Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хийж буй айлчлал өндөрлөлөө. Ноён
Ерөнхий сайд анхныхаа айлчлалыг энэ оны нэгдүгээр сард Азийн гурван орон
тухайлбал, Вьетнам, Тайланд, Индонез улсаас эхэлж, дараа нь АНУ-д
айлчилсан билээ. Түүнийг Вьетнам, Индонез улстай батлан хамгаалах
салбарт хамтран ажиллах тухай голчлон ярилцана хэмээн мэдээлж байсан бол
зарим ажиглагчид Хятад болон тус улсын хооронд дэгдээд байгаа арлын
маргаантай асуудалдаа бусад улсын тусламж, дэмжлэг олох зорилготой гэж
онцолж байсан билээ.
Харин түүний айлчилж буй гурав дахь орон
Монгол болж байна. Шинзо Абэ 2006 оноос Японы Ерөнхий сайдаар жил гаруй
хугацаанд ажиллаж байсан. Тэр үед гадаадад хийх анхны айлчлалаа
БНХАУ-аас эхэлж байсан билээ.
Харин энэ удаа тэгсэнгүй. Улс төрд
мөнхийн эрх ашиг байдаг болохоос бус мөнхийн халуун түншэл гэж байдаггүй
гэх үг бий. Анх түүнийг Ерөнхий сайдаар сонгогдоход АНУ, Австрали зэрэг
орнууд Японы Либерал Ардчилсан намын лидерт баяр хүргэж, шинэ Засгийн
газартай нягт хамтарч ажиллахаа илэрхийлж байсан бол Хятадын хэвлэлүүдэд
“Япончууд “Харцага” хочтой Шинзо Абэгийн намыг сонгож, барууны үзэл
баримтлал руу хазайхаас хөрш орнууд нь болгоомжилж байна” гэж бичиж
байсан нь бий. Тэр бол үнэхээр барууны үзэлтэй нэгэн гэсэн. Японы
Либерал Ардчилсан нам 2009 онд одоогийн эрх баригч Японы Ардчилсан намд
ялагдах хүртлээ сүүлийн бараг 50 жилийн турш тасралтгүй төр барьж байгаа
нам юм.
Шинзо Абэ “Зүүн Хятадын тэнгис дэх арлууд Японы газар
нутгийн салшгүй хэсэг. Тиймээс энэ асуудлаар яриад байх зүйл байхгүй”
хэмээн эрс тэрс мэдэгдэж байсан. Үүнээс хойш удалгүй Хятад орон даяар
Японыг эсэргүүцсэн жагсаал болж, тус улсад үйл ажиллагаа явуулж байсан
Японы цөөнгүй компани хаалгаа барихад хүрсэн, түүнчлэн маргаантай
арлуудын дээгүүр Нанжины аллагын ойн өдрөөр нислэг хийсэн билээ. Энэ
бүхэн бол хэн хэнийх нь “ходоодны мухарт” урьдын юм хадгалагдсан хэвээр
байгаагийн илэрхийлэл биз.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпинь
анхныхаа айлчлалыг ОХУ-аас эхэллээ. Ази дахь Орос Хятадын түншлэлд
япончууд баярлаад байхгүй нь лавтай. Энэ түншлэл цаагуураа АНУ, бас
Японыг ч сөрж байж таарна. Орос, Хятадын аль алинтай нь газар нутгийн
маргаан бий. Түүнээс гадна ОХУ дахь японы компаниуд орон зайгаа
хятадуудад улам бүр алдсаар байгаа. ОХУ эдүгээ Японы бэл бэнчин, өндөр
технологийн өмнө 1990-ээд оных шиг бөхөлзөөд байхааргүй болсон. Тиймээс ч
Куриллын арлуудын талаархи байр сууриндаа эргэн хатуурхах болсон билээ.
Хоёр их гүрний улс төрийн бодлогод Япон өнөөдөр босго хавьцаа нь бохирч
суугаа дагавар хүүхэд шиг л харагдаад байгаа бололтой. Монголд хийсэн
айлчлалаараа хариу барьж байж мэднэ. Шинзо Абэгийн Монголд хийж буй
айлчлалыг зарим ажиглагчид Хятадад шахалт үзүүлж буй хэлбэр хэмээн
тодотгож байгаа нь цаанаа учир жанцантай байх. Гэхдээ наран мандах
зүгийн орны хувьд Азийн эх газарт стратегийн түнштэй болох сонирхол илүү
давамгайлж байгаа нь тодорхой юм. Тэр түнш нь Монгол. Энэ хоёр орон бие
биеэ нөхцөлдүүлж, дутуугаа нөхөж, дундуураа дүүргээд явах бүрэн
боломжтой. “Монголын баялаг+Японы өндөр технологи” гэсэн хэллэг манай
улс төрчдийн дунд энэ чиг хандлагын илэрхийлэл болон түлхүү яригдаж
байна. Япон бол дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон. Өндөр
технологи хөгжсөн, бас мөнгөтэй. Харин манайд бол энэ хоёроос бусад нь
бараг байгаа байх. Стратегийн түншлэл гэдгийг хамгийн товчхоноор онцгой
гэж ойлгож болно. Энэ түншлэл эргээд АНУ Монгол хоёрыг илүү найзархах
боломж олгож мэднэ. Учир нь Ази дахь АНУ-ын гол түнш нь Япон билээ.
Японы сульдсан эдийн засгийг сэргээх нь 96 дахь Ерөнхий сайдын хамгийн гол зорилт болж байна.
Тэрбээр
ард түмнийхээ алдагдсан итгэлийг ажил хэргээрээ олж авна хэмээн
мэдэгдэж байсан нь бий. Гэвч хүндрэл бэрхшээл бол бий. Хоёр жилийн өмнө
болсон байгалийн гамшгийн дараа япончууд атомын эрчим хүчнээс үндсэндээ
татгалзчихлаа. Энэ нь тус улсыг эрчим хүчний өлсгөлөнд оруулсан. Одоо
Япон ОХУ болон БНХАУ-аас гурван их наяд иений эрчим хүч импортолж байгаа
гэх мэдээлэл байдаг. Энэ нь мэдээж үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлж
эрчим хүчний хараат байдлаас гарах арга замаа сүвэгчилж байгаа нь Японы
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын нэг зорилго байж таарна. Монгол
бол эрчим хүчний баялаг эх үүсвэртэй. Нүүрс болон занарын арвин нөөц
байна. Үүн дээр сэргээгдэх эрчим хүчийг нэмбэл Монголын хөгжлийн нэг
гарц нь эрчим хүчний экспорт байх бүрэн боломжтой.
Өөр нэг
асуудал бол Японы өндөр технологийн үйлдвэрт шаардлагатай газрын ховор
элементийн гачлан. БНХАУ энэ төрлийн экспортоо зогсоочихоод байгаа.
Харин энэ баялаг нь Монголд бий. Энэ мэт учир шалтгаан бий. Гэхдээ хоёр
орны түншлэлийг зөвхөн энэ өнцгөөр харж болохгүй. Ноён Ерөнхий сайдын
хэлсэнчлэн стратегийн түншлэлийг эрх чөлөө, ардчилал, харилцан туслалцах
гэдэг үндсэн дээр хөгжүүлэх явдал. Тэгээд үүнийгээ цаашид улс төр,
аюулгүй байдал, эдийн засаг, хүний болон соёлын харилцаа гэсэн чиглэлээр
хөгжүүлэх явдал гэж байна. Товчхондоо бол бие биеийнхээ хөгжлийг
дэмжсэн харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж илэрхийлж болно.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин