Амралтын өдөр нөөцийн махыг гулуузаар нь зарна гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Амралтын өдөр нөөцийн махыг гулуузаар нь зарна гэв

Нөөцийн мах    хүртээмжгүй, гулуузаараа олдоц муутай байна гэсэн гомдол зах, супермаркетуудаас эхлээд Нийслэлийн засаг захиргааны газарт ирсээр байгаа билээ. Мөн нөөцийн махны амттай шимттэй хэсэг нь үзэгдэхгүй, ясархаг, хатуу махыг нь л худалдаж байна гэсэн гомдол ч бий. Иргэдийн гомдлын мөрөөр Нийслэлийн удирдлагууд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, нийслэлийн зургаан дүүргийн хэлтсийн дарга, томоохон худалдааны төв, захын удирдлагууд өнөөдөр хуралдлаа. Ингэхдээ “Өрх бүрт нэг гулууз” уриан дор гулуузаар бэлдсэн нөөцийн мах худалдах цэгийн тоог цаг  үеийн байдалтай холбогдуулан нэмэхээр болсноо хэлэв. Шинээр нэмж буй таван цэг нь байнга ажиллахгүй бөгөөд  дөрөвдүгээр сарын 6, 7-нд буюу ирэх амралтын өдрүүдэд л махыг гулуузаар худалдахаар төлөвлөөд байгаа ажээ.

Мах худалдах цэгүүдийн байршлыг танилцуулъя.

  1. “Скай” их дэлгүүр
  2. “Бүрд” зах
  3. “Оргил” худалдааны төв
  4. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Шөнийн зах 
  5. “Мишээл экспо” гэх зэрэг төв, захуудын задгай талбайд тус тус худалдах ажээ.

Цаашид иймэрхүү байдлаар өргөтгөсөн худалдааг ойр ойрхон зарлаж байх тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Нийслэлд түгээх нөөцийн махыг “Жаст Агро” компани хариуцах бөгөөд энэ жил 9200 тонн нөөцийн мах бэлтгэснээс одоогийн байдлаар 1030 тонныг худалдсан ажээ. Ингэхдээ 377 цэг буюу зах, худалдааны төв, супермаркетуудаар жижиглэнгийн мах, “Хар хорин”, “Хүчит шонхор”, “Нарантуул-2” худалдааны төвүүдээр гулууз мах худалдаж байна. Сануулахад, гулууз махыг өглөө эрт тараагаад дуусчихдаг гэх тайлбарыг албаныхан өгч байна. Ямартай ч нөөцийн мах худалдах цэгүүдийг нэмсэн ч иргэдэд хүртээмжгүй, гуя, хааны хэсэг нь олддоггүй, өндөр үнэтэй, хатуу мах байна гэж иргэд ихээр гомдоллож байгаа. Энэ талаар “Жаст Агро” компаниас лавлахад, “Үнийн тухайд, энэ жилийн махны үнийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулж буюу инфляцийн төвшин, макро эдийг засгийн үзүүлэлтүүдээс тооцоолж гаргасан махны үнийн жишгийг барьж байгаа. Махны чанарын хувьд, манай компаниас иргэдийн хэрэгцээг бодолцож, гуя хааг ижил хувааж, өрөмдөж савлаж байгаа. Нэг нь илүү их ястай, нөгөө нь мах ихтэй гэсэн юм байхгүй” гэсэн тайлбар өгч байна.

Ямартай ч одоогоор жижиглэсэн 1 кг үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4850 төгрөг, хонины мах 5750 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд “Жаст Агро” компаниас долдугаар сарын 15-ныг хүртэл нийслэлчүүдийг нөөцийн махаар бүрэн хангахаас гадна нөөцийн махны үнийг цаашдаа нэмэхгүй байхыг амалж байна. Нийслэлийн хэмжээнд нөөцийн махтай холбоотой бүх гомдлыг 88046551, 88046552, 88046553 дугаарын утсанд авч байгаа гэдгийг сануулъя.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж