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар товч ярилцах гэсэн юм.

-Монголбанкны Хяналтын Зөвлөлийн улирлын ажлын төлөвлөгөө болон хуульд заасны дагуу Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаас 2012 онд гаргасан шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийн байдалтай танилцан шалгаж, хурлаар хэлэлцсэн. Бас манай Зөвлөл Төв банкны тухай хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Монголбанкны Дотоод хяналт,үйл ажиллагааны эрсдэлийн газрын удирдлага, хянан шалгагч нартай банкны дотоод хяналтын асуудлаар, Монголбанкны 2012 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж буй “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК-ийн хараат бус гадны аудиторуудтай аудитын явцын талаар тус тус санал солилцсон тухай мэдээллийг хэлэлцсэн.

-Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаар 2012 онд ямар асуудлууд хэлэлцэж, ямар шийдвэр гаргаж ажилласныг сонирхож болох уу?

-Энд хэлэлцсэн асуудал бүрээр ярих боломжгүй юм. Тоймлож хэлбэл, 2012 онд Монголбанкны Захирлуудын зөвлөл долоо хоног бүр, нийт 39 удаа хуралдаж, бодлогын чанартай 31, арилжааны банк болон орон нутгийн салбарын шалгалтын дүнгийн 46, төсөв хөрөнгө, өр авлага, тооллогын дүнгийн холбоотой 30, заавар, журам, эрх зүйн актад нэмэлт өөрчлөлт оруулах талаар 26, зөвшөөрөл олгох болон эрх хүлээн авагч, бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл байгуулах гэрээний төслийн 2, танилцуулга, тайлан, судалгааны баримт бичиг, олон улсын чанартай хурал зөвлөлгөөний болон бусад 40 асуудал, нийт 175 асуудлаар 220 заалт бүхий шийдвэр гарган ажилласан байна. Эндээс хэлэлцсэн асуудлын талаар төсөөлөл авч болох байх.

-Олон асуудал хэлэлцжээ. Хэлэлцэх асуудлыг хаанаас оруулж, шийдвэр гаргуулдаг вэ?

-Монголбанкны бүтцийн нэгж хэсгээс асуудлыг боловсруулж Захирлын зөвлөлд оруулж шийдвэрлүүлдэг юм. Тухайлбал, 2012 онд Монголбанкны Захирлын зөвлөлийн хуралд Тамгын газар 40, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газар 30, Төлбөр тооцоо, бүртгэлийн газар болон Хяналт шалгалтын газар тус бүр 25, Мөнгөний бодлого, судалгааны газар 18, Валют, эдийн засгийн газар 17, Санхүүгийн мэдээллийн алба 6, Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газар 5, Мэдээллийн технологийн газар болон Эрсдэлийн удирдлагын алба тус бүр 3, Хууль, эрх зүйн газар 1 асуудал оруулж хэлэлцүүлсэн байна. Монголбанкны бүтцийн бүх газар, хэлтэс, албадын үйл ажиллагааг хамарсан үүрэг даалгавар өгч ажилласан байна.

-Эдгээр үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх газар, албадаар авч үзвэл ямар байдалтай байна вэ?

-Захирлуудын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаварын ихэнх нь Тамгын газар, Төлбөр тооцоо, бүртгэлийн газарт өгөгдсөн байсан. Бас Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газар, Мэдээллийн технологийн газар, Эрсдэлийн удирдлагын алба, Санхүүгийн мэдээллийн албанд ч холбогдох үүрэг даалгавар өгсөн байна.

-Үүрэг даалгаварын хэрэгжилт хэр байна вэ?

-Дээр дурьдсан 220 заалтын хэрэгжилтийн байдлыг нэг бүрчлэн гаргаж, хурлаар хэлэлцсэн. Нийт 205 заалтаар өгсөн үүрэг даалгавар бүрэн биелэгдэж, 15 заалтаар өгсөн үүрэг даалгавар хэрэгжих явцдаа байна гэж манай Зөвлөл дүгнэсэн. Шийдвэр, үүрэг даалгаварын хэрэгжилтийг нэг бүрчлэн авч үзэхэд 93.2 хувийн биелэлттэй байна лээ.

-Хэрэгжих явцдаа байгаа үүрэг даалгаварыг нэрлэж болох уу?

-Энэ тухайд бол мөрдөн байцаалт нь дуусаагүй алтны сорьцтой холбоотой асуудал, Банкны зээлийн барьцаа хөрөнгөтэй холбоотойгоор хууль, тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль шинээр батлуулах, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, арваад дүрэм, журам, зааврыг өөрчлөн шинэчлэх зэрэг бодлогын чанартай асуудлууд байсан.

-Танай Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, өгсөн үнэлэлт дүгнэлт, цаашид анхаарах асуудлын талаар сонирхвол.

-Монголбанкны Хяналтын Зөвлөлийн хурлаас Монголбанкны Захирлын зөвлөлөөс 2012 онд гаргасан шийдвэр, нэгж албадад өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт урьд өмнөх жилүүдээс илт сайжирсан, газар, хэлтэс, албадад өгсөн үүрэг даалгаварыг бүртгэх, биелэлтийг хянаж дүгнэх, хяналт тавих ажил тогтмолжсон байна гэж үзсэн. Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг цаашид сайжруулахын тулд зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг дүгнэх үндэслэл, биелэлтэд хяналт тавьж буй арга барилыг боловсронгуй болгох, хурлын дотоод зохион байгуулалтыг сайжруулж ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж болгосон.

-Хэлэлцсэн хоёр дахь асуудлын талаар?

-Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын удирдлага, хянан шалгагчидтай санал солилцсон. Тус газар нь Монголбанкны бүтцийн голлох газар юм. Энэ газрын үйл ажиллагааны чиглэлд гарсан ахиц дэвшил болон цаашид анхаарах асуудлаар ярилцсан. Хяналт шалгалтын ажлын үр нөлөөг дээшлүүлэх, эргэх холбоо бий болгох, өгсөн зөвлөмжийнхөө хэрэгжилтийн байдалд тавих хяналтыг сайжруулах зэрэгт ихээхэн анхаарч ахиллаж байгаа юм байна лээ.

Ер нь Монголбанкинд стандарт тогтоогоогүй, стандартгүй явж буй ажил үйлчилгээ гэж байхгүй шүү дээ. Ерөнхийдөө ажил үйл нь цэгцэрсэн, бодлого, үйл ажиллагаа нь үр дүнтэй, хөгжилтэй улс орны төв банкинд ямар шаардлага тавигддаг, стандарт нь ямар байдаг вэ тэр хэмжээнд л байгаа газар.

Прайсуотерхаусынхантай өнгөрсөн оны санхүүгийн тайланд хийж буй аудитын явцын талаар санал солилцсон юм. Тэд аудитын ажлаа үндсэнд нь дуусгаад дүгнэлт зөвлөмж, банкны удирдлагад хүргүүлэх захидлынхаа төслийг Монголбанкны удирдлагад хүргүүлж байна. Энэ талаар товч мэдээлэл сонссон. Хараат бус байгууллагаас аудит хийсэн санхүүгийн тайлангаа манай зөвлөлд ирүүлэх, Монголбанкны Хяналтын Зөвлөл аудит хийсэн тайланд санал зөвлөмжөө гаргаж УИХ-д хүргүүлэн танилцуулдаг юм. Энэ ажлыг зөвлөл 2 дугаар улиралд гүйцэтгэнэ.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Б.ХИШИГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж