Дээрх хэлэлцүүлэгт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, дүүргийн намын дарга Ө.Пүрэвбаатар, дэд дарга М.Зундуйдаваа, ХЭГ-ын дарга Ч.Төмөр, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нар оролцлоо. Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн дүүргүүдээс хамгийн их хүн амтай, нийт 36 хороотой юм. Хэлэлцүүлэг тус дүүрэгт гурван өдөр үргэлжилнэ. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 12 хорооны үүрийн дарга гишүүд нийлсэн 200 гаруй хүн оролцлоо.
Тус нам нь Үндсэн дүрэмдээ ҮЗХ, Нийслэлийн зөвлөлдөх хороо, аймаг дүүргийн намын хорооны чөлөөт суудал болон УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгуульд намаас нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн эзлэх хувь 25-аас багагүй байх, УИХ болон Орон нутгийн сонгуульд нам ялагдаж албан ёсны дүн гармагц шат шатны намын удирдлага болон АЭХ, АЗХ, ААХ-ны удирдлагууд шинэ удирдлага сонгогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллах, харин дээрх үйл явц эсрэгээрээ буюу шат шатны сонгуульд гаргасан амжилт өмнөх сонгуулийн дүнгээс дээшилсэн тохиолдолд дээрх албан тушаалтнууд тухайн албан тушаалд дахин нэр дэвших эрх нь нээгдэх зэрэг өөрчлөлт оруулсан байна. Хэлэлцүүлгийн үеэр үүрийн дарга гишүүдээс намын анхан шатны байгууллага болох үүрүүдийн эрх үүргийг тодорхой болгох, ажиллах нөхцөл бололцоог дүрмийн хэмжээнд зохиуцуулах зэргээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Мөн намын дүрмээс гадуур үйл ажиллагаа явуулах, хууль бус үйлдэл гаргасан удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг тодотгож оруулах нь зүйтэй гэж байв. Харин дүрмийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн болон намын албан тушаалд дөрвөөс дээш жил нэр дэвшүүлэхгүй байх заалт оруулжээ.
Хүн амын тооноос хамаарч хэлэлцүүлэг тус дүүрэгт гурван өдөр үргэлжилнэ. Харин Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн орон нутаг дахь хэлэлцүүлэг маргааш Говьсүмбэр аймгаас эхлэх юм байна.